Хачигнаас урьдчилан сэргийлэх арга

Aдмин / Эрүүл мэнд

Хачиг. Хачиг нь үе хөлтний хүрээ(Arthropoda) , аалзны хэлбэртний (Arachnida) ангид багтана. Хачиг (Acari, Acarina) нь хөрс, ургамал, амьтан, хүний биед шимэгчлэн амьдардаг.

Дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг тэмдэглэгдсэн. Хачигны бие 0,1мм - 5мм, зарим том нь 2-3 см хүртэл хэмжээтэй .

Хачиг нь 4 хос хөлтэй шавж бөгөөд ихэнх хачиг бүрхүүлээрээ дамжин амьсгалдаг. Амны эрхтэн нь мэрэх болон сорох хэлбэртэй хөгжсөн. Цусны судасны систем нь муу хөгжсөн төдийгүй зарим төрөл нь зүрх байхгүй. Энэ амьтан хүйсийн тод ялгаатай. Хачигны хөгжил маш хувьсамтгай. Авгалдайн үедээ 3 хос хөлтэй, бие гүйцэх үедээ 4 хос хөлтэй болдог. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд вирус,нянгаа дамжуулан халдварлуулж өвчлүүлдэг.


Хачиг хэзээ идэвхждэг вэ? Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан 4-р сарын сүүл 5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал буюу 4-8 дугаар сар юм. Ургамал модны шүүс хангалттай биш үед түүний гол идэш тэжээл нь хүн, мал, амьтны цус юм.


Хачиг биеийн аль хэсэгт дуртай вэ? Суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор зэрэг нимгэн арьстай чийглэг газарт байрлаж хаздаг. Улмаар бие рүү гүн шигдэж ордог.


Хачигт хазуулах магадлал ямар үед их болдог вэ? Ой, хээр зугаалах, зусланд гарах, хөдөө ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур бэлтгэх үед ихэвчлэн хачигт хазуулдаг Хачиг нэг

хазалтаар 30 гаруй аюултай өвчнийг дамжуулдаг.


Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгаар дамжин халддаг 3 төрлийн өвчин бүртгэгдсэн .Эдгээр өвчнийг хачиг халдварлуулан тараадаг. Хачиг нь ойн зэрлэг болон вирусын халдвартай амьтны цусыг сорох үедээ халдвар авдаг бөгөөд хөгжлийн дараагийн үе шатандаа хүний болон эрүүл амьтны цусыг сорох үед халдварыг дамжуулдаг .Халдвар авсан хачиг амьдралынхаа туршид вирусыг биедээ тээх ба эдгээр өвчин үүсгэгч нь хачгийн хөгжлийн аль ч үед үрждэг. Хачигны шүлсэнд агуулагдах өвдөлт намдаах бодисын нөлөөгөөр хүн, амьтад хачиг хазах, цус сорохыг мэдэрдэггүй. Хачиг нь маш богино хугацаанд цус сорж вирус болон нянг халдварлуулах бөгөөд халдварт өртсөн хүмүүс хачиг хазсаныг тэр бүр мэддэггүй байна. Хачиг нь амьдралынхаа мөчлөгийн турш бие гүйцэх хүртлээ 3 удаа цус сордог. Хачигны амьдралын идэвхтэй үе нь 4-11 дүгээр сар юм. Хачгаар халдварладаг 3 төрлийн өвчнийг авч үзье


Хачигт риккетсиоз өвчин: Манай иргэдийн дунд энэ өвчнийг халдварлуулдаг хачгийг “малын хачиг” гэж нэрлэдэг (1 дүгээр зураг)

1 дүгээр зураг. Dermacentor nuttalli хачиг

Хачигт риккетсиозын дамжуулагч нь (Dermacentor nuttalli) зүйл хачиг.
Бэлчээрийн энэ хачиг нь жил бүрийн 3 сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархдаг. Хачиг нь 5 сарын эхээр эзэн амьтанд шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл 3 сарын сүүлч 4-р сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшиж, риккетсээр халдварлагдсан хачиг хүнийг хазаж халдварлуулдаг. Хачигт хазуулж халдвар авсан хүн хачиг хазсанаас хойш ( 3-7) хоногийн дараа халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах, тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хачигт хазуулсан хүн бүр риккетсиозоор өвчлөхгүй. Зөвхөн риккетси гэдэг нянгаар халдварлагдсан хачигт хазуулсан хүн хачигт риккетсиоз өвчнөөр өвчилдөг.

Хачигт боррелиозыг дамжуулагч нь (Ixodes persulcatus) зүйл хачиг. Өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, Төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг. Гол шинж нь толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин, үе мөчөөр өвдөх, биеэн дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.Хачигт боррелиоз, хачигт энцефалит өвчнүүд нь нэг төрлийн (Ixodes persulcatus)

2 дугаар зураг. Ixodes persulcatus хачиг

хачиг халдварлуулан тараадаг.Энэ хачгийг тээгчид нь чоно, үнэг, буга, бор гөрөөс, үхэр, ямаа, хонь, нохой, оготны төрлийн мэрэгчид юм. Энэ хачигт хазуулсанаас хойш 7-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх шинж тэмдэг илэрдэг. Гол төлөв гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хачиг хазаж, улайлт үүсгэнэ.Хачигт боррелиозын үед хачиг хазсан газарт үүссэн цагираг хэлбэрийн улайлт нь эмчилгээ хийхгүй тохиолдолд үе мөч, зүрх, төв мэдрэлийн системийн өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учран, тахир татуу болох тохиолдол байдаг.

Хачигт энцефалит өвчин нь хүний төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг вирусын гаралтай өвчин. Вирусээр үүсгэгдэж хачгаар зөөвөрлөгдөн ихэвчлэн төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг халдварт өвчин юм. Халдвар авсан хүн дараах 3 хэлбэрээр өвчилнө:

1.Миненгит буюу тархи нугасны гадаргуу дахь мембараны үрэвсэл

2.Энцефалит буюу тархины үрэвсэл

3.Миненгоэнцефалит буюу тархи болон тархи нугасны зөөлөн бүрхүүлийн үрэвсэл үүсдэг. Мэдрэлийн өвчин гэх боловч хөнгөн халуурах хэлбэрээр өвчилдөг тохиолдол ч байдаг.Халдварын эзэн амьтад нь буга,туулай, ямаа, үхэр, хонь, нохой зэрэг 250 гаруй хөхтөн амьтад,100 гаруй шувуу юм. Эдгээр нь халдвар авах боловч өвчлөхгүй халдварын эх уурхай болдог.Халдвар дамжуулагч нь хачигууд юм.Манайд ойн Ixodes persulcatus зүйл хачиг эдгээр өвчнийг халдварлуулан тараадаг .Өвчлөгсөдийн 80% нь (цусаар) энэ хачигт хазуулах замаар, 20% нь (хоол боловсруулах замаар) халдвар авсан ямаа, үнээний дутуу боловсруулсан сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээр халдварлана. Энэ хачиг нь 5 сарын эхээр идэвхжиж, ой модтой газруудад аялж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, ургамал түүх үед хүнийг хазаж халдварлуулан өвчлүүлдэг.

Манай орны Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачгийн 71 байгалийн голомт байгааг судлаачид тогтоосон байдаг. Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулсанаас хойш 7-14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.Харин хүнээс хүнд халдвар дамжихгүй.

Хачигнаас урьдчилан сэргийлэх арга. Гялгар гадаргуутай, тод хурц өнгөтэй аялалын хувцас сонгож биеийн ил гардаг хэсгүүд буюу толгойгоо битүүлж аль болох түрийтэй гутал өмсөх

Хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, зорчих тохиолдолд хачигт энцефалитын эсрэг вакцин тариулах.

Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах , хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах
Эмнэлэгт хандах боломжгүй газар хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авах.

Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийх.
Ямаа, үхрийн түүхий сүү уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байх


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.