Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг илүү үр ашигтай, нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн хурд, чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буйг онцлов. Мөн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нийслэлийн тэргүүлэх зорилтын нэг болохыг илэрхийллээ.
Дэлхийн банкны техникийн хяналтын төслийн баг Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм. Үүнд Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги, Авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөө, Нийтийн тээврийн стратеги, Хурдны менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг багтаж байна.
Улаанбаатар хотод замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг асуудал тулгамдсан хэвээр байгаа бөгөөд ухаалаг тээврийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг талууд онцолсон юм. Иймээс авто замын дэд бүтэц, нийтийн тээвэр, ухаалаг тээврийн систем, хөдөлгөөний удирдлага, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгааг нийслэлийн төлөөлөл илэрхийллээ.
Уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр оролцсон бөгөөд Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд Яармаг, Нарны зам, Сэлбэ гол, Өнөр хороолол, Баянхошуу чиглэлийн авто замуудыг гол замын сүлжээтэй уялдуулан цогцоор нь хэрэгжүүлж байгааг онцлов. Мөн Сэлбэ гол дагуух авто замын өнгөн хучилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн талаар мэдээлэв.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




























































Сэтгэгдэл