Г.Дамдиннямаас эхлээд Н.Учралын дараах Ерөнхий сайдад уруул дэвсээд уналаа...
Тамхины цэгийн Товч мэдээ:
Амьдрал олон өнгө. Бид ч өөр өөр хардаг байх. Гэлээ гэхдээ нэг байх ёстой юм хоёр өөр байгаад байх. Жишээ нь: Том дарга нарын хийж байгаа, ярьж байгааг харахнээ Монголын амьдрал мундаг байх шиг. Хаа сайгүй орчин үеийн эмнэлэг нээгдэж, хөдөө гадаа өртөө буудлууд нь ногоороод, улс даяараа цахимжаад, энэ Монгол орон идэвхтэй хөгжөөд, иргэд бид жаргаж байгаа л гэмээр. Харин ард нийт, мань шиг юмнуудаа харахаар амьдрал дордын дорд орчихсон. Хоолны мах тэнгэрт тулсан үнэтэй, машины бензин хэмжээ хязгаарт орох шахсан. Бизнес хийе гэхээр төрийн татвар, хүнд суртлын дарамтыг нь дийлэхэд хүнд. Бичиг баримт хөөцөлдсөн ч төрийн албаныхны ярвайлтыг даахад хэцүү. Дарга нар: Та нарыг гоё амьдруулж байгаа шүү гэж хуураад байна уу, бид гоё байгаагаа мэдэхгүй байна уу. Магадгүй: Дарга нар өөрсдийнхөө амьдралыг ярьдаг байх. Бодитойг ярихад: Нам дагаж, төрд орсон нь сайхан амьдардаг бичигдээгүй жишиг нэгэнт бий болж. Тэгсэн нь мөрөөдөлтэй ч, мөнгөтэй ч байна. Тэрхүү бандгар нөхдүүд бандгар жийптэй, бандгар байшинтай, бандгар түрийвчэй. Амьдрал нь тэр чигтээ бандгар. Намгүй, төргүй нь мах, талхаа яаж авах вэ, бензин тосоо яасхийж олох вэ гэхээс хэтрэхгүй эвхийсэн өлсгөлөн юмнууд. Энэ л хоёр систем 99:1 харьцаатай байна, Монголд.Энийг МАН-ынхан даан чиг тоох гүй. 24 оноос хойш гурван засаг сольсон. Одоо дөрөв дэх нь дуншиж байна. Уулаасаа Н.Учрал Ерөнхий сайдын хувьд Г.Занданшатарыгаа гүйцэхгүй, Л.Оюун-Эрдэний-гээ бүрчиг бараадахгүй гэдгээ Ерөнхий сайдаар 92 хоног ажиллахдаа хангалттай л харууллаа. Монгол гэдэг улс болохоос тоглоом биш. Одоо Н.Учралыг солихгүй бол улсын том асуудлууд жижигрэх, бүдгэрэх байтугай уусаж алга болоод дуусах нь. Амьдрал үзсэн, хал үзсэн, халуун чулуу долоосон улстөрч гэдэг сайнтай, муутай хэлэгддэг ч улсад хэрэгтэй л хүн байдаг. МАН гэхдээ энийг хожуу боловч ойлгож байгаа шинжтэй. Тамхины цэгийн мэдээгээр: АН-ын гарын үсэгтэй бичиг УИХ-д орж ирэхэд Н.Учралыгаа унагахаар төлөвлөж. АН-ын 41, эсхүл 42 гишүүн зурна. Тэрэн дээр МАН-ын 30-аас дор хаяж 20 нь зурна. 4-5 гишүүн УИХ-д байдаг үлдсэн гурван намаас гарна. Тэгээд 64 хүрнэ. Ерөнхий сайдыг солиход хоёр тал байдаг гэж онолчид үздэг, амьдрал нотолсон. Юу гэж гэвэл нь: Зүгээр ажлаа хийж байгаа Ерөнхий сайдыг унагахаар бодлогын залгамж халаа алдагдах, улс төрийн тогтворгүй байдал үүсэх, төсөв, зардал нэмэгдэх сөрөг юмнууд гардаг талтай. Харин уулаасаа болохгүй байгаа Ерөнхий сайдыг солих нь улсад хэрэгтэй. Муу Ерөнхий сайдыг солих нь улс төрийн хувьд бодлого, засаглалын шинэчлэл буюу цус сэлбэлт болох боломжтой. Нэмээд: Шинэ Ерөнхий сайдаас шинэ санаачилга гарна. Хариуцлага тооцох асуудал яригдаж, ард нийтийн хяналт бэхэждэг. Гол юм нь ард нийтийн төрд итгэх итгэл түр зуур ч болов дээшилнэ. Энэ мэт үндэслэлийн дор Н.Учрал унахад 36 дахь Ерөнхий сайдаар Б.Жавхлан томилогдох мэдээ байна. Уулаасаа ийнхүү яригдаад удсан. Улс төр хавиар нэвт явсан хуучин мэдээ. Б.Жавхлангийн сүүл үеийн улс төр, үйл ажиллагаанууд энэ рүү чиглэж илтэд мэдэгдэж байгаа. Мөнхүү: Б.Жавхланг Ерөнхий сайд болгож, зам харгуйгаа тэгшилж яваа бүхэл бүтэн команд байгаа. Тэр нь: Амаараа хэлэхгүй ч ажлаараа Ерөнхийлөгчид нэр дэвшээд яваад байгаа Г.Занданшатар, түүний арыг даадаг баян улстөрч найзуудаас бүрдсэн команд. Хэрэвзээ Б.Жавхлан сул байвал 27 онд Ерөнхийлөгчид дэвших шаанс ихтэй тул Ерөнхий сайд болгоод авбал Г.Занданшатар МАН-даа бараг өрсөлдөгчгүй болно. Энийг олж харсан учраас Г.Занданшатарын команд аль хэдүйнээс хойш ажиллаад ажлаа бараг амжуулсан. Тэгэхлээр хаа хаанаа АН-ын гарын үсэгтэй бичгийг хүлээж буй. Тэрүүгээр нь харвал: Н.Учрал унах нь, Б.Жавхлан 36 дахь Ерөнхий сайд болох нь цаг хугацааны асуудал. Тиймийн учраас Н.Учралын танхимын зарим сайд дараагийн арга аяа олох гээд үзэж байх шиг. Жишээ нь: Г.Дамдинням: Оюу толгойн гэрээг зогсоогоод ч болов сайжруулж өөрчлөх ёстой гэсэн Б.Жавхлан гишүүнтэй санал нэг байгаа. Засгийн газар хэлэлцээрт орохдоо ч ийм л зарчмын саналтай байсан. Үүн дээрээ хатуу зогсож байгаа гэж нийтэд хандаж ярив. Жанцан нь уржигдар УИХ-ын гишүүн, 36 дахь Ерөнхий сайдад яригдагч Б.Жавхлан: Оюу толгойн гэрээг одоо зогсоогоод ч болов сайжруулахгүй бол оройтно. Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулбал 2.2 тэрбум, зээлийн хүүг нэг нэгжээр бууруулбал 2.7 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой. Жижиг зардлаа бууруулаад том зардлаа хэвээр үлдээчихсэн. Хохирол багатай гарна гэсэн гэнэн тооцооллоор бид хандаж болохгүй. Тэртэй тэргүй бид хохирчихоод байна гэсэн. Тэрнийг нь Г.Дамдинням татаж ирээд Б.Жавхланд уруул дэвссэн нь энэ. Г.Дамдинням, Б.Жавхлан хоёр Дарханых. Хэрэвзээ Б.Жавхлан Ерөнхий сайд болчихвол Г.Дамдиннямыгаа тэргүүн Шадар сайдаар дэвшүүлэх, ядах нь ээ энэ хэвэнд нь үлдээж магад. Ийнхүү Г.Дамдинням горьдоод байгааг ойлгож түвдэх юм алга. Яг ингэдэг жишээ сүүл үеийн хоёр засагт гарсан. Ерөнхий сайдаа унагахад сайд нар нь оролцоод дараагийн засагт үлддэг. Энийг Н.Учрал маш сайн мэднэ.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Ө.БАТБИЛЭГ
































































Сэтгэгдэл