А.Энхбаяр: Хүүхэд, залуус хүн амын дунд хэрэглэдэг энгийн тариаг урвуулан ашиглаж, мансуурч байна
Хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч А.Энхбаяртай ярилцлаа.
-"Олон улсын мансууралтай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй арга хэмжээний талаар ярихгүй юу. Зорилго, онцлог нь юу вэ?
-”НҮБ-ын Ерөнхий Ассамблей”-аас жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг 1987 онд шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн улс орнууд 39 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд Хар тамхитай тэмцэх алба, ГЕГ, ХХЕГ-ууд хамтран Улаанбаатар хотод Чингис хаан олон улсын нисэх буудал, орон нутагт Өмнөговь аймгийн боомтод, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх, мэдлэгжүүлэх юм. Тиймээс иргэд мэдээлэл авах нь нээлттэй.
Чингис хаан нисэх буудлаас гадна хилийн боомтод зохион байгуулж байгаа шалтгаан нь юу вэ?
-Монгол Улсаас орж, гарч байгаа цэгүүдэд ихэвчлэн зохион байгуулдаг шалтгаан нь хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэгч болж гэмт хэрэгт холбогдсон тохиолдол маш их гардаг. Тухайлбал, Монгол Улсын 47 иргэн өнөөдрийн байдлаар гадны улс, орнуудад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байна. Шалтгаан нь санаатай болон санамсаргүй үйлдлээр хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэгч болчихдог. Тухайн улсын хилийг давуулж мансууруулах бодис тээвэрлэх, эсвэл ямар нэгэн улсаас манай улс руу чиглэсэн тээвэрлэлт хийж байна гэсэн үг. Тиймээс "Бусдын дайвар ачаа, эд зүйлийг битгий авч яваач ээ" гэдгийг иргэддээ сануулмаар байна. Нэг үеэ бодоход манай улс дэлхийн ихэнх улс орнууд руу шууд илгээмж явуулах, хүлээж авах боломжтой болчихсон. Мөн гадагшаа явах үед хэн нэгэн "үүнийг аваад явчих" гэхээр манайхан юу ч бодохгүй аваад ирдэг. Ийм тохиолдлын улмаас гадны улс оронд таван жилээс бүх насаараа хорих ялаар шийтгэгдсэн манай улсын хүмүүс цөөнгүй байгаа. Ийм учраас "Олон улсын мансуурлын эсрэг өдөр"-өөр иргэдэд энэ талаар таниулах, мэдээлэл өгөх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
-Синтетик төрлийн бодисоос гадна дотоодод ургадаг өвс ургамал болон эмийн тунг хэтрүүлж хэрэглэн мансуурч байна гэх мэдээлэл байдаг. Энэ талаар сүүлийн үеийн ямар мэдээлэл байна вэ?
-Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой үйлдэгдэж байгаа гэмт хэргийг 100 хувь гэж авч үзвэл 70 орчим хувийг нь дотоодод ургадаг ургамалтай холбоотой хэрэг эзэлдэг. 30 орчим хувь нь улсын хилээр хууль бусаар нэвтэрч орж ирж байгаа синтетик бодистой холбоотой гэмт хэргүүд эзэлдэг. Дотоодод ургаж байгаа ургамал бол хар тамхи, мансууруулах бодисын агууламжтай, хориглосон ургамал мөн. Иргэдийн дунд эмчилгээ, эрүүл мэндийн зориулалтаар эдгээрийг хэрэглэдэг гэсэн сөрөг, буруу ойлголтоос улбаалсан ам дамжсан яриа нэлээд байдаг. Эдгээр ургамал нь НҮБ-ын 1961, 1971 онд батлагдсан хүн хэрэглэхийг хориглосон жагсаалтад багтсан бодисыг агуулсан байдаг. Ямар нэгэн байдлаар ардын эмчилгээ, эрүүл мэндэд хэрэглэдэггүй. Хэрэглэх боломж ч байхгүй. Эдгээрээс үүдэж ургамлын хэрэглээ, тархцын асуудал газар авсан байна. Энэ ургамлыг Хар тамхитай тэмцэх алба орон нутагтай хамтраад жилд хоёр удаа устгалын ажлыг зохион байгуулдаг боловч үр дүн хангалтгүй байна. Учир нь тухайн ургамлын өөрийнх нь шинж чанараас шалтгаалдаг. Ургамлын үр нь газрын хөрс голохгүй ургадаг. Нэг ширхэг үр нь газрын хөрсөнд 40 хүртэлх жил амьдрах чадвартай, зэрлэг байдлаар ургадаг учраас ямар нэгэн асаргаа, тордолгоо шаарддаггүй. Ийм учраас төдийлөн үр дүнд хүрдэггүй. Гэхдээ олон жилийн устгалын үр дүнд хэд хэдэн аймгуудын нутаг дэвсгэрээс бүрэн устгасан.
-Хар тамхи хэрэглэгчдийн нас жил ирэх тусам залуужиж байгаа талаарх мэдээлэл бий. Үүнд юу хамгийн их нөлөөлж байна вэ?
-Хүүхэд, залуусын хувьд хүн амын дунд хэрэглэдэг энгийн тариаг урвуулан ашиглан мансуурч байна. Ямар нэгэн байдлаар эмийн гаж нөлөө гэж зүйл бий. Жишээлбэл, харшлын эм уугаад нозоорч байвал энэ нь эмийн гаж нөлөө. Эмийн гаж нөлөөг урвуулан ашиглаж мансуурах тохиолдлууд 2018 оноос хойш хүүхэд, залуусын дунд дэлгэрсэн. Ингээд хамааралтай болж, улмаар донтолтод хүрдэг. Энгийн эмчилгээнд хэрэглэдэг эмийг тарианы усаар найруулж байгаад судсаараа тарьж байна. Ходоодоор орох зориулалттай эм судсаар орохоор артери, венийн судасны бөглөрөл үүсгэдэг. Улмаар гар, хөлөө тайруулж байгаа тохиолдлууд маш их байна. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдийнхээ эмийн хэрэглээнд маш сайн анхаарах хэрэгтэй. Таны хүүхэд ямар нэгэн байдлаар эмийн төрлийн зүйл хэрэглэх шаардлага үүсвэл заавал эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо хэрэгтэй байдаг. Харин таны хүүхэд өөрийн дураар эмийн чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байвал эрсдэл дагуулж болзошгүй. Мөн ахуйн хүрээний газ, цавуу, будаг шингэлэгч мэт зүйлийг үнэрлэн, мансуурч байгаа тохиолдлууд нэлээд байна. Хамгийн гол нь манай дээр шалгагдаад явж байгаа хүмүүсийн 80 гаруй хувийг 13-35 насны хүүхэд, залуус эзэлдэг. Энэ бол ид хийж бүтээх, сурч боловсрох насны иргэд шүү дээ. Тэгэхэд ийм тоон мэдээлэл байгаа нь маш харамсалтай. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч нар өөрсдөө энэ төрлийн мэдлэг, мэдээлэлтэй байвал хүүхдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой. Хар тамхины хор уршгийн талаар мэдэж ойлгоё гэвэл мэдээлэл авах боломж цахим орчинд хангалттай бий.
-Мансууруулах бодис хэрэглэсэн бол бие махбод болон зан төлөвийн хувьд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Сэтгэл зүйн байдал маш тогтворгүй болдог. Маш их сэтгэл гутралд орно. Энгийн хэллэгээр, ямар нэг зүйлээс цочимтгой болно. Айж, бухимдан зан төлөвийн өөрчлөлт гэдэг зүйл ажиглагдаж эхэлдэг. Өсвөр насны хүүхдүүдэд зан төлөвийн өөрчлөлт илэрдэг. Харин энэ зүйл байж болох хэмжээнээс давж эхэлнэ гэсэн үг. Ингэвэл аюултай нөхцөл байдал бий болно. Нүдний хувьд салст бүрхэвч буюу цагаан хэсэг маш их хэмжээгээр үрэвсэж улайна. Энэ шинж тэмдэг олон хоног үргэлжилнэ. Мөн ямар төрлийн бодис хэрэглэж байгаагаас хамаараад нүдний хүүхэн хараа өргөсдөг, эсвэл нарийсдаг. Гэрэлд хариу урвал үзүүлэх боломжгүй болдог. Хөдөлгөөний хувьд эвсэлгүй, согтуу мэт биеэ авч явж эхэлнэ. Гар, хөл, судсан дээр зүүний цэгэн зам, сорви байгаа эсэхийг ажигладаг байх хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ эд зүйлийг шалгаж үзээд, эм тарианы капсулууд, тарианы усны шил, тариур, тугалган цаас, хуульсан мөнгөн тэмдэгт, соруул, хатаасан өвс мэт зүйл байвал эрсдэлтэй байдалд байна гэсэн үг.
-Олны танил хүмүүсийн хар тамхины хэрэглээнээс улбаалан хүүхдүүдэд үзүүлж байгаа нөлөөллийн асуудал байнга хөндөгддөг. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Олны танил хүмүүсийн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг цахим орчинд сэтгүүлчид гаргаж тавьдаг. Манайхаас хувь хүний мэдээлэлтэй холбоотой учраас ямар нэгэн байдлаар хүний нэр зааж мэдээлэл өгдөггүй. Дуучид, реппер, артистууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд байдаг. Хамгийн аюултай нь манай дээр холбогдож, шалгагдаж байгаа өсвөр насны хүүхдүүдээс мэдүүлэг авах явцад "Энэ төрлийн бодисыг хэрэглэх санаа, сэдлийг хаанаас асван бэ" гэж асуухад "Сонсдог дуучныхаа уран бүтээлээс авсан" гэж хэлдэг. Мөн "Миний шүтэн биширдэг урлагийн хүн ийм зүйл хэрэглэдэг гэж сонссон учраас даган дуурайсан" гэж ярьдаг. Үүнээс улбаалан өсвөр насны хүүхдүүд хар тамхийг хэрэглээд, “Ингээд явж байж болдог юм байна” гэх ойлголтыг авч байна. Насанд хүрсэн хүмүүс болохгүй зүйл гэдгийг нь хараад ойлгоно шүү дээ. Харин өсвөр насны хүүхдүүд тэгж ойлгохгүй, эсрэгээр нь боддог. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд хүүхэд тань ямар дуучин, урлаг соёлын хүнийг даган дуурайж байгааг мэдэх шаардлага үүсч байна.
ЭХ СУРВАЛЖ ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАРМАА






























.jpg)




















.jpg)














Сэтгэгдэл