Р.Сэддорж: Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг авч яваа малчин өрхийг төр анхаарах ёстой
УИХ-ын гишүүн Р.Сэддоржтой малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол болон орон нутагт тулгамдаж байгаа ганц бие малчдын асуудлаар ярилцлаа.
-Та Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Энэ хуулийн төслийг боловсруулах болсон гол шалтгаан юу вэ?
-Монгол Улс хүний хөгжил төвтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд боловсролын салбарын эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох хэрэгцээ үүссэн. Судалгаанаас харахад боловсролын хүртээмж, чанар, тэгш байдлыг сайжруулах, сургалтын зохион байгуулалтын тогтолцоог шинэчлэх шаардлага байгаа. Ялангуяа малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших боломжтой холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна.
-Малчин өрхийн хүүхдийн боловсролын асуудалд ямар хүндрэлүүд байна гэж үзэж байгаа вэ. Нөгөөтэйгүүр малчин өрхүүдээс санал, судалгаа нэлээд их авсан байх...?
-Одоогийн хуулиар хүүхэд зургаан наснаасаа сургуульд элсдэг. Харин малчин өрхийн хувьд энэ нь амьдралын онцлогтой нь зарим талаар зөрчилдөж байна. Хүүхдээ сургуульд оруулахын тулд ээж нь сумын төвд суурьших, аав нь хөдөө мал дээрээ үлдэх тохиолдол олон байдаг. Үүнээс шалтгаалж гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө бий болох, өрхийн аж ахуй доголдох зэрэг асуудал гарч байна. Бид өнөөдөр Монголын хөдөө нутаг, нүүдэлчин ахуй, малчдын залгамж халаа, гэр бүлийн тогтвортой байдлын тухай ярьж байгаа юм. Миний хувьд сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа боловсролын тогтолцоог эргэн харах шаардлага бий гэж үздэг. Зургаан настай хүүхэд гэдэг бол ээж, аавынхаа хайр халамжаас бүрэн холдож, бие даан амьдрах хэмжээнд хүрээгүй нас. Ялангуяа малчин өрхийн хүүхдүүдийн хувьд энэ насанд аав ээжээ дагаж мал ахуйгаа мэдэх, байгаль дэлхийтэйгээ ойр өсөх, хөдөлмөрийн хүмүүжил эзэмших, амьдралын ухаанд суралцах маш чухал үе байдаг. Үүний цаана зөвхөн боловсролын асуудал биш, хөдөө нутаг эзгүйрэх, малчин өрхийн залгамж чанар алдагдах, гэр бүлийн харилцаа суларч холдох зэрэг олон асуудал дагаж гарч ирж байна.
-Нэг хэсэг хүүхэд найман настайдаа нэгдүгээр ангид ордог байсан. Тухайн үед малчин өрхийн хүүхдүүд шууд дотуур байранд амьдарч байсан нь насны хувьд боломжтой гэж ярих хүмүүс их байна. Үүнтэй та санал нэг байна уу?
-Бидний үеийнхэн найман настайдаа нэгдүгээр ангид ордог байсан. Тэр хүртэл аав ээжийнхээ дэргэд өсөж, мал ахуйгаа мэддэг, ажил хөдөлмөрт суралцдаг, биеийн болон сэтгэл зүйн хувьд илүү төлөвшсөн байдаг байлаа. Найман нас хүрсэн хүүхэд дотуур байранд ороод өөрийгөө авч явах, багшийн заасан хичээлийг ойлгох, хамт олонтойгоо дасан зохицох чадвар нь өнөөдрийн зургаан настай хүүхдээс харьцангуй өөр түвшинд очсон байдаг.
Хүүхэд гэдэг зөвхөн анги танхимд сууж байж хөгждөггүй. Амьдрал дунд, хөдөлмөр дунд, гэр бүлийн хүмүүжил дунд төлөвшдөг. Малчин өрхийн хүүхэд хоёр жилийн хугацаанд байгальтай харьцах, мал маллах арга ухаан сурах, ахмад үеийн мэдлэг туршлагыг өвлөх, бие даах чадвар эзэмших асар их боломжтой байдаг. Малчин өрх өөрөө өвөрмөц сурах орчин юм.
-Өнөөдөр бид нүүдэлчин соёл иргэншлээ дэлхийд гайхуулж ярьдаг хэрнээ түүнийг өвлөж авах дараагийн үеэ өөрсдөө алдаад эхэлсэн юм биш биз гэсэн асуулт гарч ирж байна...?
-Өвөг дээдсээс уламжилж ирсэн малч ухаан, нүүдэлчин ахуй, амьдрах арга барил хүүхдийн хүмүүжилтэй хамт өвлөгдөх ёстой. Тиймээс найман настайдаа танхимаар суралцах боломжийг малчин өрхийн хүсэлтээр нээж өгөх нь боловсролоос ухарч байгаа хэрэг биш. Харин Монгол орны онцлог, нүүдэлчин ахуй, малчин өрхийн бодит нөхцөлд тохирсон сонголтыг бий болгож байгаа хэрэг гэж харж байна. Цаашлаад энэ асуудал зөвхөн малчдад хамаарахгүй. Хил хамгаалалт, уул уурхай, тариаланчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон алслагдсан бүс нутагт урт хугацаагаар ажилладаг төрийн албан хаагчид, ажилчдын хүүхдүүдэд ч мөн адил тулгамдаж байна. Иймээс хүүхдийн эрх ашиг, гэр бүлийн тогтвортой байдал, орон нутгийн хөгжлийг цогцоор нь харсан уян хатан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
-Тиймээс хуулийн төсөлд ямар өөрчлөлт тусгаж байгаа вэ?
-Малчин эцэг,эхийн хүсэлт, сонголтоор 6-7 настай хүүхэд буюу 1-2 дугаар ангийн боловсролыг гэрээр, хувилбарт сургалтаар эзэмшүүлэх, улмаар гуравдугаар ангиас нь сургуульд элсүүлэн суралцуулах боломжийг бүрдүүлэхээр тусгаж байна. Өөрөөр хэлбэл, малчин өрхийн хүүхдийн нэг, хоёрдугаар ангийн сургалтыг зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгохоор төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр малчдад, малчдын хүүхдүүдэд сонголт олгож байгаа юм. Малчин айлын 6-7 настай хүүхэд заавал гэрээр боловсрол эзэмшинэ гэсэн тулгасан заалт байхгүй. Үнэхээр сумандаа, сургуульдаа ойрхон эмээ, өвөө, ах, эгч, хамаатан садан байдаг малчин өрхүүд бий. Эдгээр өрхийн хувьд хүүхдээ сургах нөхцөл нь өөрчлөгдөхгүй, хэвээрээ үлдэнэ.
-Малчин өрхийн хүүхдийн сургалтыг нэг, хоёрдугаар ангид зайн болон хувилбарт хөтөлбөр хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлэх талаар хүмүүс янз бүрээр байр сууриа илэрхийлж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Мэдээж хот суурин газрын нөхцөл байдал, хөдөө орон нутгийн нөхцөл байдал хоёр өөр. Хотын хүүхдүүд зургаан настайдаа сургуульд орж, эцэг эхийнхээ дэргэд байж, өдөр бүр сургуульдаа яваад суралцах боломжтой. Харин малчин өрхийн хүүхдүүдийн хувьд сургуульд орохтой зэрэгцэн гэр бүл нь хоёр талд хуваагдах асуудал үүсдэг. Тиймээс малчин өрхийн хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалт хийх нь зөв гэж үзсэн. Энэ нь боловсролын чанарыг бууруулах тухай асуудал биш. Харин Монгол орны онцлог амьдралын хэв маягт тохирсон шийдэл юм. Өнөөдөр технологийн хөгжил, цахим орчин, зайн сургалтын боломжууд бий болсон. Үүнийг зөв ашиглаж чадвал хүүхэд нутаг усандаа, эцэг эхийнхээ дэргэд байж боловсрол эзэмших боломжтой. Бидний үеийнхэн зургаа, долоон настайдаа аав ээжийнхээ дэргэд үсэг нүдэлж, тоо бодож сурдаг байсан. Зарим нь нэгдүгээр ангид орохдоо холбоод уншчихдаг, биеэ авч явах чадвартай болсон байдаг байлаа. Мэдээж өнөөдрийн нийгэм тэр үеэс өөр болсон. Тиймээс яг хуучин тогтолцоог тэр чигээр нь сэргээх тухай биш, харин орчин үеийн боловсролын боломжийг ашиглан хүүхдийг гэр бүлийн орчинд нь хөгжүүлэх тухай ярьж байгаа юм. Энэ хүрээнд боловсролын чиглэлээр суралцаж буй дадлагын оюутнууд, орон нутагт ажиллаж байсан туршлагатай ахмад багш нарын оролцоог ашиглаж болно. Зайн болон цахим сургалтыг чанартай зохион байгуулж, хүүхэд бүртэй тулж ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал. Миний хувьд энэ нь хот, хөдөөгийн ялгаатай нөхцөлийг харгалзан үзсэн, хүүхдийн эрх ашиг, гэр бүлийн тогтвортой байдал, малчдын амьдралын онцлогийг зэрэг бодолцсон зөв шийдэл гэж харж байгаа.
-Нөгөөтэйгүүр малчдад илүү том нийгмийн хүндрэл байгаа тухай орон нутгийн иргэд ярьдаг. Тухайлбал, хөдөө орон нутагт ганц бие эрчүүд олширч байна гэсэн асуудал бий. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Мэдээж энэ асуудлыг бодитойгоор хүлээн зөвшөөрөх цаг болсон. Өнөөдөр бид зөвхөн боловсролын тухай ярьж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ Монголын хөдөө орон нутагт хүн амын бүтэц, гэр бүлийн тогтолцоо, мал аж ахуйн залгамж халаатай холбоотой томоохон өөрчлөлт явагдаж байна. Малчин айлын хүүхдүүд багаасаа хот суурин газар сургуульд явдаг. Их, дээд сургуульд суралцдаг. Үүний дараа хотод ажиллаж, амьдрах нь түгээмэл болсон. Ялангуяа охид бүсгүйчүүд хотод үлдэх хандлага эрс нэмэгдсэн. Харин айлын отгон хүү, эсвэл нэг эрэгтэй хүүхэд нь эцэг эхийнхээ мал сүргийг залгамжлан нутагтаа үлддэг. Ингээд насанд хүрэх үедээ гэр бүл зохиох боломж нь улам бүр хумигдаж байгаа юм. Өнөөдөр хөдөө сумдад очоод үзэхэд 30, 40 нас хүрсэн хэрнээ гэр бүл зохиож чадаагүй олон залуус байна. Энэ бол хувь хүний асуудал биш болсон. Монголын уламжлалт мал аж ахуйн ирээдүйтэй холбоотой асуудал болж хувирч байна.
-Энэ байдлыг зөвхөн хотжилтын үр дагавар гэж ойлгож болох уу?
-Хотжилт бол зөвхөн нэг шалтгаан нь. Үүнээс илүү гүн үндэстэй асуудал бий. Хөдөө орон нутагт эмэгтэйчүүд тогтвор суурьшилтай ажиллах ажлын байр хомс байна. Эрүүл мэнд, боловсрол, соёл, үйлчилгээний хүртээмж хоттой харьцуулахад сул байна. Залуу гэр бүл хүүхдээ өсгөх, өөрийгөө хөгжүүлэх, бизнес эрхлэх орчин ч хязгаарлагдмал хэвээр байна. Тиймээс залуу бүсгүйчүүдийн хувьд сонголт хийхэд хот нь илүү боломжтой харагдаж байгаа юм. Энэ бол тэдний буруу биш. Амьдралын чанар, хөгжих боломжоо харж байгаа хэрэг. Нөгөө талаар зарим судалгаанд архидалт, нийгмийн харилцааны хязгаарлагдмал байдал зэрэг эрсдэлүүд эмэгтэйчүүдийн болгоомжлолын нэг шалтгаан болж байгааг дурдсан байдаг. Ийм нөхцөлд хөдөө амьдрахыг хүсэхгүй байх нь ойлгомжтой асуудал.
-Тэгвэл энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна вэ?
-Миний бодлоор бид асуудлыг зөв оношлох ёстой. Энэ бол ганц бие эрчүүдийн асуудал биш. Хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийн асуудал. Тиймээс хамгийн түрүүнд залуу гэр бүлийг орон нутагт тогтвортой амьдрах нөхцөлөөр хангах бодлого хэрэгтэй. Жишээлбэл, залуу малчин гэр бүлд зориулсан орон сууцны хөнгөлөлттэй зээл, тохирсон инженерийн дэд бүтэцтэй хашаа, мал аж ахуйг технологижуулах тусгай санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Мөн сум бүрд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн чанарыг хотын түвшинд хүргэх бодлого зайлшгүй шаардлагатай. Хэрэв хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн асуудал сонголттой шийдэгдсэн бол залуу гэр бүлүүд нутагтаа үлдэх сонирхол нэмэгдэнэ.
-Зөвхөн эдийн засгийн арга хэмжээ хангалттай юу?
-Үгүй. Нийгмийн орчны шинэчлэл хамгийн чухал. Өнөөдөр бид малчдыг зөвхөн мал малладаг хүмүүс гэж харахаа болих хэрэгтэй. Малчин хүн бол бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч байх ёстой. Орчин үеийн техник технологитой, тогтмол орлоготой, хөдөлмөрийн ачаалал багатай мал аж ахуй хөгжих тусам залуучуудын сонирхол нэмэгдэнэ. Түүнчлэн соёл, спорт, чөлөөт цагийн үйлчилгээ, интернэт холболт, цахим үйлчилгээ зэрэг нь залуу үеийн амьдралын чанарыг тодорхойлдог болсон. Эдгээрийг хот хөдөөгийн ялгаагүй хүртээмжтэй болгох шаардлагатай гэж ойлгож байгаа.
-Хууль эрх зүйн хүрээнд ямар өөрчлөлт хийх боломжтой гэж харж байна вэ?
-Миний бодлоор Монгол Улсад "Хөдөөгийн хөгжлийн тухай" бие даасан цогц бодлого хэрэгтэй байна. Зөвхөн мал аж ахуй биш, хүн амын нутагшилт, гэр бүлийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийг цогцоор нь авч үзсэн эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай. Тухайлбал, хөдөө ажиллаж амьдарч байгаа залуу гэр бүлийг татвар, зээл, орон сууц, бизнесийн дэмжлэгийн бодлогоор урамшуулдаг тогтолцоо бий болгож болно. Мөн орон нутагт ажиллаж байгаа эмч, багш, инженер, малын эмч зэрэг мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг тусгайлан дэмждэг байх хэрэгтэй. Ингэснээр зөвхөн малчид биш, нийт залуу хүмүүс орон нутагт үлдэж ажиллах сонирхолтой болно. Хэрэв өнөөдрийн нөхцөл байдлыг орхивол ирээдүйд хөдөө орон нутаг эзгүйрэх эрсдэл бодитой нүүрлэнэ. Монголын уламжлалт мал аж ахуй бол зөвхөн эдийн засгийн салбар биш. Энэ бол монгол ахуй, соёл, өв уламжлал, хил хязгаарын аюулгүй байдлын үндэс юм. Тиймээс малчдын залгамж халааг хамгаалах, залуу гэр бүлүүдийг орон нутагт тогтвортой амьдрах нөхцөлөөр хангах, охид эмэгтэйчүүд нутагтаа ажиллаж амьдрах боломжийг нэмэгдүүлэх нь үндэсний хэмжээний бодлогын асуудал гэж үзэж байна. Монгол хүн нутагтаа сайхан амьдардаг байх нөхцөлийг бүрдүүлж чадвал ганц бие малчдын асуудал ч, мал аж ахуйн залгамж чанарын асуудал ч аяндаа зөв гарцаа олно гэж бодож байгаа.
-Ганц бие эрчүүд хөдөөд нэмэгдэх эсрэгээрээ хөдөө, орон нутагт амьдрах охид, эмэгтэйчүүд цөөрсөөр байвал наад зах нь архидалт, мөрийтэй тоглоом зэрэг нийгмийн сөрөг хандлагууд нэмэгдэх эрсдэлтэй гэдэг. Хамгийн том эрсдэл нь шинэ залуу гэр бүл бий болохгүй нь байна шүү дээ...?
-Тийм. Энэ асуудлыг зөвхөн "ганц бие эрчүүд олширч байна" гэж харах биш, хүн ам зүй, нийгмийн тогтвортой байдал, орон нутгийн хөгжлийн асуудал гэж харах хэрэгтэй. Хэрэв тодорхой сум, баг, орон нутагт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа хэт алдагдаж, гэр бүл зохиох насны эмэгтэйчүүдийн тоо эрс буурвал хэд хэдэн сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Тухайлбал, таны асуусан шиг гэр бүл зохиох боломж хумигдана. Хамгийн эхний бөгөөд том үр дагавар нь энэ. Ханиа олох боломж багассанаар гэрлэлт буурна. Үүнийг дагаад төрөлт буурна. Тухайн нутаг дэвсгэрийн хүн амын өсөлт саарч, цаашдаа хүн амын тоо цөөрөх эрсдэлтэй. Хоёрдугаарт, мал аж ахуй өвлөж үлдэх залгамж халаа тасрах аюул ч үүснэ. Гуравдугаарт, архидалт, ганцаардал, сэтгэл зүйн асуудал нэмэгдэнэ. Хүн бол нийгмийн амьтан. Гэр бүлгүй, тогтвортой харилцаагүй удаан хугацаанд амьдрах нь зарим хүмүүст ганцаардал, сэтгэл гутрал, амьдралын зорилго алдагдах мэдрэмж төрүүлдэг. Үүнийг дагаад архидалт, мөрийтэй тоглоом, бусад сөрөг зуршилд автах эрсдэл өсдөг талаар олон улсын судалгаанууд ч бий. Ялангуяа алслагдсан сумдад соёл, спорт, чөлөөт цагийн үйлчилгээ хязгаарлагдмал байдаг нь асуудлыг улам хүндрүүлдэг. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг, хүчирхийллийн эрсдэл нэмэгдэх магадлалтай. Нийгэм судлалын зарим судалгаанд залуу эрэгтэйчүүдийн хэт төвлөрөлтэй бүс нутагт зодоон, танхайрал, архитай холбоотой зөрчил, хүчирхийллийн түвшин өсөх хандлага ажиглагддаг гэж үздэг. Мэдээж бүх ганц бие эрчүүдийг ингэж ойлгож болохгүй. Гэхдээ хүн амын бүтэц алдагдах нь нийгмийн эрүүл уур амьсгалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН





.jpg)




















.jpg)







































Сэтгэгдэл