Шүүхэд улс төрийн нөлөө байдаг бол одоо арилна гэсэн итгэл төрж байна

Aдмин / Хууль

Шүүхэд улс төр нөлөөлөөд байна гэж харддаг. Энэ шинэ ч юм биш, хэзээнээсээ л тэгж хардаж ярьж бичдэг. Сая Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шинээр томилогдлоо. Үүнийг дагаад шүүхийн улс төрийн нөлөөлөл зөөлрөх байх гэсэн итгэл нийгэмд бий болж байна. “Телефон жаст” гэгч утсаар зааварлах, шууд дуудаж үүрэг өгөх гэх зэрэг юмнууд зогсоосой гэсэн итгэл их байгаа нь харагдана. Яг ийм юм болж байсан гэдгийг улстөрч С.Баярцогт олон удаа ярьсан. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр сая гарсан номдоо тодорхой дүрслэн харуулсан байдаг. “Байн байн утсаа авч Шүүх хурлаас гарч гүйгээд байсан нь цаанаасаа захиалгатай байсан биз” гэж бичсэн байдаг.

Шинэ Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогт гэдэг эрхэм болов. Аливаа газрын удирдлага солигдох нь тэнд шинэ уур амьсгал, шинэ үзэл баримтлал бий болж байна гэсэн үг.

Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор. Түүний ажилласан байдлыг харвал ийн аж.

1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,

2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,

2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан гэж намтарт нь дурджээ. Ажилласан байдлаас нь болсон ч юм уу ерөнхийдөө түүнийг “Эрүүгийн” талын биш, “захиргааны” талын хүн гэж ярьцгаадаг. Захиргааны талын хүн бол яллахаа түрүүнд тавьдаггүй, харин зөрчлийг арилгах тал дээр түлхүү байдаг гэсэн бодит сургамж бий. Дээрээс нь түүнийг “шударга” гэцгээдэг нь нэгийг хэлнэ. Улс төрийн захиалгаар шүүгдсэн гэж өөрсдийгөө үздэг, мөн нийгэм тэгж хардаг улстөрчдөөс сүүлийн жишээ гэхэд З.Энхболд, Б.Энх-Амгалан хоёр байна. УИХ-ын дарга асан З.Энхболдыг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд хатгагч хийж гэмт хэрэг өдүүлсэн гэх зүйл ангиар хоёр жил хорих ялаар шийтгэсэн. Тэр хоёр мэдүүлэхдээ “Хоорондоо ярих нь бүү хэл уулзаж ч үзээгүй” гэцгээдэг. Ийм байхад ял өгсөн нь “Улс төрийн захиалгатай байж магадгүй” гэсэн хар дагуулдаг. Тэгвэл дээд шүүхийн Ерөнхий шүүгч шинэ хүн боллоо, урд шүүсэн хэргүүдийг эргэж нягталж үзэх байх гэсэн итгэл бий болж байна. Нэг хүн гараад өөрийн үзэмжээр шийддэг хууль шүүх гэж хаана байх вэ. Харин ямар нэгэн нөлөөлөл орсон эсэхийг л нягтлах байх гэсэн хүлээлт байгаа юм.

Ж.САНДАГДОРЖ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.