Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга
Энэ жилийг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөлсөн талаар албаныхан мэдээлээд байгаа билээ. Тэгвэл бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлөө цахимаар авсан эсэх, мөн ямар хүндрэл үүсч байгаа талаар сурвалжиллаа.
Бид эхлээд нийслэлийн төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Street Food” үйлчилгээ эрхлэгчидтэй уулзсан юм. Тэдний олонх нь тусгай зөвшөөрлөө цахимаар авчээ. Харин зарим иргэн энэ сард зөвшөөрөл хүссэн ч тухайн байршилд ажиллах эрхийн тоо дүүрсэн гэх шалтгаанаар хүсэлт нь шийдвэрлэгдээгүй талаар ярьж байлаа.
Ийнхүү “Streed food” ажиллуулдаг иргэн Г-ээс дараах зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манайх тусгай зөвшөөрлөө Чингэлтэй дүүргээс очиж авсан. “Ялалтын талбай”-д хоол үйлчилгээ эрхлэх зорилгоо хэлээд, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Ингээд энэ талбайд ажиллах эрхээ авсан. Тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл ажиллах эрхтэй” гэв. Мөн тэрбээр тусгай зөвшөөрөл авахын тулд нэлээд хүндрэлтэй байсан талаар дурдлаа. Тухайлбал, тухайн газрын эзэмшигчтэй уулзаж зөвшөөрөл авах, хог хаягдал тээвэрлэх үйлчилгээтэй гэрээ байгуулах, дүүргийн холбогдох байгууллагуудад бүртгүүлэх зэрэг шат дамжлага байдаг аж. Мөн орчны цэвэрлэгээ, тохижилтыг тогтмол хийх, цахилгааны асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байдаг гэв. Тэрбээр цахимаар хүсэлт илгээж үзээгүй, өөрийн биеэр очиж тусгай зөвшөөрлөө авсан аж.
Задгай талбайд үйл ажиллагаа явуулж байгаа зарим газар "Зуны түр худалдааны зөвшөөрөлтэй цэг" гэсэн зөвшөөрлийн хуудас ил наасан харагдлаа. Эзнээс нь тусгай зөвшөөрлөө хэрхэн авсан талаар асуухад "Манайх тавдугаар сард зөвшөөрлөө цахимаар авчихсан байсан. Гэхдээ өөрийн биеэр заавал очсон. "Чөлөөлье" гээд бүх зүйл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө нэг их ялгаагүй юм билээ. Заавал өөрийн биеэр очих хэрэг гарч байна лээ" гэж байлаа.
Мөн сүүн зайрмагны үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авах гэж буй иргэн С.Зулсайханаас дараах тодруулгыг авсан юм. Тэрбээр "Миний хувьд урин дулааны улирал эхэлж байгаа учраас сүүн зайрмагны бизнес хийхээр төлөвлөж, тусгай зөвшөөрлөө авах гээд дүүрэгтээ хандтал тавдугаар сарын хүнсний үйлчилгээ эрхлэх тоо нь дүүрсэн гэсэн хариу өгсөн. Харин таньдаг хүндээ хандчихсан байгаа. Ямартаа ч шууд зөвшөөрөл өгдөггүй юм шиг байна лээ" гэсэн юм.
Харин ТҮЦ эрхлэгчдийн хувьд зөвшөөрөлтэй холбоотой асуудал төвөгтэй хэвээр байгааг хэлж байлаа. Мөн ТҮЦ эрхлэгчдээс зарим зүйлийг тодруулсан юм. ТҮЦ-ний худалдагч Б "2016 оноос хойш манай тусгай зөвшөөрлийн хугацаа ерөөсөө сунгагдахгүй яваад байгаа. Гэхдээ манайх дүүрэг нийслэлтэйгээ хог, тогны гэрээгээ хийсэн. Энэ нь ч хууль ёсных л гэж боддог. Өнгөрсөн жилийн хавар "ТҮЦ" маань ачигдсан. Харин тухайн захирамж нь алдаатай гэж гарсан. Гэвч "ТҮЦ"-нүүдийг ачиж, олон хүмүүст хохирол учруулсан. Шүүх дээр шийдвэрлүүлээд бид ялсан. Захирамж дээрээ “ТҮЦ-үүдийг буцааж байршуул” гэж даалгасан юм билээ. Түүнээс биш дур мэдэж тавих ямар ч боломжгүй. Шүүх дээр ялсан хүмүүс л буцаад “ТҮЦ”-ээ байршуулсан гэсэн үг. Манайх шүүх дээр ялаад, зөвшөөрлөө авчихсан байгаа. Одоо бол дүүрэг, нийслэлээс байнга хараа, хяналттай байдаг. Шүүхийн шийдвэр байхгүй бол хэзээ ч ачигдах эрсдэлтэй” гэсэн юм.
Ийнхүү худалдаа үйлчилгээ эрхлэхээр төлөвлөж буй иргэдийн хувьд өнгөрсөн сард тусгай зөвшөөрлөө авах хүсэлтээ цахимаар авсан ч заавал өөрийнх биеэр очсон гэж ярьцгааж байлаа.
Д.БАЯРМАА: ОДООГИЙН БАЙДЛААР МАНАЙ ДҮҮРЭГТ 75 ХҮСЭЛТ ИРСЭН, ЭНЭ НЬ ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ХЭВИЙН БАЙНА
Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Баярмаагаас тусгай зөвшөөрлийн талаар тодрууллаа.
-Тусгай зөвшөөрөл цахим болсноор иргэдийн хувьд ямар давуу тал бий болж байна вэ?
-Өмнө нь "Улаанбаатар цахим систем" гэх онлайн системээр энгийн болон бүх тусгай зөвшөөрлөө авдаг байсан. Энэ нь шинэчлэгдээд "licenсe.mn" гэх зөвшөөрлийн цахим систем болсон. Өмнөхөөсөө ялгаатай нь нэвтрээд оронгуут бүх тайлбар, видео хичээл, танилцуулга нь байгаа. Өмнөх системээсээ өөрчлөгдсөн тал нь хэрэглэгчдийн хувьд илүү хялбар болсон. Тухайлбал, ихэнх үйл ажиллагаанууд түрээсээр буюу хүний объектод явагддаг учраас бүх цаасан материалуудаа зураг хэлбэрээр буюу “Pdf” болгож оруулдаг байсан. Үндсэн шаардагдах материалууд нь үл хөдлөх хөрөнгө, түрээсийн гэрээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, орчны 50 метрийн зураглал байсан. Одоо бол "licence.mn"-ээр бүх мэдээллийг системээсээ татаж авдаг болсон гэсэн үг. Жишээлбэл, түрээслүүлэгчийнхээ мэдээллийг оруулахад үл хөдлөлийн гэрчилгээ нь шууд татагдаад, мэдээлэл нь орно. Харин 50 метрийн зураглал нь шууд "google map"-аас тэмдэглэгдчихдэг гэсэн үг. Өмнө нь энгийн үйл ажиллагааны бүртгэл буюу “Qr” олгогддог байсан бол одоо зөвхөн мэдэгдэл хэлбэрээр илгээдэг болсон. Холбогдох мэргэжилтэн буюу хэлтсийн албатууд тохижилтоос их хувийг нь онлайнаар батална гэсэн үг.
-Иргэдийн хувьд заавал өөрийн биеэр очих шаардлага үүсч байна гэсэн шүүмжлэл гарч байна л даа?
-Онцгой байдлын албанаас хуучин галын аюулгүй байдлын дүгнэлт гаргадаг байсан. Үүнийг одоо цахимаар шууд олгочихдог болсон. Шаардлагатай бол очиж үзнэ. Үл хөдлөх мэдээллээс бусад бүх мэдээллүүдээ үзчихдэг. Манай Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс бол зөвхөн үл хөдлөх буюу зориулалт нь юуных вэ гэдгийг мэдээллээс нь үзчихдэг. Холбогдох журмынхаа дагуу орон сууц байвал болдоггүй. Эдгээр мэдээллүүд нь систем дээрээ бүгд харагдчихдаг. Цаасаар ямар нэгэн материал хийх шаардлага байхгүй. Манайд холбогдох чиглэлээр дөрвөн мэргэжилтэн байдаг. Худалдаа, үйлдвэрлэл, ахуй үйлчилгээ буюу авто засвар, хоол үйлчилгээ гэсэн чиглэлээр мэргэжилтнүүдтэй. Цахимаар хүлээж авч танилцаад, цаашаа цахимаар хүсэлтээ илгээнэ. Миний хувьд хоол, үйлдвэрлэл хариуцаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хойш систем нь бүрэн нэвтрээд, хэрэглээндээ ороод эхэлсэн. Одоогийн байдлаар манай дүүрэгт 75 хүсэлт ирсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хэвийн байна. Согтууруулах ундаа буюу тамхи худалдаалах тусгай зөвшөөрлүүдийн хувьд алхам нь арай өөр байдаг. Нийслэлийн энгийн үйл ажиллагааг тохижилтын хэлтэс, онцгой байдал гээд гурван тал нь үзээд баталчихдаг. Харин согтууруулах ундаа буюу тусгай зөвшөөрөл дээр Нийслэлийн эрүүл мэнд, улсын дүгнэлт гаргах эрх бүхий байцаагч, байгууллагад хамаарах чиг үүргээрээ цахимаараа харагдана. Татвар болон бусад мэдээллүүд нь мөн харагдана. Батлах чиг үүрэг нь илүү олон болохоос биш процессын хувьд яг адилхан.
-Иргэдээс ямар нэгэн санал, хүсэлт ирж байна уу?
-Эхлээд өөрчлөлтийн талаар иргэд мэддэггүй байгаа. Системд алхмаа буруу илгээх, будилах зүйлүүд гардаг байсан. Одоо бол жигдрээд гайгүй болсон. Өөр өөрсдийнхөө чиглэлээр групп нээчихсэн. Түүгээрээ мэдээллээ солилцоод явдаг. Бид батлах, мэдэгдлийг хүлээж авах учраас өөрсдөө өмнөөс нь хүсэлт илгээх боломжгүй. Ерөнхийдөө алхам нь их ойлгомжтой. Төлбөр мөнгө төлдөггүй.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАРМАА
С.УЧРАЛ


































































Сэтгэгдэл