Отгонтэнгэр уулын төрийн тахилгын дараах цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх найм дахь удаагийн төрийн их тахилгын ёслол өндөрлөсний дараа тахилгын бүс нутаг дахь орчны цэвэрлэгээ, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулж байна.

Энэ удаагийн төрийн их тахилгын үйл ажиллагаанд 40 гаруй мянган иргэн, сүсэгтэн олон, зочид төлөөлөгч оролцож, 13 мянга орчим автомашин, техникийн хэрэгсэл Отгонтэнгэр хайрханы өвөр орчимд төвлөрсөн байна.

Үүнтэй холбоотойгоор үүссэн хог хаягдлыг цаг алдалгүй цэвэрлэж, ариун дагшин газрын байгалийн унаган төрхийг хадгалах ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, сумуудын Засаг даргын Тамгын газар, байгаль хамгаалагчид, мэргэжлийн байгууллагууд болон сайн дурын иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж байна.

Төрийн их тахилгын өмнөхөн болон үйл ажиллагааны үеэр байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг ангилан ялгах, зориулалтын цэгт төвлөрүүлэх, байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулсан юм.

Отгонтэнгэр хайрхан нь Монгол Улсын дархан цаазат газар бөгөөд ховор, нэн ховор амьтан, ургамал бүхий эмзэг экосистемтэй, байгалийн болон соёлын үнэт өвийг хадгалсан онцгой бүс нутаг юм. Иймээс тахилгын дараах орчны цэвэрлэгээг шуурхай зохион байгуулж, байгаль орчны ачааллыг бууруулах нь байгаль хамгааллын чухал үйл ажиллагааны нэг гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцоллоо.

Мөн иргэд, сүсэгтэн олон, аялагчдыг хог хаягдлаа зориулалтын саванд хаях, ил задгай хаягдал үлдээхгүй байх, галын аюулгүй байдлыг хангах, ургамал, хөрсний бүрхэвчийг гэмтээхгүй байх зэргээр байгальд ээлтэй зөв дадлыг хэвшүүлж, төрийн тахилгат хайрхныхаа ариун дагшин байдал, байгалийн унаган төрхийг хамтдаа хамгаалан авч үлдэхийг уриалж байна. Байгалиа цэвэр байлгаж, өв соёлоо хүндэтгэн хамгаалах нь бидний үүрэг юм хэмээн Завхан аймгийн Байгаль орчны газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болор-Эрдэнэ хэллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.71.100.35] 2026-06-18 15:07:42

Авч ирсэн хогоо өөрсдөө аваад зайлчихаж чадахгүй сүсэгтэн, мөргөлчин байгаад яадаг юм. Хог хаяаад явсан хүмүүс бол Зүгээр золбин амьтад


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.