АН: Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа
Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордны III давхарт болж Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.
Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдаад хоёр жил өнгөрч байна. Энэхүү баримт бичгийн 4.1.1.1-д “Иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх, эрх мэдэл хуваарилалтын хяналт, тэнцлийг хангуулах чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгоно” гэж тодорхой заасан байдаг. Гэвч хоёр жилийн хугацаанд Засгийн газар энэ чиглэлд дорвитой ахиц гаргасангүй.
Үүнээс ч өмнө, 23 жилийн өмнө батлагдсан УИХ-ын 41 дүгээр тогтоол буюу “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн 1.1.3.1.3-т “Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчигдсөн тохиолдлыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй ажиллуулах механизмыг бүрдүүлнэ” гэж тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл, бид 1992 оны Үндсэн хуулиа баталснаас хойш түүний гол амин сүнс болсон иргэний эрх, эрх чөлөөний тухай хоёрдугаар бүлгийг бодит амьдрал дээр бүрэн хэрэгжүүлж “амь” оруулж чадаагүй. Иймээс 23 жилийн өмнө дэвшүүлсэн зорилго цаасан дээр үлдэх үү, эсвэл бодит амьдрал дээр хэрэгжих үү гэсэн чухал асуултын өмнө өнөөдөр бид ирээд байна. Өнөөдөр эрүү шүүлтэд өртсөн иргэд гурван шатны шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй, Үндсэн хуульд заасан “Эрүү шүүлтээс ангид байх эрх” нь зөрчигдсөн хэвээр үлдэж байна. Энэ нь хууль, шүүхийн тогтолцоо иргэдийн үндсэн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаагийн бодит илрэл юм. Үүний гол шалтгаан нь Үндсэн хуулийн цэц ажлаа хийхгүй байна.
ҮХЦ нь Үндсэн хуулийн шүүх гэдэг утгаараа иргэний эрх, эрх чөлөөний маргааныг шийдвэрлэх ёстой байтал 1992 оноос хойш ҮХЦ-д энэ бүрэн эрхийг хуульчлан олгоогүй. Үүний улмаас ҮХЦ Үндсэн хуулийн манаач байх үүргээ гүйцэтгэхээс илүү улс төрийн төрийн даалгавар гүйцэтгэдэг байгууллага болоод хувирсан. Иймээс Үндсэн хуулийн цэцэд иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх эрх олгох хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна. Энэ нь цоо шинэ санаачилга биш. Анх 2013 онд боловсруулагдаж, 2014 онд Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн ч УИХ-д өргөн баригдаж чадаагүй. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал болон ҮХЦ-ийн гишүүд дэмжээгүй.
Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр уг асуудал яригдсан ч улстөрчдийн үл ойлголцлоос болоод зөвшилцөл нэрийн дор иргэний үндсэн эрхийн маргаантай холбоотой зүйл заалтыг хассан. Харин 2020–2024 онд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон бусад МАН-ын гишүүд хамтран ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулан маш сайн хуулийн төсөл боловсруулсан. Гэвч 2024 оны сонгуулийн өмнөхөн өргөн баригдсан учраас хэлэлцэж амжаагүй бөгөөд сонгуулийн үр дүнд санаачлагч нь парламентаас гарснаар төсөл буцаагдсан.
Харин 2026 онд миний бие Ц.Мөнх-Оргил гишүүнээс 2013 оноос хойш боловсруулагдсан бүх төслүүдийг авч, ажлын хэсэг байгуулан шинэчилж боловсруулаад энэ долоо хоногт УИХ-д өргөн барих хүсэлтээ хүргүүлээд байна. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль нь үндсэндээ дараах гурван асуудлыг шийдвэрлэх зорилготой. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томьёо, үзэл баримтлал, зарчмыг илүү тодорхой, уялдаатай болгох. Хоёрдугаарт, олон улсын Үндсэн хуулийн шүүхийн жишигт нийцүүлэн иргэний үндсэн эрхийн маргаан болон эрх мэдэл хуваарилалтын маргааныг ҮХЦ-ээр хянан шийдвэрлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтуудын зохицуулалтыг дээрх зорилтуудтай нийцүүлэн нарийвчлан боловсронгуй болгох зорилготой.
Энэ өөрчлөлтүүд хэрэгжсэнээр 1992 оны Үндсэн хуулийн хамгийн гол амин сүнс болох “Төр засаг бол иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө оршин тогтнодог” гэх суурь үзэл бодит агуулгаараа хэрэгжих боломжтой болно” хэмээн ярилаа.
Дараа нь Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв “Улсын данс улайссан ч ард иргэдийн татварыг нэмэхгүй гэж амлаж байсан МАН сүүлийн 10 жилийн хугацаанд олон төрлийн татвар, хураамжийг үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирлээ. Гэвч татварын орлого өсөхийн хэрээр төсвийн зарлага дагаад тэлж, үүний улмаас хуульчлагдаагүй татвар гэж хэлж болох инфляц улам эрчимжиж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, айл өрхийн бодит орлого буурсаар байна.
Өнөөдөр бараг бүх салбарт татвар, хураамж нэмэгдэж байгаагийн нэг бодит жишээ нь УИХ-аар хэлэлцэж буй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Тамхины хор хөнөөлийг бууруулах, ялангуяа өсвөр үеийнхнийг хамгаалах зорилгыг бид ойлгож, дэмжиж байна. Гэвч санал болгож буй татварын бодлого нь эсрэг үр дагавар авчрах эрсдэлтэй. Тухайлбал, уг хуулийн төсөлд бүх төрлийн тамхины онцгой албан татварыг таван жилийн хугацаанд жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан. Хэрэв энэ байдлаар батлагдвал өнөөдөр 4200 төгрөгөөр худалдаалагдаж буй нэг хайрцаг янжуур тамхины үнэ ойрын хугацаанд 8000 төгрөгт хүрч, цаашид өссөөр 2030 он гэхэд 20 мянган төгрөг болох тооцоо гарч байна.
Мөн өнөөдөр 22 мянган төгрөгийн үнэтэй байгаа vape буюу электрон тамхи хууль батлагдсанаар 75 мянган төгрөгт хүрч, халаадаг тамхи болон дагалдах хэрэгслийн үнэ ч хоёр дахин өсөхөөр байна. Ийм огцом татварын өсөлт нь богино хугацаанд хэрэглээг бууруулах үр дүн өгөхөөс илүүтэйгээр татвараас гадуурх, хил дамнасан хууль бус худалдааг өдөөх эрсдэлтэй. Түүнчлэн Монгол Улсад хуурамч тамхины зах зээл шинээр үүсэх аюул ч бий. Иймд дээрх хуулийн төсөлд зөвхөн сэтгэл хөдлөлөөр бус, нарийн тооцоо, бодит судалгаа, эдийн засгийн үр дагаврыг бүх талаас нь харгалзан хандах шаардлагатай” гэдгийг онцлов

































































Сэтгэгдэл