Дүүжин замын тээвэр төслийн кабель сууриуулах бэлтгэл ажил эхэллээ
Яармаг дахь Арцатаас Хархорин Өнөр хороолол чиглэлд баригдаж байгаа “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 75 орчим хувьтай байна. Тулгуур багана хоорондыг холбох кабелийг агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг 4-5 дугаар сард бүрэн угсарч дуусгасан бөгөөд өнөөдрөөс холбооны кабель суурилуулах бэлтгэл ажлыг эхлүүллээ. Мөн хоёр буудлын барилга болон гараажийн барилгын ажил хийгдэж үргэлжилж байна.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг Францын Пома группийн инженерүүд болон “Моннис инженеринг” ХХК, "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа юм.

Энэхүү төслийг Яармаг – Хархорин чиглэлд барих болсон шалтгаан нь автозамын шууд холболтгүйгээс гадна Туул гол, төмөр зам, авто замын сүлжээ зэрэг газарзүйн саад ихтэй. Тиймээс газар чөлөөлөлт багатай, хамгийн их ачаалалтай зорчих чиглэлүүдийн нэг хэмээн тооцож энэхүү төслийг Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлж байна.

Тус чиглэл дэх нийтийн тээврийн зорчигчдын урсгал нь нийслэлийн нийт зорчигчдын 17–18 хувийг эзэлдэг бөгөөд иргэд өдөр бүр замын түгжрэлд дунджаар 1–2 цагийг зарцуулж байна. Харин дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэлх зайг ердөө 11 минутын дотор туулах боломж бүрдэхээс гадна нэг кабин буюу бүхээгт 10 хүний багтаамжтай учир олон хүнийг нэг дор тээвэрлэх зэрэг иргэдийн ажлын бүтээмж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.
Мөн уг төсөл хэрэгжсэнээр энэ чиглэлийн автомашины хөдөлгөөнийг ойролцоогоор нэг хувиар бууруулах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, өдөрт 100 мянган автомашин зорчдог бүсэд хөдөлгөөнд оролцох автомашины тоо 1000 орчмоор цөөрөх боломжтойг судалгаагаар тогтоожээ.
































































Сэтгэгдэл