Агуу стратегичид л өөрийн хүчээр дайснаа бүтээдэг гэнэм....
Саяхан Америкийн нэгэн алдартай дайнч улстөрч бүрлээч болсон нь олны анхаарлыг багагүй татлаа. Өмнөд Каролина мужаас сонгогдсон сенатор Линдзи Грэхэм гэгч тэр эрхэм дайнд нугасгүй нэгэн байв. Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг тууштай уриалагч, Украины дайныг идэвхтэй дэмжигч, Оросыг үзэн яддагаа нуудаггүй гэдгээрээ алдартай нэгэн билээ. Ерөнхийдөө Америкийн цэргийн хүчийг дэлхийн өнцөг булан бүрд хэрэглэхэд хэзээд бэлхэн байдаг Вашингтоны “дайны нам”-ын хамгийн тод төлөөлөгчдийн нэг байв.
Дайнч баатар Линзи амьд ахуйдаа Оросын эсрэг өчнөөн ажил санаачлан хийж явсны хамгийн сүүлчийнх нь дэлхийн түүхнээ урьд өмнө үзэгдээгүй өргөн хүрээтэй хоригийн хууль батлуулж хэрэгжүүлэх санаа байв. Тэрээр уг хуулийг батлуулж, яс хэрэгжүүлэн, Оросын эдийн засгийг туйлдуулна хэмээн олны өмнө чангаар зарлаж явсан ч санасандаа хүрч арай л амжилгүй бүрлээч болж оджээ.
Түүний эцсийн хүсэл нь Оросоос эрчим хүч худалдан авсаар байгаа улс орнуудыг Америкийн өндөр тарифаар торгон шийтгэх явдал байсан юм... Оросын нефть, хий зэрэг бусад бүтээгдэхүүнийг худалдан авч буй улс орнуудын АНУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 500 хувийн “торгууль” ногдуулна гэж сүрдүүлж байсан гээч.
Грэхэмийн нас барсан цаг үе ч олны анхаарлыг татав. Тэрээр 2026 оны долоодугаар сарын 10-нд Киевт очиж, Зеленскийтэй уулзан, Украины дроны үйлдвэрээр зочилж, гартаа дрон барин зургаа авахуулж, Оросын эсрэг шинэ хоригийн хуулиа сурталчилж байлаа. Энэ нь 2022 оноос хойших түүний Украинд хийсэн 10 дахь айлчлал байв.
Гэтэл маргааш орой нь буюу долоодугаар сарын 11-нд Вашингтон дахь гэртээ гэнэт нас баржээ. Тэрээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч Трамптай утсаар ярьж, Украины айлчлал болон Оросын эсрэг хоригийн хуулийн талаар хэлэлцсэн гэх мэдээ цацагдав. Урьдчилсан эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтгаан нь судасны хатуурлаас үүдэлтэй гол судасны ханын задрал буюу aortic dissection байжээ. Одоогоор гаднын нөлөө, гэмт хэргийн шинж илэрсэн гэх баримт байхгүй. Харин түүний гэнэтийн үхэл, үүнээс ердөө нэг хоногийн өмнө Украины дроны үйлдвэрт зочилсон явдал нь цахим орчинд элдэв хардлага, таамаглал дэгдэхэд хүргэсэн байна.
За юутай ч Линзи Грэхэм бүрлээч болсон нь үнэн. Харин түүний санаачилж явсан хоригийн төсөл эзнээ даган нөгөө ертөнцөд одсонгүй.
Түүнийг нас барснаас тав хоногийн дараа буюу долоодугаар сарын 16-нд хамтран зүтгэгчид нь уг төслийг Lindsey O. Graham Sanctioning Russia Act of 2026 хэмээн нэрлэж, Сенатад албан ёсоор өргөн барив. Одоогоор уг төслийг 60 сенатор хамтран дэмжсэн тул Сенат дахь саатуулах ажиллагааг давах хэмжээний санал бүрдсэн гэж санаачлагчид нь мэдэгдэж байна. Гэхдээ хуулийн төслийг одоогоор Сенатын Банк, орон сууц, хот байгуулалтын хороонд шилжүүлсэн төдий бөгөөд хууль болж батлагдаагүй байна.
ГРЭХЭМИЙН 500 ХУВИЙН СҮРДҮҮЛЭГ ХААЧИВ?
Бүрлээч баатрын анх санаачилсан 500 хувийн тариф шинэ хуулийн төсөлд хүрч ирэх замдаа сүрхий турж эцээд, “100 хувь хүртэл” болж буурчээ. Бас Оросын эрчим хүч худалдан авсан улс болгоныг бус, хамгийн том таван худалдан авагчийг л онилохоор болсон байна.
Хуулийн төслийн гол агуулга:
Оросын Төв банк, Сбербанк, Газпромбанк зэрэг санхүүгийн байгууллагыг хориглох;
Оросын улс төр, цэргийн удирдлага, олигархиуд болон төрийн өмчит компаниудын хөрөнгийг онилох;
“Ямал LNG”, “Арктик LNG” зэрэг эрчим хүчний томоохон төслүүдэд хориг тавих;
Оросын нефть тээвэрлэдэг “сүүдрийн флот” болон түүнд үйлчилгээ үзүүлэх гадаадын компани, хөлөг онгоцыг шийтгэх;
Оросын нефть, хийн хамгийн том таван худалдан авагч орны бараанд 100 хүртэл хувийн тариф ногдуулах… гэх мэт ажээ.
Хамгийн том худалдан авагчдын жагсаалтыг 180 хоног тутам шинэчилнэ. Нэг ёсондоо, Вашингтон дэлхийн улс орнуудыг хагас жил тутам дуудан жагсаан, “Оросоос нефть авсан уу, үгүй юү?” хэмээн байцаалт явуулах нь.
Гэвч энэ сүржин хуулийн төслийн дотор нэг “чухал” заалтыг сэм шургуулжээ. “АНУ-ын Ерөнхийлөгч тухайн хориг, тарифыг хэрэгжүүлэх нь Америкийн үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзвэл хэрэгжүүлэхгүй байж болмой.”
Ингээд үзэхэд мөнөөх “заавал мөрдүүлэх хатуу хориг” гээч маань эцэстээ Ерөнхийлөгчийн хүссэн үедээ гаргаж ирдэг, хүсээгүй үедээ шургуулгандаа хийчихдэг худалдааны бороохой болон хувирчээ гэлтэй.
ОРОСЫГ БУС, ХЯТАД, ЭНЭТХЭГИЙГ ОНИЛСОН ХОРИГ ГЭЛТЭЙ
Уг хуулийн жинхэнэ бай нь зөвхөн Орос биш л дээ. Оросын тухайд ерөөсөө хориг гэгч юм хэзээ ч үйлчлэхгүй юм байна гэдэг нь ерөнхийдөө нотлогдоод, дэлхий даяараа хүлээн зөвшөөрчихөөд байгаа бус уу. Хамгийн гол нь, Оросын нефть, хийн томоохон худалдан авагч Хятад, Энэтхэг болон бусад улсыг Америкийн зах зээлээр сүрдүүлэх нь хоригийн гол зорилго бололтой.
Гэвч Хятад, Энэтхэгийн бараанд 100 хувийн тариф ногдуулна гэдэг Оросыг шийтгэхээсээ илүү дэлхийн томоохон эдийн засгуудтай худалдааны дайн эхлүүлсэн хэрэг болно. Ингэвэл Орос тодорхой хохирол амсаж магадгүй ч, АНУ-ын компани, хэрэглэгчид ч төлбөрийг нь хамт үүрнэ. Дэлхийн нефтийн нийлүүлэлт хумигдвал үнэ өсөж, Орос багаахан хэмжээний нефтийг илүү өндөр үнээр борлуулах боломж ч гарч мэднэ.
Тэгэхээр энэ хууль Оросыг “эдийн засгийн хувьд нухчин дарах” хосгүй хэрэгсэл гэхээсээ илүү Хятад, Энэтхэгтэй хийх хэлэлцээнд ашиглах сүрдүүлгийн зэвсэг болох шинж нь илүү бололтой. Тэр ч учраас Ерөнхийлөгчид хоригийг үзэмжээрээ шийдэх өргөн эрхийг олгосон хэрэг биз.
Энэ хууль гарсан, гараагүй Трамп сүүлийн жил гаруй хугацаанд энэ маягаар хориг тавих гэж оролдсон ч, олигтой үр дүнд хүрээгүй бус уу?? Тиймээс энэ шинэ хориг хуульчлагдлаа гээд бодит байдалд өчүүхэн ч өөрчлөлт гарахгүй л болов уу.
ХОРИГ ХЭМЭЭХ “ҮЛГЭР”
Эдийн засгийн хориг гэгч нь түүний бай болсон улс гүрэнд тодорхой хохирол учруулах нь ч учруулнаа. Эдийн засгийн өсөлтий нь сааруулж, технологи нэвтрүүлэх өртгийг нэмэгдүүлж, худалдаа, төлбөр тооцоог нь хүндрүүлнэ гэх мэт. Гэвч хохирол учруулах нэг хэрэг, хамгийн гол нь анх тавьсан улс төрийн зорилгодоо хүрэх нь л чухал биз дээ?
Эдийн засаг, худалдааны хоригийг дайсагнагч улсыг тамирдуулж, буулган авах зорилгоор хэрэглэсээр ирсэн боловч тэр зорилгодоо бүрэн хүрсэн жишээ түүхэнд тун ховор.
Эдийн засгийн хоригийн үр нөлөөг Гэри Хафбауэр, Жеффри Шотт, Кимберли Эллиотт нар системтэй судалжээ. Тэд 1914–1990 оны хооронд хэрэгжсэн 115 хоригийн тохиолдлыг шинжлээд, ойролцоогоор 34 хувийг нь ямар нэгэн хэмжээгээр амжилттай болсон гэж дүгнэжээ.
Гэвч улс төр судлаач Роберт Пэйп тэдгээр тохиолдлыг дахин нэг бүрчлэн шалгаж үзээд, “амжилт” хэмээн тооцсон олон жишээнд эдийн засгийн хориг бус, цэргийн хүч, дотоодын улс төрийн өөрчлөлт, дипломат тохиролцоо гэх зэрэг хүчин зүйл шийдвэрлэх нөлөө үзүүлсэн болохыг тогтоосон байна. Тийнхүү Пэйпийн тооцоолсноор 115 тохиолдлоос ердөө тавд нь хориг шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Үндсэндээ, хоригийн бодит амжилтын түвшин дөнгөж 4.3 хувь байв.
(Эх сурвалж: Robert A. Pape, “Why Economic Sanctions Do Not Work,” International Security, Vol. 22, No. 2, 1997, pp. 90–136.)
Өнөөгийн олон улсын тавцанд ч эдийн засгийн хориг арга хэмжээ үйлчлэхгүй байгааг бид бэлхнээ халиаж байна.
АНУ Кубын эсрэг 1960-аад оноос хойш хориг хэрэгжүүлсэн боловч коммунист дэглэмийг нь нурааж чадсангүй. Иран 1979 оноос хойш хоригийн дор байсан ч төрийн тогтолцоогоо хадгалж, пуужин, нисгэгчгүй онгоц болон цөмийн технологийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Умард Солонгос олон арван жилийн хоригийг даван гарч, цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужинтай хүчирхэг улс болов.
Оросын эсрэг 2014 оноос эхлүүлж, 2022 оноос урьд өмнө байгаагүй хэмжээнд хүргэж өргөжүүлсэн эдийн засгийн хориг Москвагийн Украины талаарх үндсэн бодлогыг өөрчилж чадсангүй. Оросын эдийн засаг тодорхой хохирол амсаж, технологи, хөрөнгө оруулалтын өртөг нь нэмэгдсэн ч, төрийн тогтолцоо нь нурсангүй, цэргийн ажиллагаа нь зогссонгүй, нийгмийн эв нэгдэл алдагдсангүй ээ. Харин ч худалдааны урсгалаа дорно зүгт шилжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлж, санхүүгийн шинэ механизм байгуулж эхлэв.
Өрнөдийн байнгын дарамт, дайсагнал, үзэн ядалт эцсийн дүндээ тэдгээр улсад нэн чухал нэгэн сургамжийг ухааруулж өгчээ. Аливаа улс стратегийн бие даасан байдлаа бататгаж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, цэрэг-технологийн хүч чадлаа бэхжүүлэхгүй бол улс үндэстнээрээ оршин тогтнох боломжгүй гэдгийг хоригт өртсөн улсууд гүн бат ойлгож авчээ.
Хориг тавьснаар тэднийг зовоож сулруулна гэж тооцсон боловч, эсрэгээрээ тэднийг тэсвэр хатуужилтай хүчирхэг гүрэн болгожээ. Ганцаардуулна гэж зорьсон боловч, хооронд нь эвлэлдүүлэн нэгтгэж, олон дэмжигч хамтрагчидтай болгожээ. Зэвсгийг нь хураана гэж айлгасан боловч, тэд улам хүчтэй зэвсэг техник бүтээж чаджээ.
За тэгээд, манай Өрнөдийнхэн хоригийн бодлогоосоо тодорхой ашиг хонжоо олсон нь мэдээж. Өрсөлдөгчдийнхөө хөгжлийн өртгийг нэмэгдүүлж, эдийн засагт нь ихээхэн хохирол учруулсан нь тэдний олз биз. Гэвч тэдний хамгийн том олз тэс өөр зүйл байсан юм.
Хамгийн гол нь, манай Өрнөдийн ялгуусан стратегичид өөрсдийн эсрэг сөрж зогсох стратегийн хувьд бүрэн бие даасан, цэрэг-технологийн хүчирхэг дайснуудаа олон арван жилийн турш тэрхүү хориг хэмээх шидэт зэмсгээрээ өсгөж бойжуулжээ.
Эртний сургаальд “Агуу стратегич дайн хийлгүй, цус урсгалгүйгээр дайснаа дарж номхруулна” гэдэг сэн. Харин өнөө цагт энэ сургаал “Агуу стратегичид л өөрийн хүчээр дайснаа бүтээдэг гэнэм…” хэмээн шинэчлэгдэж буй бололтой дог.
Нийтлэлч, Судлаач Ц.Буянцогтоо



















































.jpg)














Сэтгэгдэл
Зочин [103.212.117.213] 2026-07-24 11:11:51
гуцдаг п вэ, эдгээр улсыг зүв зүгээр бхад нь хоригт оруулчихсан юм уу, иди ты нахуй блять