С.Одонтуяа: “Эрдэнэт” бол зөвхөн уурхай биш, Монголын хөгжлийн иж бүрэн загвар байсан
УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Та уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд хуулийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
– Би уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд мансууруулах бодисын асуудлыг зөвхөн эрүүгийн хэрэг, ял шийтгэлийн хүрээнд бус эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд хамгаалал, нийгмийн хамгааллын цогц асуудал гэж авч үзэх шаардлагатай гэсэн байр суурийг тууштай илэрхийлж байгаа.
Мэдээж мансууруулах бодисын хууль бус нийлүүлэлт, зохион байгуулалттай сүлжээ, хүүхэд залуусыг уруу татаж тээвэрлэгч, зуучлагч, борлуулагч болгон ашиглаж байгаа этгээдүүдтэй төр хатуу тэмцэх ёстой. Ялангуяа хүүхэд, залуусыг зориудаар донтуулж, ашиг олох хэрэгсэл болгож байгаа насанд хүрсэн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай.
Иймээс уг хуулийн төсөл нь зөвхөн хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахаас гадна урьдчилан сэргийлэх боловсрол, эрт илрүүлэлт, эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ болон гэр бүлтэй хамтран ажиллах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэх нь чухал. Хүүхдэд хүлээлгэх хариуцлагын зорилго нь зөвхөн шийтгэх бус, хамгаалах, засах, нөхөн сэргээх, дахин эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхэд чиглэх учиртай.
– Өнгөрсөн хаврын чуулганаар хэд хэдэн чухал хууль батлагдлаа. Тэдгээрийн дундаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд оруулсан нэмэлтийн гол зорилго юу вэ?
– Өнгөрсөн хаврын чуулганаар нийгэмд хүлээлттэй байсан хэд хэдэн чухал хууль батлагдсаны нэг нь бидний санаачилсан энэхүү хуулийн нэмэлт байлаа. Гол зорилго нь цэргийн байгууллага дахь хүний эрхийн хамгаалалтыг бодитоор бэхжүүлж, дарамт, хүчирхийлэл, хүнлэг бус харьцаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.
Сүүлийн жилүүдэд цэргийн алба хааж буй залуус дарамт, хүчирхийлэлд өртөж, зарим нь харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдлууд гарсан. Эцэг эхчүүд хүүхдээ эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэрэгт явуулдаг болохоос амь нас, эрүүл мэндээр нь хохируулах гэж явуулдаггүй. Тиймээс хуулиар цэргийн алба хаагчдад хүний эрх, эрүү шүүлт болон хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Зөрчил гарсны дараа буруутныг хайхаас илүү эрсдэлийг урьдчилан таних, мэдээлэх, таслан зогсоох чадварыг командлалын бүх түвшинд бий болгох нь чухал. Цэргийн сахилга гэдэг нь хүчирхийллийг тэвчихийг хэлэхгүй. Харин хүний амь нас, нэр төр, эрхийг хамгаалсан, сахилга хариуцлагатай, харилцан хүндэтгэлтэй тогтолцоог хэлнэ.
– Олон жил яригдсан тэтгэврийн олон давхаргат тогтолцоо, суурь тэтгэврийн эрх зүйн шинэчлэл батлагдлаа. Энэ өөрчлөлтийн гол ач холбогдол юу вэ?
– Би энэ асуудлаар олон жилийн турш санал, санаачилга дэвшүүлж ирсэн хүний хувьд энэхүү хууль батлагдсанд баяртай байна. Энэ бол иргэдийн өндөр насны орлогын баталгааг сайжруулахад чиглэсэн чухал шинэчлэл юм. Тэтгэврийн тогтолцоог зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлд тулгуурлуулах бус, олон эх үүсвэр бүхий олон давхаргат тогтолцоонд үе шаттай шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.
Суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, иргэн бүрийн өндөр насны орлогын наад захын баталгааг хангана. Үндсэн тэтгэвэр нь ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлд тулгуурлана. Үүнээс гадна иргэн сайн дурын үндсэн дээр хувийн нэмэлт хуримтлал бүрдүүлж, ирээдүйн тэтгэврийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. Ингэснээр иргэд өндөр насандаа орлогогүй үлдэх эрсдэл буурч, хөдөлмөрийн оролцоо, шимтгэл төлсөн хугацаа болон хувийн хуримтлалыг илүү шударгаар үнэлэх нөхцөл бүрдэх юм.
– Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Таны аав Д.Салдан гуайн "Эрдэнэтийг бүтээн байгуулцсан түүхэн товчоо" номыг ойг тохиолдуулан хоёр дахь удаагаа хэвлүүлж байгаа гэж ярилаа. Яагаад энэ цаг үед дахин хэвлэхээр шийдсэн бэ?
– Аав минь энэ номоо 2014 онд бичиж дуусгасан ч хэвлүүлж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Бид гэр бүлийнхнийхээ хамтаар гар бичмэлийг нь эмхэтгэж, 2020 онд анхны хэвлэлийг уншигчдын хүртээл болгосон. Энэ жил Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Энэ ой бол зөвхөн нэг үйлдвэрийн ой биш, Монгол Улсын хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн их бүтээн байгуулалтыг эргэн дурсах, түүнийг бүтээсэн хүмүүсийн хөдөлмөр, алсын харааг хүндэтгэх онцгой цаг үе юм.
Ийм түүхэн мөчид аавынхаа амьдралынхаа хамгийн үнэт өв болгон үлдээсэн энэхүү бүтээлийг дахин хэвлэн уншигчдын хүртээл болгох нь бидний үүрэг гэж үзсэн. Энэ ном бол жирийн нэгэн дурсамжийн ном биш. Харин 1962 онд Эрдэнэтийн Овооны ордыг илрүүлснээс эхлээд үйлдвэрийг ашиглалтад оруулх хүртэлх хорь гаруй жилийн үйл явдлыг өөрийн биеэр оролцсон хүний нүдээр, он сар өдөр, бодит баримт, шийдвэр, оролцсон хүмүүсийн хамт тэмдэглэн үлдээсэн түүхэн эх сурвалж юм. Өнөөдөр бид үндэсний хэмжээний томоохон төсөл, бүтээн байгуулалтын талаар их ярьдаг болсон. Ийм үед өмнөх үеийнхэн Эрдэнэт шиг дэлхийн хэмжээний төслийг ямар алсын хараа, ямар нарийн төлөвлөлт, ямар зохион байгуулалт, ямар хариуцлагаар хэрэгжүүлж байсныг эргэн харах нь өнгөрсөн түүхээ дурсахаас илүү ирээдүйн хөгжлийн сургамж болно гэж бодож байна.
– Таны аав Д.Салдан гуай тухайн цаг үед яг ямар албан тушаал хашиж байсан бэ?
– Аав маань 1967–1985 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хороонд удирдах албан тушаал хашиж, 18 жилийн турш тус хорооны даргаар ажилласан, төрийн түшээ сайд байсан хүн. Эрдэнэт цогцолборын үйл ажиллагааны олон талт нарийн төвөгтэй хэлэлцээрүүдийг байгуулах, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах, үйлдвэрийг ашиглалтад оруулх хүртэлх бүхий л үе шатанд гардан ажилласан юм. Тус хороо нь Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцааны нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэгч төрийн байгууллага байсан гэж ойлгож болно.
– Аавынхаа архивыг эмхэтгэх явцад хамгийн их анхаарал татсан баримт юу байсан бэ?
– 1973 оны арваннэгдүгээр сарын 22-нд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр байгуулах тухай хэлэлцээрийг олон удаа уншиж судалсан. Намайг хамгийн их гайхшируулсан зүйл нь тэр хэлэлцээр бараг тавин жилийн хугацаанд үндсэн үзэл баримтлалаараа өөрчлөгдөөгүй байсан явдал. Үндсэн хууль хүртэл хэд хэдэн удаа шинэчлэгдсэн атлаа 1991 оны зарим зохицуулалтыг эс тооцвол "Эрдэнэт"-ийн хэлэлцээрийн суурь зарчим хэвээр хэрэгжиж иржээ. Энэ нь тухайн үеийн төрийн зүтгэлтнүүд, инженерүүд, эдийн засагчид ямар их алсын хараатай, тооцоо судалгаатай ажилласны бодит жишээ юм.
– Эрдэнэт үйлдвэрийг яагаад "Зууны манлай бүтээн байгуулалт" гэж үздэг юм бэ. Энэ талаар таны бодол юу байна?
– Энэ бол зөвхөн уурхай байгуулсан төсөл биш байсан. Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрийг 1973 оны арваннэгдүгээр сард байгуулж, 1981 оны зургадугаар сард үйлдвэрийг бүрэн ашиглалтад хүлээн авсан байдаг. Найман жилийн хугацаанд зөвхөн уулын баяжуулах үйлдвэр бариагүй, үйлдвэртэй нь хамт бүхэл бүтэн хот байгуулсан юм. Эрдэнэт цогцолбор дотроо 600 гаруй бие даасан объекттой байсныг харуулсан том хүснэгтийн өмнө инженерүүд, удирдлагууд өдөр бүр төлөвлөгөө, ажлын явцаа хэлэлцдэг байсан тухай аав маань дурсдаг.
Үйлдвэрийн зэрэгцээ Эрдэнэт хотыг иж бүрэн орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, үйлчилгээний байгууллагуудтай нь хамт байгуулсан. Эмэгтэйчүүдийг тогтвортой ажлын байраар хангахын тулд Хивсний үйлдвэр, Хүнсний үйлдвэр зэрэг дагалдах үйлдвэрүүдийг ч байгуулжээ. Том хот анх төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөний дагуу боссон нь өнөөдөр ч Эрдэнэтийн хөгжлөөс тод харагддаг.
Зураг төслийг боловсруулахад эрдэм шинжилгээ, зураг төслийн 50 орчим байгууллага оролцож, үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм, материалыг Зөвлөлтийн 462 үйлдвэр нийлүүлсэн байдаг. Ийм хэмжээний олон байгууллагын ажлыг нэг зорилгын төлөө уялдуулан зохион байгуулсан нь тухайн үеийн төлөвлөлт, менежментийн өндөр түвшинг илтгэсэн гэж боддог.
Нөгөө талаар Эрдэнэтийг байгуулах шийдвэр зөвхөн инженерийн тооцоонд бус, тухайн үеийн олон улсын нөхцөл байдалтай ч салшгүй холбоотой. 1973 онд Чилид төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Сальвадор Альендегийн Засгийн газар унаснаар Зөвлөлт Холбоот Улсад зэс, молибдений шинэ эх үүсвэрийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Монголын төр, тухайн үеийн удирдагчид энэ боломжийг алдалгүй ашиглаж, Эрдэнэтийн төслийг богино хугацаанд бодит ажил болгож чадсан нь түүхэн шийдвэр байсан гэж би үздэг. Эндээс нэг чухал сургамж харагддаг. Томоохон төсөл хэрэгжүүлэхэд зөвхөн байгалийн баялаг хангалтгүй, харин дэлхийн нөхцөл байдлыг зөв үнэлж, улс орныхоо эрх ашгийг хамгаалсан ухаалаг шийдвэр гаргах нь хамгийн чухал байдаг. Аав минь "Монгол хүн л Монголын эрх ашгийг хамгийн түрүүнд боддог" гэж байнга хэлдэг байсан. Энэ үг өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй гэж боддог.
– Та аавынхаа энэ номоор дамжуулан уншигчдад ямар санаа хүргэхийг хүсэж байна вэ?
– Монгол Улс ямар их хөдөлмөр, ямар их алсын хараа, ямар их эв нэгдэл бүхий Зууны манлай бүтээн байгуулалтыг босгосныг хойч үедээ үлдээхийн төлөө бичсэн. Өнөөдөр бид шинэ мега төслүүдийн талаар ярьж байна. Тэгвэл өмнөх үеийнхэн хэрхэн төлөвлөж, хэрхэн хэлэлцэж, хэрхэн хэрэгжүүлж байсныг мэдэхгүйгээр ирээдүйгээ зөв бүтээн байгуулна гэж хэлэхэд хэцүү. Тиймээс энэ ном өнгөрсөн түүхийг өгүүлэхээс гадна ирээдүйн хөгжлийн бодлого боловсруулагчид, инженерүүд, эдийн засагчид, судлаачдад ч сургамж өгөх бүтээл болно гэдэгт би итгэдэг.
Аав минь энэ номонд Эрдэнэт цогцолборыг бүтээн босгохын төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн, ажилласан хамт олныхоо тухай тусгай бүлэг оруулсан байдаг. Учир нь Эрдэнэт бол нэг хүний, нэг байгууллагын бүтээл биш. Харин үе үеийн монголчуудын хамтын хөдөлмөр, мэдлэг, ур чадвар, эх оронч сэтгэлийн үр шим гэдгийг аав маань онцлон үлдээхийг хүссэн юм.
– Та эдийн засагч хүний хувьд Эрдэнэт, Оюу толгой хоёрын гол ялгааг хэрхэн хардаг вэ?
– Юуны өмнө нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Эрдэнэт үйлдвэр ч, Оюу толгой төсөл ч Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулсан стратегийн ач холбогдолтой төслүүд. Харин эдгээрийг аль нь сайн, аль нь муу гэж харьцуулах бус, тухайн цаг үеийн нөхцөлд Монгол Улсын эрх ашиг хэрхэн хамгаалагдсан, ямар загвараар хэрэгжсэн, улсад ямар үр өгөөж авчирсан бэ гэдэг өнцгөөс харах нь илүү зөв гэж боддог.
Эхний том ялгаа нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтэц юм. Эрдэнэт цогцолборыг тухайн үеийн ханшаар нийт 595 сая шилжих рублийн хөрөнгөөр байгуулсан. Үүний 50 хувийг Зөвлөлтийн тал өөрийн хөрөнгөөр, үлдсэн 50 хувь буюу 297.5 сая шилжих рублийг Монголын тал 23 жилийн хугацаатай, жилийн ердөө хоёр хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн байдаг. Энэ нь арилжааны өндөр хүүтэй зээл биш, харин Монголын тал өмчлөлийнхөө хөрөнгө оруулалтыг урт хугацаанд, маш таатай нөхцөлөөр бүрдүүлэх боломж байсан. Тэрхүү зээлийг үйлдвэрийн үйл ажиллагаанаас олсон ногдол ашгаар эргэн төлөхөөр тохиролцсон нь Монгол Улс зээлийн хүүгийн дарамтад орохгүйгээр өөрийн өмчлөлийг хадгалж үлдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Социализмын үед Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын хүчтэй нөлөөн дор байсан ч Эрдэнэтийн хэлэлцээрээр Монголын эрх ашгийг хамгаалсан, олон арван жилийн турш улс орны хөгжилд үр өгөөжөө өгөхүйц шийдлийг бий болгож чадсан.
– Үр өгөөжийн хувьд та юу хэлэх вэ. Монголын ганц “Саалийн үнээ” гэж яригддаг байсан шүү дээ...?
– Уг төслийн Монгол Улсад авчирсан үр өгөөжийн хэлбэр ч өөр байсан. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн улсын төсөв, валютын орлого, аж үйлдвэрийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж, олон арван жилийн турш Монголын эдийн засгийн тулгуур болж ирсэн. Гэхдээ Эрдэнэтийн хамгийн том үнэ цэнэ нь зөвхөн уулын баяжуулах үйлдвэр байгуулсан явдал биш юм. Үйлдвэртэйгээ хамт Эрдэнэт хотыг иж бүрнээр нь байгуулж, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, үйлчилгээний байгууллагууд, инженерийн дэд бүтэц, ажлын байрыг зэрэг бий болгосон. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг ашиглаад зогсохгүй, хүний хөгжил, хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийг хамтад нь шийдсэн цогц хөгжлийн загвар болсон гэж боддог.
– Оюу толгой төслийн хувьд та юу хэлэх вэ. Наадмын өмнө Засгийн газар Оюу толгойн үр өгөөжийг нэмэгдүүлээ, гэрээ хэлэлцээрийг нааштай болголоо гэж мэдэгдсэн шүү дээ...?
– Энэ төсөл ч Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, экспорт, татвар, ажлын байр, хөрөнгө орууллыг нэмэгдүүлсэн стратегийн ач холбогдолтой төсөл мөн. Гэхдээ зээл, зээлийн хүүгийн дарамт өндөр, хэзээ ногдол ашгаа авах нь тодорхойгүй байна. Анхны хөрөнгө оруулалт нь төлөвлөгдөж байснаас хэд дахин өссөн.
Эрдэнэтэд Зөвлөлтийн тал өөрийн хөрөнгө оруулалт (Equity investment) шууд гаргасан. Гэтэл Оюу толгойд өөрийн хөрөнгө оруулалт хийгээгүй, 100 хувь олон улсын хөрөнгийн зах зээлээс зээлээр санхүүжүүлсэн нь мөн үр ашгийг багасгаж байна. Уг нь Оюу толгой бол Монголын төдийгүй дэлхийн хэмжээний, асар их нөөцтэй орд. Манай улсын хэд хэдэн томоохон ордын нөөцийг нийлүүлснээс ч давуу хэмжээний баялагтай орд юм.
Иймээс миний хувьд энэ хоёр төслийг харьцуулахдаа Монгол Улсад аль нь илүү үр өгөөж өгсөн бэ, үндэсний эрх ашгийг хэрхэн хамгаалж чадсан бэ, байгалийн баялгаа иргэдийн хөгжил болгон хэрхэн хөрвүүлсэн бэ гэсэн гурван шалгуураар харах нь хамгийн зөв гэж боддог. Эдгээр нь өнөөдөр хэрэгжүүлэх гэж буй аливаа стратегийн томоохон төслийн хувьд ч хамгийн чухал сургамж хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН


































.jpg)






























Сэтгэгдэл
Зочин [66.181.184.249] 2026-07-22 11:13:03
ТЭР үеийн төрийн удирдлага боломжит зөв замаар эрдэнэтийг ашиглах замыг сонгож чадсан. ОЮУ толгойг Баяр, баярцогт нарын авлигачид буруу замаар оруулсан. ОДОО төр энэ ордын ашиглалтаас ашиг хүртэж чадахгүй байна.
Зочин [66.181.184.249] 2026-07-22 11:09:10
+ТЭР үеийн удирдлагад арай ухаанхтай , туршлагатай хүмүүс байсан учраас бид бага алдсан. ОЮУ ТОЛГОЙГ бөАЯР, БАЯРЦОГТ МЭТИЙН ЛУЙВАРЧИД БУРУУ ЗАМААР ОРУУЛЖ
Зочин [122.201.31.118] 2026-07-22 10:58:37
Намаасаа гаруй уу энэ