Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо

Aдмин / Улстөр

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.08.19/ аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлын талаар цахимаар хуралдлаа.

Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл болон улсын төсөвт тусгах шаардлагатай нийт 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээр саналыг холбогдох яамдад хуваарилан, шийдвэрлэлтийг зохион байгуулж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ.

Тухайлбал, Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн, станцын хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй талаар дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яамнаас хэрэглэгчийн тарифыг зохистой тогтоогоогүйгээс авлагын асуудал үүссэн бөгөөд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Дорнод аймаг замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилтийн асуудал, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэгийн барилга, замын ажил, Хөвсгөл аймаг 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, Ханх чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа. Хөвсгөл аймгийн хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгуулахаар санал хүргүүлжээ.

Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг танилцуулсан бол Өмнөговь аймаг орон нутагт санхүүгийн болон худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлантай холбоотой шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг хөндлөө.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн САТ-1 төрлийн шүлхий өвчний голомттой холбоотой гарсан зардлыг мал эмнэлгийн байгууллагаар зардлын тооцоо, холбогдох баримт бичгийг нэгтгэн ирүүлсэний дараа шийдвэрлэнэ гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа хэллээ.

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын “дуусдаггүй яриаг дуусгая” гэсэн зарчим дагуу жил бүр аймгуудад тулгамддаг, уламжлал мэт тогтчихсон сэдвүүдийг хааж, нэгдсэн шийдэл гаргахаар Засгийн газар ажиллаж буйг онцолж байна. Тэрээр улсын төсвөөр бүхнийг шийдэх бус орон нутгийн дотоод нөөц, хувийн хэвшлийн оролцоо болон бусад боломжит эх үүсвэрийг ашиглаж асуудлаа шийдвэрлэж, эрэлхийлж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болголоо. Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймаг өөрсдийн нөөц боломжоо ашиглаж, асуудлаа шийдэж буй сайн жишгийг нэвтрүүлж байгаа бол зарим аймаг “халамжийн систем”-д орсон мэт бүхий л асуудлаа улсын төсвөөр шийдүүлдэг арга барилтай байгааг засах ёстой гэлээ. Аймгуудад дутуу гүйцэтгэлтэй байгаа спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслүүдийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, дутуу санхүүжилтээ шийдүүлэх боломж эрэлхийлэн ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болгож байна. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.