Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Ирэх оны төсөв 10 гаруй их наядаар тэллээ. Эдийн засгийн талаас нь харвал энэ нь сайн уу, муу юу?

-10 их наядаар тэлсэн гэдгээр нь шууд сайн, муу гэж хэлэхгүй. Тэр мөнгө хаанаас бий болж, юунд зарцуулагдах вэ гэдэг нь хамгийн чухал. 2027 оны төсвийн зарлага 43.6 их наяд төгрөгт хүрч, 2026 оны батлагдсан төсвөөс 10.6 их наядаар өсөж байна. Энэ бол маш том тэлэлт. Ялангуяа инфляци, бодлогын хүү өндөр байгаа үед төсвийн ийм огцом тэлэлт нь эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлж, инфляци болон валютын ханшид дарамт өгөх эрсдэлтэй. Гэхдээ нэмэгдсэн мөнгөөрөө эрчим хүч, зам, боомт, ус, үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн бүтээмжийг өсгөх хөрөнгө оруулалт хийвэл өөр хэрэг. Харин цалин, халамж, төрийн хэрэглээний зардлыг л нэмэгдүүлбэл эдийн засгийг биш, төрийн хэрэглээг томруулна. Төсөв томорсон нь өөрөө асуудал биш. Монголын үйлдвэрлэлийн хүчин чадал төсөвтэйгөө хамт томорч байна уу гэдэг нь гол асуудал.

-Энэ мөнгө яг хаанаас бий болох вэ. Татварын өсөлт үү, уул уурхайн орлого уу, төрийн өмчит компаниуд уу, өр зээл үү?

-Нэг эх үүсвэрээс бий болохгүй. Татварын орлого гол хэвээр байгаа. Үүн дээр уул уурхайн орлого, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, Оюу толгойн ногдол ашиг нэмэгдэж байна. Мөн төсөв алдагдалтай байгаа учраас санхүүжилтийн буюу өрийн эх үүсвэр ч бий.

Энд нэг болгоомжлох зүйл байна. Уул уурхайн үнэ өндөр байна, төрийн компаниуд ашигтай байна гээд өнөөдрийн орлогыг маргаашийн байнгын зардал болгож болохгүй

Нүүрс, зэсийн үнэ мөчлөгтэй. Харин төрийн цалин, тэтгэвэр, урсгал зардлыг бууруулах улс төрийн боломж хамаагүй бага. Тиймээс уул уурхайн орлого өссөн үед төсвийг байнга тэлэхээс илүү өрөө бууруулах, хуримтлал үүсгэх, бүтээмж нэмэх хөрөнгө оруулалт хийх нь зөв.

-Төрийн өмчит компаниудын нийт орлого улсын төсөвтэй бараг дүйцэх хэмжээнд хүрсэн гэж мэдээлж байна. Тэгвэл эдгээр компаниудын бий болгож буй мөнгө яагаад иргэдийн амьдралд мэдэгдэхүйц хэмжээгээр тусахгүй байна вэ?

-Энд нэг чухал ялгаа бий. Компанийн орлого бол улсын орлого биш. 2023 онд төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниуд 23.6 их наяд төгрөгийн орлого олж, 4.98 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нийт хөрөнгө нь 64.2 их наяд төгрөгт хүрсэн. Тэр 23.6 их наядын орлогыг бүгдийг нь төр аваад зарцуулдаггүй. Цалин, түүхий эд, түлш, өр төлбөр, хүү, хөрөнгө оруулалт гээд компанийн зардлууд бий.

Гэхдээ жинхэнэ асуулт бол төр 64 их наядын хөрөнгөөсөө хангалттай өгөөж авч байна уу? гэдэгт байна.

Төрийн өмч гэдэг бол “хэний ч өмч” биш. Иргэдийн өмч. Тиймээс иргэд төрийн өмчөөс ямар өгөөж хүртэж байгаагаа мэдэх эрхтэй.

-Төрийн өмчит компаниуд 2023 онд 4.98 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэр ашгийн хэд нь улсад ногдол ашиг болж орсон, хэд нь компанид үлдсэн, хэд нь дахин хөрөнгө оруулалт болсон бэ?

-2023 онд төрийн өмчийн хувьцааны ногдол ашгаар улсын төсөвт 449.8 тэрбум төгрөг төвлөрсөн. 4.98 их наядын цэвэр ашигтай харьцуулахад ойролцоогоор есөн хувь гэсэн үг.

Гэхдээ үлдсэн 91 хувийг “алга болсон” гэж ойлгож болохгүй. Дахин хөрөнгө оруулалт, өр төлөлт, эргэлтийн хөрөнгө зэрэгт зарцуулагдсан байж болно. Гол нь үүнийг илүү ойлгомжтой, нэг мөрөөр тайлагнадаг болох хэрэгтэй. Төрийн компани 100 төгрөгийн ашиг олсон бол хэд нь татварт, хэд нь ногдол ашигт, хэд нь өр төлөхөд, хэд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдсан бэ гэдгийг иргэн хараад шууд ойлгодог байх ёстой.

-“Төрийн өмчит компаниудын мөнгө улсын төсвийн гадуур эргэлддэг” гэсэн ойлголт хэр үндэслэлтэй вэ?

-Ерөнхийдөө үндэслэлтэй. Төрийн өмчит компани бол төсвийн байгууллага биш. Тиймээс компанийн бүх орлого, зарлага улсын төсөвт шууд ордоггүй. Гэхдээ үүнийг “төсвөөс гадуурх, хяналтгүй мөнгө” гэж ойлгож болохгүй. Төр бол өмчлөгч. Өмчлөгчийн хувьд төр хөрөнгийнхөө өгөөжийг авах, компанийн менежментийг хянах ёстой. Бүр энгийнээр хэлбэл, төрийн өмчийг “иргэдийн эзэмшдэг, төрийн удирддаг хөрөнгө” гэж харах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр асуудал нь төсвийн гадуур мөнгө эргэлдэж байгаад биш. Тэр мөнгөний өгөөж, зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр дүн хангалттай ил тод байна уу гэдэгт байгаа.

-Энэ их ашгийг гадагшаа гаргасан юм биш биз дээ. Хойд хөрш рүү ч юм уу. Тэгээгүй юм бол үйлдвэр байгуулж гийгүүлсэн юм байна уу?

-4.98 их наядын нийт цэвэр ашгийг бүхэлд нь гадагшаа гаргасан гэж хэлэх үндэслэл байхгүй. Нөгөө талаас цэвэр ашиг гэдэг нь бүгд бэлэн мөнгө гэсэн үг биш. Өр төлөх, тоног төхөөрөмж авах, үйлдвэр байгуулах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэгт зарцуулагдсан байж болно. Гэхдээ энд хамгийн чухал зарчим нь “мөнгө хаашаа явсан бэ?” гэдгийг мөрөөр нь харуулах явдал. Үйлдвэр байгуулсан бол хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хэдий хэмжээний өгөөж бий болгож байгаа нь харагдах ёстой. Өр төлсөн бол өр нь буурсан байх ёстой. Хөрөнгө оруулсан бол бүтээмж нь өсөх ёстой. Төрийн өмчийн менежментийн шалгуур нь “ашигтай ажилласан” гэдэг ганц өгүүлбэр биш, тэр ашгаараа ямар үнэ цэнэ бий болгосон бэ гэдэг байх юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

М.Мөнхцэцэг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.