Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Aдмин / Эдийн засаг

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэглээг хангах стратегийн ач холбогдолтой ДЦС-5 төслийг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалтаар ашиглаж байсан 26.4 га газрыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй. Төслийн нийт барилга угсралтын ажлын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд үндсэн барилга болох нэг болон хоёрдугаар зуух, турбин, яндан, уутат фильтерийн суурийн угсралтын ажлуудыг хийж байна. ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд 65 жил хуримтлагдсан нэг сая шоо метр үнсийг зөөж, талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгч “Митайм Интернэйшнл” ХХК-ийн 300 гаруй инженер, техникийн ажилтан өдөр, шөнийн хоёр ээлжээр ажиллаж байна. Ирэх аравдугаар сараас станцын агуулах, жижиг тоноглолын байр зэрэг туслах барилга байгууламжуудын суурийн ажил эхэлнэ.

ДЦС-5 төслийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан “ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд 65 жил хуримтлагдсан 1 сая шоо метр үнсийг зөөх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 300 мянган шоо метр үнсийг зөөж, чөлөөлсөн талбайд суурийн ажлуудыг хийж байна. 12 дугаар сард нийт барилгын суурийн ажлыг дуусгаж, буцаан булалт хийж эхэлнэ. Суурийн ажил нь газар доорх бүтээн байгуулалтын үндсэн үе шат юм. Суурийн ажил дууссаны дараа металл бүтээц болон тоног төхөөрөмжүүдийг суурилуулна” гэв.

ДЦС-5-ыг 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулснаар 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 1, 3, 4 дүгээр хорооллыг найдвартай дулаанаар хангаж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны гол эх үүсвэр болох ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.