Доктор Т.Сүхбаатар: Хүн түүхээ мэддэг байх нь үндэсний эв нэгдлийн бат бөх байдлын нэг хэлбэр

Aдмин / Улстөр

Үндэсний эв нэгдлийн талаар доктор Тогмидын Сүхбаатартай ярилцлаа.


-Үндэсний эв нэгдэл гэдгийг энгийнээр тайлбарлаж өгнө үү?

-Хамгийн энгийнээр хэлбэл, улс үндэстэн эв найрамдалтай, нэгдмэл үнэт зүйлстэй байх. Үнэт зүйл гэж юу вэ гэвэл тусгаар тогтнол, эх оронч үзэл, үндэсний бахархал, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх байдал. Иргэн хүн түүх соёлоо мэддэг байх нь үндэсний эв нэгдлийн бат бөх байдлын нэг хэлбэр.

-Манай улсын үндэсний эв нэгдэл хэр бат бөх байгаа вэ. Бид эв нэгдэлтэй байж чадаж байгаа юу?

-Манай улсын хувьд энэ бол эмзэг асуудал. Уг нь монголчууд эвтэй байхдаа хүчтэй боловч тун амархан бусдын нөлөөнд автаж хоорондоо эвдрэлцдэг. Түүхийн талаас үзэхэд, Хүннү гүрнээс эхлээд хоорондоо хагаралдан бутарч тэмцэлдэж ирсэн байдаг. Гэхдээ хямрал бэрхшээл тулаад ирэхийн цагт эргээд бас нэгдэж, тэмцэж чаддаг түмэн юм. Алив улс үндэстэн нэгдэлгүй байх нь хэнд хэрэгтэй байдаг вэ гэхээр хөрш улсууд буюу хоёр, гурав дахь гүрэнд магадгүй ашигтай байж болох. Нэг талаасаа хүчирхэгжихгүй байгаа нь эдийн засаг болоод бусад зүйлсээр тодорхой хараат байлгах боломжтой. Хятадын Хан гүрний үед Хүнни гүрнийг уусгаж авах бодлого баримтлаад, яс хаясаар байгаад Өмнөд Хүннү, хойд Хүннү гэж хуваагдах хэмжээнд хагаралдаж байсныг түүхэнд дурдсан байдаг. Эв нэгдлийг алдагдуулж байсан хамгийн гол шалтгаан нь үйлдвэрлэгч биш, нүүдэлчин улс учраас эд хөрөнгө, өнгө мөнгө, материаллаг зүйлсэд шуналтай зангаас болдог гэж хэлж болно. Жишээ нь, бэлэг сэлт, шан харамж, эд материал гэх мэт. Өгөхдөө нэгэнд нь их, нөгөөд нь бага гэх байдлаар өгөхөд л хоорондоо өсөрхөж эхлээд дайтах хэмжээний зөрчил хагаралд хүргэж байсан тохиолдол ч байдсан.

-Энэ нь монголчуудын зан араншингийн онцлог уу?

-Ер нь манайханд нэг түгээмэл ажиглагддаг зан бий тэр нь атаархуу зан. Нэгийгээ байнга хардаж сэрдэж, надаас юугаар илүү гарчихав гэж боддог. Харамсалтай нь эрдэм ухаан гэхээс илүү материаллаг байдалд илүү ихээр ач холбогдол өгдөг. Нөгөөтэйгүүр зусарч зантай. Улс төрийн бутрал ихэвчлэн гаднаас явуулгатай өгөөшинд амархан өртдөг. Жишээ нь, Нэгэн гаднаас эхнэр, нөхрийг нь ийм тийм гээд эхлэхээр нөхцөл байдлыг тодруулахаас илүүтэй, ил далдуур хутган үймүүлэгчийн нөлөөнд автаад зөрчилдөөд эхэлдэг гэсэн үг. Өөрсдөө судлах, ухаж ойлгох хэрсүү зангүй гэх үү дээ. Өнөөдөр ч мөн адил тиймэрхүү байдалтай хүмүүс олон байна. Учрыг олж хужрыг тунгаахаас илүүтэй, бусдын үг амаар хоосон шуурагчид олширсон. Ялангуяа сошиал орчин дахь ямар нэг мэдээллийн шүүлтүүр хэмжүүргүй хоосон цуурхал, хэрүүл тэмцлээс харж болно.

-Үндэсний эв нэгдэл алдагдахад юу нөлөөлж байна вэ?

-Үндэсний эв нэгдэл алдагдахад гадаад болоод дотоод хүчин зүйл нөлөөлдөг. Гадаад хүчин зүйл бол гадны орнуудаас тодорхой хэмжээний ашиг сонирхлын байдлаар нөлөөлөх болзошгүй тал бий. Гэхдээ хамгийн гол нөлөө үзүүлж буй зүйл бол дотоод хүчин зүйл. Дотооддоо хүчтэй, бат бөх, эв нэгдэлтэй байж чадвал гадаад хүчин зүйлээс хамгаалагдах боломжтой. Гэтэл манайд үндэсний эв нэгдэлдээ өөрсдийн дотоод хүчин зүйлс нь халтай байдал маш их ажиглагдаж байна. Нэгдүгээрт, нэгдмэл үнэт зүйлээ ялгаж салгах ойлголт алдагдсан. Хэн дуртай нь түүхийг мэдэмхийрч, гуйвуулж ярьж байна. Шинжлэх ухааны академи, угсаатан судлал гэж тусгай судалгаа хийдэг бэлтгэгдсэн түүхчид байна. Албан ёсны баталгаажсан газар байсаар байхад хэн дуртай нь түүх ярих нь зохимжгүй. Хоёрдугаарт, нийгэм эдийн засгийн байдал байна. Баян ядуугийн ялгаа ихэсч байгаа нь дотоод эв нэгдэлд сөрөг нөлөөтэй. Бие биедээ итгэх итгэл үгүй болж, шудрага хөдөлмөрөөрөө баяжсан хүмүүсээ хардах сэрдэх, авлигач гэж буруутгаж нийгэмд олон ялгаатай давхаргууд үүсч эхэлдэг. Нийгмийн даврхага ялгаа ихсэх тусам иргэд хагаралдаж эхэлдэг. Улс төрийн намууд бас энд нөлөөтэй. Манай улсад нам бол бараг шашин мэт болж байгаа нь эмгэнэл. Дээр үед бурхандаа залбирч мөргөдөг байсан бол одоо цагт нам дагаж, дээшээ явах зорилготой хүмүүс олон болж. Намд орж сайн зүтгэвэл амьдрал нь түмний нүдэн дээр илт сайжраад ирэхээр нэг хэсэг нь нам шүтэж хошуурч байна, нөгөө шударгаар хөдөлмөрлөж байгаа хэсэг нь тэр шудрага бусаар яваа хүмүүстэйгээ зөрчилддөг. Энэ нь үндэстэн хагаралдах шалтгааны нэг болж байна. Мөн дээрээс нь жалга довны үзэл маш их байгаа нь үндэсний эв нэгдэлд нөлөөлж байна гэж хардаг.

-Жалга довны үзэл хаанаас эхлэлтэй вэ. Энэ уужим газар нутгийн аймаг сум гэхгүйгээр яаж зохион байгуулах билээ. Энэхүү байдлыг халах боломжтой юу?

-Бидний жалга довны үзэл үндэсний эв нэгдэлд нөлөөлж байгааг бөхийн барилдаанаас бэлхэн харж болж байна шүү дээ. Бөхчүүд бие биедээ унаж өгч байна, нутаг нутгийн дуугаа дуулна гэж байна, сүүлдээ аймаг сумаараа талцаад хэрэлдэж, хэмлэлцэж байна. Нэг нь нөгөөхдөө нэр хоч өгч, зэргэлдээ сумынхантайгаа хадлан бэлчээрээ булаацалдан зодоон нүдээндээ хүрч байгаа нь харалган, ухамсаргүй байгаагийн нэг хэлбэр. Бүгдээрээ нэг үндэстэн, Монгол гэдэг нэрийн дор нэгдэх ёстой шүү дээ. Гэтэл Манжийн үед монголчуудыг дотор нь талцуулах бодлогоор монголчуудаар нь хянуулахын тулд хошуу нутаг гэж хуваасан байдлаас эхэлсэн. Тэгэхээр хот суурин газрын зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй гэж боддог.

-Үнэт зүйлсийн нэг нь эх оронч үзэл гэж хэллээ. Эх оронч үзэл гэж яг юуг хэлэх вэ?

-Эх оронч үзэл гэдэг нь эцэг эхээ хайрлах,өөрийгөө хайрлах, үнэт зүйлсээ хүндэлдэг байх, байгаль дэлхийдээ хог хаяхгүй байх гэх мэт уг нь их энгийн зүйл. Гэтэл эх оронч сэтгэл бидэнд үнэхээр дутагдаж байна. Эх орноо муулж, болохгүй байна гээд орхиод явж байна. Надад хамаагүй гээд хоноцын сэтгэлээр хандаж байгаа олон хүн байна шүү дээ. Хүн эх дэлхийдээ ганц удаа төрж байгаа болохоор сайхан амьдрах эрхтэй. Гэхдээ дэлхийн улс орнууд бүгдээрээ ямар нэг байдлаар, нийгэмд үйлчлэх хууль гэж гаргаад түүндээ захирагдаж амьдарч байна шүү дээ. Түүнээс гадна үр хүүхдээ цэрэгт явуулахаас татгалзах байдал ажиглагдах болсон. Эх оронч байдал гэдэг нь эх орноо хамгаалах хүсэлтэй байхаас эхэлнэ.

-Монголчууд хэрхэн үндэстний эв нэгдлээ сайжруулах вэ?

-Үнэт зүйл буюу түүх соёл, эх оронч үзлийг багаас суулгах. Мөн бидэнд ямар нэг нэгдмэл уриа дутагдаж байна гэж боддог. Монгол Улсынхаа төлөө гэсэн нэгдмэл уриалга байдаг бол хүн бүхэн түүнийхээ төлөө хичээнэ шүү дээ. Хятад улс гэхэд 2049 онд 100 жил болно, “Эдийн засгаар дэлхийд тэргүүлнэ” гэдэг уриа дэвшүүлээд одоо технологийн салбар нь ямар хурдацтай хөгжөөд явж байна. Бидэнд олон нийт хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил бүхий холын зорилго байхгүй байна. Тийм зорилго тавьж, түүндээ хүрэх олон жилийн өөрчлөгддөггүй төлөвлөгөөтэй явах ёстой. Гэтэл манайд нам, засгийн удирдлага солигдох бүрд шинэ төлөвлөгөө, шинэ зорилго тавигдана. Өмнөх ажил үгүйсгэгддэг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн албанд ажиллахад алсын хараа зорилго байддаггүй юм билээ, богино хугацааны төлөвлөгөө өнөө маргаашаа гүйцээсэн байдалтай. Гэтэл Америкийн цэргийн газар ажиллахад, тухайн байгууллагын урт хугацааны төлөвлөгөөний дагуу мэргэжилтнээр ажиллахын тулд хэдэн жил суралцах, хэчнээн эрдмийн ажлууд хийх, хэчнээн ном бүтээл бичих гэх мэт урт хугацааны төлөвлөгөөнүүдийг заагаад өгсөн байдаг. Тэр холын зорилго, төлөвлөгөө буюу уриагаа баримталж үнэт зүйл, хөгжил, итгэл үнэмшил тогтвортой байдаг.

-Тэгэхээр энэ олон намуудын өрсөлдөөн байх хэрэггүй юм биш үү?

-Нэгэнт ардчилсан тогтолцоотой улс учраас намыг хориглох боломжгүй. Гэхдээ манай улсад байгаа намууд улс орны эрх ашгийн төлөө өөрийн идэвхтэй, шударга үзэл баримтлалаас илүү, улс төрийн ашиг хонжооны төлөө яваад байгаа нь нэг талаар үр дүнгүй тохуу ч юм шиг харагдаж байна. Магадгүй ашиг сонирхолдоо хөтлөгдсөн улс төрийн намууд гадны нөлөөтэй өгөөшинд уначихсан байхыг үгүйсгэхгүй. Талцаад талцаад, эв нэгдэл үнэт зүйлээ алдаад, эдийн засаг улам хүндрээд, ард түмний амьдралын чанарын ялгаа ихсээд байгаа нь тогтолцоо буруу байгааг харуулж байна.

-Үндэсний эв нэгдлээ хадгалахын тулд иргэн хүн юу хийх ёстой вэ?

-Иргэн хүн өөртөө дүгнэлт хийж, өөрөө үнэт зүйлсээ хамгаалах ёстой. Хөдөлмөрч, идэвхтэй, шударга ёсыг эрхэмлэдэг байх хэрэгтэй. Иргэн хүн улс орны үнэт баялаг. Гэтэл төрөөс халамж хараад, эсвэл бусдаас ямар нэг байдлаар тусламж горилоод суралцаж, хөдөлмөрлөх хүсэлгүй, бэлэнчлэх сэтгэлгээ суучихсан багагүй хэсэг байна. Мөн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөхгүй байж бусадтайгаа барьцдаг, бусдыгаа дэмждэггүй байдал бол эв нэгдлийг үгүй хийж наад захын хэлбэр. Тэгэхээр иргэн бүр түүхээ мэддэг байхаас эхэлнэ. Дараа нь биеэ зөв авч явахад хичээх, цаашлаад гэр бүлээ бүтэн авч явах, үр хүүхдэддээ сайн сайхан ирээдүйг бүтээхэд хичээнгүйлэн хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Сүүлийн үед халх, казахаар талцсан байдал ажиглагдаж байгаа. Нэг улс орны нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүс ийн талцалтай байх нь үндэсний эв нэгдэлд сөрөг нөлөөтэй юу?

-Энэ бол ер нь хэн нэгний хаясан өгөөшинд л автаад байгаа хэрэг. Түүнээс тусгаар улсын хууль журмаар шийдэгддэг асуудлыг сошиалын хандалтаар дүгнэх хэрэггүй. Янз бүрийн хов жив, хэрэгтэй хэрэггүй зүйлд гайхаж цочролд орж шуураад, цаашилж талцаж хэрэлдэж байгаа нь үнэт зүйл буюу түүхээ мэдэхгүй байгаагийн наад захын илрэл шүү дээ. Нөгөө талаар иргэд харанхуй, тархины гашланги байдалд орсон гэсэн үг. Мэдлэг боловсролыг эрхэмлэж, үүх түүхээ мэддэг ард түмэн тийм ч амархан бусдын нөлөөнд ордоггүй.

-Эх орны тухай болон түүхэн цаг үеийг харуулсан зохиол бүтээл ихээр хийгдэх болж. Энд ямар нэг баримтын шалгуур, шүүлтүүр байдаг уу?

-Уг нь Түүх судалгааны хүрээлэнгийн хяналтын хороогоор шалгагдах ёстой боловч уран бүтээл хийж буй хүмүүс хяналтын хорооны төлбөрөөс зайлсхийж, зарим тохиололд түүхийн хяналт ажиллуулахгүй гаргаж байгаа. Тэр нь эргээд ард түмнийг төөрөгдүүлэх эрсдэлтэй. Энд ямар нэг зохицуулалт байхгүй. Ардчилсан нийгмийн хуулиар хэн дуртай нь өөрийнхөөрөө зохиож байгаа нь харамсалтай. Би саяхан залуу дуучин Тандр-ын тоглож байгаа кинонд түүхийн хяналтаар ажиллалаа. Гэтэл эндээс харагдаж байна. Одоо залуус хүүхдүүдийн үзэж харж, даган дуурайж буй сошиал орчны инфлүүнсерүүд зөвхөн өөрийн ашгийг бодоод байлгүй эх орон, өв соёл, түүх баримт талын мэдээллээр хангадаг байгаасай гэж хүсдэг.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.ДАРИЙМ


Сэтгэгдэл

Бат үүл [66.181.165.234] 2026-09-07 12:38:45

Улс болж тоглоход худлаа үнэн түүх байх хэрэгтэй шүү

Асуултуудад хариулаач. [202.126.91.217] 2026-09-07 11:30:07

Гадаадруу л цааачлаад, гадаадын олон улсан сураад, ажлаад л бай. Тэгээд 20 жил өнгөрсний дараа тэр олон газрын, т-л Япон, Турк, Польш, Хятад, Швед, АНУ, Орос, Солонгос, Европ, Казахстаны боловсрол, соёл, ёс суртахуун, амьдарлын туршлагатай хүмүүсийн хоорондоо эв нэгдэлтэй байлгах гээд ҮЗ Л ДЭЭ. Тийм байлгаж ЧАДАХ уу? БАРАХ уу? Зарим нь Монголдоо ХЭДИЙД Ч буцаж ирэхгүй болчихсон.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.