Бизнес эрхлэгч Б.Гэрэлээ: Дугаарын хязгаарлалт, шатахууны хомсдол нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хүнд тусаж байна
Шатахууны хязгаарлалт болон автомашины дугаарын хязгаарлалт нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн хүнд тусч байгаа талаар сурвалжиллаа.
Шатахууны хомсдлын талаар иргэд сошиал орчинд маш ихээр бухимдлаа илэрхийлж байна. Тэдний нэг “Soul kimchi” үйлдвэрийн эзэн Б.Гэрэлээтэй холбогдоход: “Манай компани 2025 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ажиллах хүн хүчний нөөц багатай, эдийн засгийн эргэлтэд бүрэн байр сууриа олоогүй манайх шиг газрууд маш олон байгаа. Бид хүргэлтээ хийдэг ганцхан машинтай, тэрэндээ нэг ажилтан маань ажлын цагаасаа хумслан 4-7 цаг, өдрийн талыг оочерлож байж арайхийж бензинтэй болж аваад хүргэлтэндээ гарахад өдөр дуусдаг. Маргааш нь тэгш сондгойгоор хязгаарлачихаар манай компанийн нэг бүтэн, хагас өдрийн борлуулалт шууд байхгүй болчихдог. Манайх жижиг газар учраас нэг хүнсний дэлгүүрт дунджаар 30.000-70.000 төгрөгийн кимчи өгдөг.
Ихэнх хүнсний дэлгүүр маш багаар авдаг болохоор өдөртөө аль болох олон дэлгүүрээр орж байж орлого маань төлөвлөгөөндөө хүрдэг. Гэтэл нэг бүтэн өдөр машины дугаартаа хязгаарлагдаад, дараагийн өдөрт хагас өдөр шатахуундаа оочерлож таарсаар дампуурах дээрээ туллаа. Өөр дугаартай машин нэмж авах байтугай урьд нь авсан зээл төлөлтөө ч хийж барахгүй болж байна.

Анх хэн нэгний халамж харахгүйгээр эх орондоо чаддаг зүйлээрээ ч үйлдвэрлэл эрхэлье гээд хэрэндээ судлаад зориглон эхлэж байлаа. Хөл дээрээ босох гэж ядаж байгаа манайх шиг газруудыг төр засаг иймэрхүү байдлаар дарамтлахаар цаашид яах билээ гэж эргэлзэж байна.
Хүнсний дэлгүүрүүд хүргэлтийг маань авахгүй, бараагаа авдаг цагтай гээд хоосон буцна. Дараагийн хүнсний дэлгүүр лүүгээ горьдлого тээгээд явна. Тэгш сондгойгоор хязгаарлачихаар тус компанийн нэг бүтэн, хагас өдрийн борлуулалт шууд хаагддаг төдийгүй ер нь нэг хүнсний дэлгүүрт өдөрт дунджаар 30.000-70.000 төгрөгийн бүтээгдэхүүн л өгдөг гэсэн юм. Нэг дэлгүүрээс 30-хан мянган төгрөгийн түгээлт царайчилж явдаг манайх шиг старт ап газруудыг төрөөс авч буй гэнэтийн шийдвэр, журмууд үнэхээр хэрчиж хаяж байна” гэсэн юм.
Мөн зун, намрын цагт Булган болон бусад аймгаас айраг оруулж ирж, нийслэл хотын хэрэглэгчдэд хүргэлтээр борлуулдаг иргэд цөөнгүй болж. Энэхүү улирлын чанартай, хадгалалт даадаггүй тусгай хүнсний бүтээгдэхүүнийг маш богинох хугацаанд цагаар зарж борлуулдаг тэдэнд шатахууны хомсдол үнэхээр хүнд байгаа гэнэ лээ. Айраг нь хадгалалт даахгүй болохоор том ачааны машинд ихээр ачаад өдрийн халуунд явах боломжгүй байдаг аж. Айрагны бизнес эрхэлж буй Д.Цогт-Эрдэнэ “Би охиноо ажлыг нь хийлгэхгүй, өдөр бүр хоёроос гурван шатахуун түгээгүүрт 5-6 цаг оочерлуулж байгаад, нөгөө талд нь өөрөө савлагаагаа хийгээд, охиныхоо машинаар хүргэлтээ хийж байна. Заримдаа айргаа татах гэж тархи гашилгасан зүйл их тохиолдоно шүү дээ. Зам зуур хөдөө хээр бензингүй болж зогсохгүйн тулд бөөн бодол, стресс. Энэ байнгын стресс бухимдал монгол хүний сэтгэлгээ, зан араншинд нөлөөлж байна. Наад зах нь шатахуун түгээгүүр дээр хүртэл бөөн уур бухимдалтай, зодолдоход бэлэн улсууд зөндөө байна” гэсэн юм.

Халуун наранд бүтэн өдөр битүү машинд өнжвөл айрагны чанарт нөлөөлөх эрсдэлтэй. Эднийх айргаа Булган аймгийн Сайхан сумаас зөөдөг бөгөөд тэрээр “Би уг нь их тайван хүн байсан. Хүргэлт хийж явахад үйлчлүүлэгчийн утас холбогдохгүй ч юмуу, авах хүнгүй байхад өөрийн эрхгүй уур хүрээд л явчихаж байгаа юм. Одоо бол шатахуун олдохгүй байхад гээд л бодогдоод явчихна. Өнөөдөр арайхийж оочерлож авлаа гэхэд маргааш яах ч юм... Маргаашдаа итгэх итгэл найдлага үнэхээр багатай амьдарч явна даа” гэж нэмж хэлэв.
Хотын тээврийн нэг хэсгийг такси үйлчилгээ эзэлдэг. Гэтэл 2024 оны байдлаар сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг бүртгэгдсэний 2900 орчим нь Улаанбаатар хотод гарсан бөгөөд түүний 2116 нь такси үйлчилгээтэй холбоотой судалгаа байна. Гэтэл Монголд такси үйлчилгээ эрхэлж буй албан ёсны зөвшөөрөлтэй компаниуд болон хувь хүмүүс үйлчилгээний үнээ нэмээд эхэлж. “Ub cab” такси үйлчилгээнд явдаг жолооч Б.Баярсайхан “Ub cab”, “Tino” такси үйлчилгээний газрууд үйлчилгээний хөлсийг км тутамдаа 1500 төгрөг байсныг 2000 төгрөг болгож нэмсэн байгаа. Манайханд нэг үеэ бодвол такси үйлчилгээг сонгох соёл нэлээд суусан. Аюулгүй талаа бодсон ч такси үйлчилгээ сонгохоос аргагүй. Бүх явсан маршрут тэмдэглэгдэж үлддэгээр давуу талтай гэж ярив. Такси үйлчилгээ нь хүмүүст үйлчлэхээс гадна хүргэлтийн үйлчилгээг давхар гүйцэтгэдэг. Мөн гэрээт компаниудаас гадна хувийн такси болон хүргэлтийн үйлчилгээнүүд олширсон. Хоолны газар болон онлайн худалдаа эрхэлдэг бага бизнес эрхлэгчид гэрээт компаниудыг бодвол уян хатан, түргэн шуурхай байдлаар нь хувь хүмүүсээр хүргэлт хийлгэдэг аж. Гэтэл шатахуун, дугаарын хомсдолоос хүргэлт хийдэг хүмүүс олдохгүй болсон тухай “Ангара” буриад рестораны захирал М.Цэрэнханд “Том хүргэлтийн компаниуд хоол бүтээгдэхүүний үнийн дүн дээр 20-30 хувь нэмдэг болохоор хэрэглэгчид дургүй байдаг. Бид хэрэглэгчдээ бодоод хувийн хүргэлт сонгодог байсан. Гэтэл шатахуунаа авч чадахгүй гээд хүргэдэг хүмүүс маань нэг бол үнээ нэмнэ, эсвэл хүргэлт хийх боломжгүй гэх боллоо. Манайх хоолны үйлчилгээ эрхэлдэг учраас хурдан хүргэх шаардлагатай байдаг. Бидэн шиг жижиг, дунд газрууд бүх сувгаар борлуулалтаа хийж байж төсөв зардлаа нөхдөг. Хүргэлт хумигдаад, хэцүү байна аа” хэмээв.
Гэрээс ажил руугаа таксидахад ихдээ 7000 төгрөг төлдөг байсан бол, шатахуун хязгаарласнаас хойш зарим хувийн таксины жолооч нар 8000-10000 төгрөг авч байна. Энэ нь км тутамд 3000-3500 төгрөгөөр явж байгаа гэсэн үг гэнэ. Яагаад төлбөр нэмэгдэж байгаа талаар асуухад таксины жолооч нар “Өдрийн талыг бензинд оочерлож, долоо хоногт гурав дөрөвхөн өдөр хөдөлгөөнд оролцож байгаа болохоор хагас өдөр ч хүрэхгүй ажиллаж таарч байна. Ашиг орлого ч гээд байх юм бага. Нэмэхээс аргагүй байна аа” л гэцгээнэ лээ. Зарим нь жолооч нар “Километрийг нь 3000-аар явж байгаа шүү” гэж сануулж байна.
Гэтэл иргэдийн зүгээс манай улсад юмны үнийг тогтоодог газар “Их хурал” байх ёстой байтал лангууны наймаачид болоод таксины жолооч нар дураараа үнэ нэмдэг байдалд бухимдалтай байгаагаа хэлж байсан юм. Өндөр настан Б “Шатахуун 250 төгрөгөөр нэмэгдсэн байхад такси 2200 төгрөг болж нэмэгдэж болно шүү дээ. Гэтэл яагаад 3000 төгрөг болж байгааг хянадаг газар байдаггүй юм” гэлээ. Нийслэл хотод үйлчилгээ эрхэлж байгаа такси үйлчилгээний үнэ тарифын талаар Нийтийн тээврийн Бодлого зохицуулах газрын, такси үйлчилгээний ахлах мэргэжилтэн н.Оюунсүрэнгээс тодруулахад “Манайх үйл ажиллагааны зөвшөөрөл олгодог болохоос төлбөр үнэ тарифыг хянадаггүй. Хувь хүнд таксины зөвшөөрөл хуулиараа олгодоггүй. Үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсны таван компани байдаг. Тэр компаниудтай холбоотой санал гомдол ирвэл цааш нь уламжилж өгдөг.
Тусдаа аж ахуйн нэгжүүд, үнэ тарифаа өөрсдөө үйл ажиллагааны зардалдаа тааруулж гаргадаг болохоор манайхаас хянах боломжгүй. Үнэ ханшийн талаарх мэдээллийг Монополийн эсрэг газар өгч магадгүй” гэв. Гэтэл такси үйлчилгээний үнэ тарифыг хянадаг газар байдаг талаар асуухад “Монополийн эсрэг газар”-ын 11-15 дугаарын лавлах үйлчилгээний ажилтан “Манай байгууллага үнийн хэт хөөрөгдлийг шалгах, зохицуулах чиг үүрэгтэй. Үнэ тариф хянадаг, тогтоодог байгууллага биш, хяналтыг Зам тээврийн яам хариуцдаг. Мөн хувийн такси гэдэг албан ёсны зөвшөөрөл байхгүй болохоор зөрчил гэж үзэж, холбоотой санал гомдлыг цагдаа хуулийн байгууллагад шалгуулах боломжтой” гэх мэдээлэл өглөө.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН



































.jpg)









.jpg)













.jpg)








Сэтгэгдэл