П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, эсвэл бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй

Aдмин / Боловсрол

Улсын Их хурлын гишүүн, Боловсролын сайд асан П.Наранбаяртай ярилцлаа.


-Чуулганы завсарлагаанаар гишүүд амжуулж тойрогтоо ажилладаг. Таны хувьд энэ зун тойрогтоо ажиллахдаа ямар, ямар зүйлийг голчлов?

-Хаврын чуулган завсарласны дараахнаас эхлээд л манай иргэд, олон нийт наадмын амралтад гарчихдаг шүү дээ. Тийм болохоор би чуулган хаахаас өмнөхөн тойргийнхоо иргэдтэй бямба гараг бүрд уулзалт хийгээд явсан. Заримдаа ажлын өдрүүдэд бол оройн цагийг сонгож уулзалтаа хийсэн. Ингэж уулзалт хийхэд иргэд маань маш их идэвхтэй оролцсон. Хүмүүсийн хэлсэн, захисан үг, ирүүлсэн саналыг бүгдийг нь тэмдэглэж авсан. Тэр саналуудаа холбогдох төрийн байгууллагуудад бүгдийг нь хүргүүлсэн.

-Хүмүүсийн хэлж байгаа саналуудын дийлэнх нь ямар асуудал байна вэ?

-Баянзүрх дүүрэгт иргэдийн тавиад байгаа гол шаардлагууд гэвэл нэгдүгээрт, гэр хороолол талдаа газрын асуудал хүнд байна. Газар өмчлөх эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа гэсэн гомдол нэлээд түлхүү байсан. Шинэ суурьшил үүсэж байгаа газрууд буюу ялангуяа Гачуурт чиглэлд цахилгаан хангамж тогтворгүй. Эсвэл үнэтэй, өөрөөр хэлбэл хувь хүнээс авдаг. Зарим газар нь бүр цахилгаан хангамж огт байхгүй. Тийм болохоор Эрчим хүчний яам болон холбогдох газруудад нь хандаад одоо судалгаанууд нь хийгдээд явж байна.

Мөн иргэд маань байгалийн гамшиг, тэр дундаа үер усны аюулын асуудлыг их ярьдаг. Түүний зэрэгцээ Баянзүрх дүүрэгт хүн ам ихсэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал их байна. Дээрээс нь нь байдал нэгэнт ийм байгаа учраас одоо байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудаа тордох хэрэгцээ, шаардлага бий.

-Баянзүрх дүүрэгт гурван жилийн өмнө маш их үер болж, хүний амь нас хүртэл эрсдэж байсан. Гэвч үерийн далан, шуудууны асуудал нь одоо болтол бүрэн баригдаагүй гэсэн. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Үерийн асуудлын үед би нийслэлийн ИТХ-д төлөөлөгч байсан. Тэр үедээ П.Ганзориг, Д.Гантулга бид гурав энэ асуудлыг эртнээс тавьж ирсэн. Харин үер болсны дараа төрөөс хөдөлж эхэлсэн. Гэвч ёстой л нөгөө “Ниргэсэн хойно нь хашгирав” гээч болсон. Ингээд Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Буянгийн зам дагуух газарт далан байгуулагдсан. Гэвч далан байгуулах ажил нэлээд сунжирсан. Гэвч өнөөдөр тэр далангийн бат бөх байдал, байгальтайгаа зохицсон эсэх, иргэдийн таатай орчин бүрдүүлэх тал дээр иргэдээс шүүмжлэл гарсаар байгаа. Урд нь тэнд чинь мод, бургастай, улиасны унгиралаар нь мод тарьчихсан газар байсан. Харамсалтай нь тэр моднуудыг бүгдийг нь тайрч аваад цутгачихсан. Уг нь байгалийг нь нөхөн сэргээх замаар далан хийсэн бол илүү хямд төсөр хийх боломжтой байсан.

-Гэр хороололд мөн үер болж айлууд хүртэл урссан шүү дээ?

-Тийм, Дарь-Эх талдаа. Тийшээгээ жижиг хэмжээний далангууд хийгдээд байдаг. Гэхдээ Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо гэхэд л булаг урсдаг газар бий. Өвөлдөө хөлдөж, тэлдэг. Үүнээсээ болоод хоёр том жалгыг дүүргэж ирдэг байдалтай хэвээрээ байгаа. Иргэдтэй уулзаад явахад үерийн тухай ярьж байна. Ялангуяа Улиастай орчимд айлууд нь үерийн далан руу шахаад буучихсан байгаа асуудал ч бий.

-Та түрүүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн тухай хөндсөн. Уг нь хүүхдийн тоо хэтэрсэн хоёр, гурван сургуулийн дунд шинээр нэмж сургууль барих тухай асуудал яригдаад байсан биз дээ?

-Монгол Улс даяар нийтдээ 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байна гэсэн тооцоо гаргасан байдаг. Миний бие Боловсролын яаманд ажиллаж байхдаа энэ судалгаанд үндэслээд улс орны төсвийн нөхцөл байдал боломжгүй байсан учраас Азийн банкны хөнгөлөлттэй зээлийг татаж ирсэн. Ингээд 33 байршил дээр шийдэгдсэн юм. Тэгээд 30-аад байршил дээр газар чөлөөлж, тендер нь зарлагдсан гэж ойлгож байгаа. Бүх зүйл нь бэлэн болоод л энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд засаг огцорсон. Мөн дуусаагүй барилгуудыг дуусгах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Цар тахлын үеийг дамнасан барилгууд их бий. Дээрээс нь манай улсад барилгын материал, газрын үнэ гэрлийн хурдаар өсөж байна. Төлөвлөлт нь инфлиацаа тооцож чадаагүй нөхцөл байдал бий. Мөн аж ахуйн нэгжийн хариуцлагагүй хандлага, ар өврийн хаалга, магадгүй авлигын аргаар олж авсан сургууль барих зөвшөөрөл, төсвөөс орсон хөрөнгө оруулалтуудыг нэг бүрчлэн шалгах шаардлагатай. Боловсролын яам 2025-2026 онд нэлээд сайн ажиллаж 21 барилгыг дуусгаж чадсан. Цаашдаа сургууль, цэцэрлэгийг барихдаа төр-хувийн хэвшлийн түншлэлийг түлхүү оруулж ирэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн мөнгөөр баривал ингэж олон жил болохгүй. Аль болох хурдан барьж хүлээлгэн өгөөд, мөнгөө эргэлтэд хурдан оруулахыг л зорино. Төрийн мөнгөөр барихаар аль болох удааж, төсөвт тодотгол хийлгэж нэмүүлэх буруу арга ажиллаад байгаа. Яагаад хувийн хэвшил барихаар хямд, төр оролцохоор үнэтэй байдаг юм. Н.Номтойбаяр сайд хувийнхаа мөнгөөр Сэлэнгэ аймагт сургууль бариад хүлээлгэж өгч байсан. Түүний зардлыг нь сонсохоор итгэмээргүй хямд зардлаар барьсан байгаа юм. Тэгэхээр энэ талд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Ер нь төсвийн маш тодорхой, ил тод байдал л чухал.

-Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ салбарын сайдаар ажиллаж байсны хүний хувьд харахад хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн байгаа болов уу. Үүн дээр юу хэлэх вэ?

-Хэр бэлэн байгааг одоогийн сайдаас нь асуух нь зүйтэй. Ер нь зүгээр дээрээ улам л данхайгаад байх нь дэмий. Нэг агентлагийг Боловсролын ерөнхий газар гээд данхайлгаад хаячихлаа. Хуучин нэг яам хийж байсан. Нийслэлийн болон аймгуудын Боловсролын газар нь байж л байсан. Гэтэл дунд нь нэг газар гаргаж ирээд, хэдэн зуугаар нь хүн аваад эргээд данхайлгачихлаа. Тэгээд ажил нь явж байна уу гэхээр тийм биш. Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хөтөлбөр нь батлагдсан. Одоо үүнийг дунд болон ахлах дээр нь хийж дуусгах ёстой. Энэ шинэчлэлийг хийхгүй бол дэлхийн хөгжлийн хурд чинь улам л гүйцэгдэхгүй болж байна. Хэдхэн жилийн өмнө хиймэл оюун гэдэг ярьдаггүй. Ярьдаг болсон ч жаахан хүүхэд шиг байсан. Гэтэл хэдхэн сарын дараа гэхэд одоо дундаж оюутнаас илүү хэмжээнийн найруулгатай бичдэг болчихлоо. Ийм нөхцөл байдалтай байхад боловсрол өөрөө өөрчлөгдөх ёстой. Мөн бид танхимын сургалтын ач холбогдлыг бууруулж болохгүй. Хот, хөдөөгийн боловсролын ялгаа гүнзгийрсэн нь судалгаагаар харагдсан шүү дээ. Хөдөө нь хэт хоцорчихсон. Тиймээс зарим бодлогоо эргэж харах хэрэгтэй. Хүүхэд бүрд суурилсан гадагшаа урсдаг валютын урсгалыг бид тооцох ёстой. Үндэснийхээ эрдэмтэд, сэхээтнүүд, багш нарт бид итгэх цаг болсон.

-COP17 хурал ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор их дээд сургууль, зарим дунд сургуулийн хичээлийг цахимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ийм хэмжээний томоохон хурлыг хүлээж авахад манай улс бэлэн үү, үгүй юу. Одоо чинь бүхий л зүйлээ засаг дээрээ ярьж, шийдэх гээд л яваад байна. хөгжингүй орнууд, урд хөршид л гэхэд нэг хотын хүрээнд л шийдчихэж байна шүү дээ. Логистик буюу зохион байгуулалтыг нь нэг компани нь л хийж байна. Ийм хэмжээний дэд бүтэц байна уу гэдгээ л бид харж байх ёстой. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сүүлийн дөрвөн жил зөвхөн энэ хурлыг л ярьлаа. Гэхдээ би энэ хурлын ач холбогдлыг үгүйсгээгүй. Бас болж л байна. Өнөөдөр сэрүүн салхитай нь манайх л байх шиг байна. Бусад газарт ган гачиг болж байна. Дунай мөрөн ширгэчихсэн. Румын улс атомын цахилгаан станцаа хаахад хүрч байна. Яагаад гэхээр Дунай мөрөнгөөс хөргөдөг усаа татдаг байсан. Гэвч нөгөө талдаа манайд ч гэсэн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан ган, зудын гамшиг тасрахгүй байна. Тэгэхээр үүнийг дэлхийн тавцанд аваачих нь зүйтэй. Гэвч бид юу олох вэ, бэлэн байсан уу гэдгээ асуух л ёстой. Наадмын үеэр би Хөвсгөл аймгийн Баянзүрх сум, Ноён ууланд очиж байгаль хамгаалагч нартай нь уулзсан. Гэтэл эргүүлээ хийхэд нь зориулж олгодог байсан 20 литр бензины хэмжээг нь 10 болгочихсон байна. Ингээд зогсохгүй байгаль хамгаалагч нарынхаа тоог цөөлчихсөн. Тэр өргөн уудам нутгийг чинь хамгаалахын тулд хүн, хүч хэрэгтэй. Ийм зүйл дээр хэмнэсэн мөртлөө нөгөө талдаа хэдэн мянган хүн авч ирэхийн тулд ийм их мөнгө зарцуулж байгааг эргэж харах л хэрэгтэй. Энэ хурал өнөөдөр хотын төвдөө шавааралдсан нийгмийн амьдралд хүртэл нөлөөлж байна. Тийм болохоор Боловсролын яамнаас хэсэгчилж ийм шийдвэр гаргаж байна гэж харсан. Нэмээд хэлэхэд хурал цуглаан хийгээд урагшилдаг бол урагшилахаар л боллоо. Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах хэрэгтэй. Хэрвээ хийвэл бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өг. Тэгээд төр нь бодлогын шинжтэй илтгэлээ тавихаар л очино биз. Одоо монголч эрдэмтдийн хурал болж байна. Энэ их сайн, гурван жил тутамд хийдэг нь зөв. Гэхдээ үүнийгээ аялал жуулчлалын компаниудтайгаа уяж өгөх хэрэгтэй. Тэр хурал дээр нь очоод танилцуулгаа өгөөд, үзүүлээд байж байх ёстой. Нэгэнт Монголд ирчихсэн юм чинь хэд хоног ч гэсэн аялахыг л бодно. Ийм байдлаар хувийн хэвшилээ дэмжсэн зүйл рүү л орох ёстой юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.