Л.Банзрагч: Дуу бүхнээ ерөөл гэж бодож дуулдаг
“Миний ардын сэтгэл цагаан”, “Заллага”, “Хүмүүний сайхан хайрыг”, “Ганцхан уулзаад тэврүүлэхсэн” зэрэг сайхан дуунаадаар олон түмэндээ алдаршсан, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Лодойн Банзрагчтай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу, хөдөө нутгаар сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудаар яваад Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн ойд оролцоод ирлээ. Хар ус нуурын эрэгт байрладаг, үзэсгэлэнт сайхан байгальтай Дөргөн сум янзын сайхан. Хар ус нуурын шагшуурга цэл ногоон, бадамлянхуа цэцэг нь нуурын мандалдаа хөвөн бүрхсэн гайхалтай сайхан байгаль тэнд байдаг юм байна. Говь-Алтай аймгийг ийм сайхан ногоон байхыг өмнө хараагүй. Зуншлага үнэхээр сайхан байна. Байгаль дэлхий минь эргээд сайхан сэргэсэн жилүүд юм болов уу гэж талархан бодож явлаа.
-Таны бага нас, нутаг усны талаар яриагаа эхэлье?
-Би Увс аймгийн Тэс суманд төрж өссөн. Өвөг дээдэс маань, Алтай давж орж ирсэн Жажин гүний хошууны, торгууд Гүн ноён Жажинбал, Юнрэн гэж ах дүү тайж гаралтай улс байлаа. Юнрэнгийн Лодой гэж миний аав. Ах дүүсийн үр удам одоо ч садан төрлийн холбоотой байдаг. Ээж маань Басангийн Дагдан гэж олон алаг адуутай чинээлэг айлын ач охин байсан гэдэг. Аав ээж хоёр маань насаараа буянт малаа өсгөж, 11 хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн, уламжлалт өв соёлоо дээдэлсэн малч хүмүүс байсан. Би 11 хүүхдийн багын дээд талынх. Манай ахан дүүс Сэлэнгэ аймгийн Хушаат суманд суурьшаад хориод жил болж байгаа.
-Та аав ээжийнхээ аль талаас дууч хоолойг өвлөсөн бэ, удамд нь дуучин улс байсан болов уу?
-Аав талаасаа өвлөсөн болов уу гэж боддог. Миний аав болон авга ах, эгч нар их нарийн дээд өнгөөр цангинасан цээл хоолойгоор сайхан дуулдаг улсууд байсан. Миний аав Ю.Лодой, авга эгч Тоозор, авга ах Бордаав /Өлзийтогтох/ нар найранд сайхан аятай дуутай. Авга ах цэргийн албанд яваад ирэхдээ ардын богино дуунуудыг сурч ирээд нутаг усандаа дуулж дэлгэрүүлж явдгаараа алдартай хүн байсан гэдэг. Тухайн үед цэргийн албанд таван жилээр явдаг байсан гэлцдэг.
Аймгийн төвийн театр чуулгад дуулуулах хүсэлт тавихаар нь суурин газар идээшихгүй хөдөөгөө буцчихдаг байсан гэдэг.
-Таны дуучин болох гараа яаж эхлэв. Анхны уран бүтээлийнхээ тухай ярьж өгөөч?
-Би Увс аймагтаа 10 жилийн сургуульд байхаас дуулдаг хүүхэд байлаа. Манай Тэс сумын дуу хөгжмийн, Монгол Улсын Гавьяат Найдан багш маань авьяаслаг хүүхдүүдээ аймгийн төв рүү уралдаан тэмцээнд их авч явдаг байсан. 1991 онд Улаангомоос дуулдаг хүүхдүүдээс шалгарч, Тува хүүхдүүдтэй хамт Оросын Горно-Алтай гэх мэт хотуудаар соёлын солилцоогоор аялан тоглолтоор явж ирсэн минь дуучин болох хүүхэд насны хүслийг минь улам бадраасан болов уу гэж боддог. Дуучин Р.Дэлгэрмаа, Л.Болдбаатар нартай хүүхэд байхаасаа урлагийн тоглолтуудад хамт оролцож ирсэн. 10 жилийн сургуулиа төгсөөд 1996 онд аймгийн театрт дуучнаар ороод хоёр жил гаруй ажиллаад байж байтал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гуай, Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амар гуай хоёр баруун таван аймгийн дунд зохиогддог “Хөх Монгол” тоглолтыг найруулахаар, Увс аймагт очиж таараад намайг хот руу явж СУИС-д сурах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэр жилийн “Хөх Монгол” тоглолтын тэргүүн байрыг манай Увс аймгийн театр эзэлж, Улаанбаатар хотод ирж тоглолтоо толилуулж байв. Театрт байхдаа Хөвсгөл аймгийн харьяат, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Банзрагч гуайн дуунуудад их дуртай, бүх дууг нь дурлаж дуулдаг байлаа. Ингээд 1998 онд СУИС-д Монгол Улсын Гавьяат багш, уртын дуучин Ц.Дэлгэр багшийн удирдлага дор уртын дууны ангид суралцаж төгссөн. Анхны уран бүтээл гэвэл Төрийн шагналт Н.Жанцанноров гуайн аялгуу, Яруу найрагч Б.Ичинхорлоо гуайн шүлэг “Сүндэрьяа” хэмээх дууг дуулж байлаа. Дараа нь “Ухаарлын дуу”, мөн дуучин Р.Дэлгэрмаатай хамтдаа “Хайраар уяатай хорвоо” зэрэг дуунуудаа оюутан байхаас дуулж эхэлсэн дээ. 2006 онд “Эргэн санах аялгуу” хэмээх Д.Банзрагч гуайн дуунуудыг сэргээн дуулж анхны тоглолтоо тавьж байлаа.
-Та яагаад МУГЖ Д.Банзрагч гуайн дуунуудад дуртай байсан бэ, ижил нэр нөлөөлсөн болов уу?
-Хүний нэр гэж бас их сонин хувь заяа шиг санагддаг. Миний анхны төрсний гэрчилгээн дээр Л.Өвгөнхүү гэж нэр байдаг. Би аавынхаа 49, ээжийнхээ 43 настайд нь төрсөн хүүхэд юм. Тухайн үеийн эх баригч, сувилагч нар хүүхдүүдэд нэр өгчихдөг байсан юм гэсэн. Намайг өвгөн хүний хүүхэд гээд тэгсэн юм уу, тийм нэр өгчихсөн байсан гэдэг. Гэтэл бага жаахан байхдаа өвдөөд болдоггүй, аав ээж хоёр маань нутгийн мэргэн Лхамсүрэн гэж хөгшин дээр арга чарга асууж очиж л дээ. Хөгшин үзээд нэр нь биш байна даа гээд, олон нэр хэлүүлж үзээд болохгүй байна гээд байж гэнэ. Гэтэл яг тэр үед асаалттай радиогоор Д.Банзрагч гуай дуулж таарч. Энэ нэрийг үзээдэхье гээд төлөг буулгаж үзээд, яг болно гээд энэ нэрээ авсан их сонин түүхтэй. Хожим дуунуудыг нь дуулах тавилан, дараа нь тэр эрхэм дуучны цолонд нь хүрсэндээ ихэд билэгшээн талархаж явдаг даа.
-Нийтийн дуу юугаараа онцлогтой вэ, энэ талаар та юу гэж боддог вэ?
-Аливаа дуу хөгжим, эртнээс нааш өвлөгдөж ирсэн уртын дуунууд, дараа нь ардын богино дуунууд үүсч амнаас ам дамжин дуулагдсан биет бус өв юм. Монголчуудын цусанд байдаг язгуур өв соёл бол ардын аман зохиол, тууль, домог, түүх, ахуй соёл. Тэрхүү соёлыг биет бусаар ам дамжуулан өдгөөг хүртэл тээж ирсэн байдаг. Хувьсгалын үеэс Шивээ хиагт, Идэр жинчин, Магнаг үсэгтэй туг гэх мэт дуунууд зохиогдон дуулагдаж эхэлсэн байдаг. Түүнээс улбаалж шинэ цагийн нийтийн дуу үүсч хөгжсөн. Орос улсад хөгжмийн боловсрол, мэргэжил эзэмшсэн алтан үеийнхэн маань монголдоо хөгжмийн урлагийг төрөл жанраар хөгжүүлж, сонгодог урлагийн үндсийг тавьж хөгжүүлж ирсэн. Манай АЖ Л.Цогзолмаа, АЖ Г.Түмэндэмбэрэл, УГЖ В.Оросоо, Алдарт П.Адарсүрэн, УГЖ Д.Банзрагч гээд алтан үеийнхэн маань өв тээгч нар юм шүү дээ. Бидний үеийн хэсэг дуучид нийтийн дууны эргэлт гэх үү, шинэ хуудас бичилцсэн юм болов уу гэж боддог. Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа тэргүүтэй бидний дуучид олноор гарч ирсэн. Олон түмэндээ сайхан ч уран бүтээлүүдээ хүргэж явна.Би дуучин С.Жавхлангаа монгол өв соёлыг сэргээх, эх орон нутаг усаа энэрэх, магтан дуурсах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан олон ч үйл хэрэгт түүчээлж, нөлөөлж яваад нь бахархдаг. Хэдхэн жилийн өмнө монгол дээлээ өмсөөд, нэгэн нэвтрүүлэгт орох үед нь ёжлонгуй өнгөөр хандаж байсан бол өнөөдөр залуус маань нийтээрээ дээл хувцсаа өмсөхөөс ичдэггүй болсон байна. Энэ бол бага гэхгүй өв соёлоо хадгалах, үндэсний дээл хувцсыг зөв сайхан өмсөхийг уриалж байсан сайн нөлөөлөл гэж боддог. Уртын болоод ардын нийтийн дуу гэдэг язгуур соёлыг эрхэмлэж, дотроо ухаарал хүмүүжлийг түгээдэг болохоор зохиолын дуучид маань элдэв муу зүйлс, хар тамхи, хараал хэрүүл, архи дарс хэрэглэх, аав ээжээ зовоох зэргээс ангид байдаг л даа.
-Та мэргэжлийн уртын дуучин хүн. Уртын дуу, зохиолын дуу хоёр дуулах үед хэр ялгаа мэдрэгддэг вэ?
-Маш ялгаатай. Тавилт, техник нь өөр. Уртын дуу илүү их ур чадвар шаарддаг. Дуу бол дуу, дуучин бол дуучин гэж ойлгож болохгүй. Уртын дуугаа хэсэг дуулж байгаад зохиолын дуугаа дуулахаар хэцүү байдаг, нэлээд бэлтгэл шаарддаг. Зохиолын дууг дуулах арга барилыг сонсогчдод ялгаатай байдлаар хүргэх гэдэг нь дуучнаас бас ур чадвар шаарддаг. Түүнтэй ижилхэн рок поп дууг зохиолын дуучид дуулахад амаргүй. Түүнээс гадна өөрт тохирсон сайхан дууг дуулах гэдэг нь бас хувь тавилан. Хичнээн байгалиас өгөгдөлтэй байгаад хөдөлмөрлөж хичээхгүй бол дуу аялгууг олонд хүргэж чадахгүй. Дуулсан дуу бүхэн нь нийтэд хүртээл болдог ч дуучин байдаг. Сүүлийн үед дууг нийтэд хүргэхийн тулд зөвхөн дуучин биш, хөгжмийн зохиолч, яруу найрагч, хөгжмийн найруулагч, студи гээд багаар ажиллаж байж амжилтанд хүрдэг болсон байна.
-“Хүмүүний сайхан хайрыг” дуу хэрхэн бүтсэн бэ?
-Ганц сайхан хүүгээ унтаагаар нь алдсан нэгэн ээжийн хүүдээ зориулан хийлгэсэн дуу юм. Тэр ээж Бөртэ-Үжин гэж бүсгүйгээр шүлгийг бичүүлээд, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн бид хоёр дууны шүлэг дээр жаахан ажиллаад, ковидын дараахнаар 2021 онд Пүүжээгийнхээ студи дээр хоолой бичүүлж, лайв хийчихээд орхичихсон байдаг юм. Гэтэл 2023 оны наадмаас эхлээд л энэ дуу маань цацагдаад эхэлсэн. Дуу түмэнд хүрэх өөрийн гэсэн хувь тавилан, цаг хугацаатай байдаг гэж боддог. Хүмүүнээс төрдөг хамгийн сайхан мэдрэмж бол хайр юм. Хайр олон янзын өнгөтэй, аав ээж болоод үр хүүхдийн хоорондын нандин хайр, хань ижил болоод хүнийг дурлан хайрлах хайр, тэр бүү хэл адуу мал, нутаг ус, ахуй амьдралаа хайрлах хайр ч гэж бий. “Хүмүүний сайхан хайрыг” дуу бол энэ бүх хайрын олон өнгийг дотроо багтаасан дуу гэж болно. “Уужран уужран бодоорой, хорвоогийн амгалан сайхныг...” гэдэг нь өглөөний нарыг үзэхээс эхлээд хүний амьдралд таарсан бүхнээ уужуу энэрлээр бодож хайрлахын тухай хүргэхийг хичээсэн гэж боддог. Тэр тусмаа сүүлийн үед монголчууд бид стресс бухимдалтай, бие биедээ их ширүүн хүйтэн хандах болж. Тэгэхээр энэ дуугаар уужим талдаа тархан суурьшсан, уг монгол хүнийхээ уужуу сайхан сэтгэлийг хадгалж, биендээ энэрэнгүй сайхан хандаасай гэсэн санаа бас бий.
-Таны хүүхдүүд дуулдаг уу. Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?
-Хань бид хоёр нэг нутгийн улс. Миний хань санхүүгийн мэргэжилтэй ч урлагийг маш сайхан ойлгодог бүсгүй бий. Бид хүү, охин хоёртой. Одоогоор хүүхдүүд маань дуу хуур их сонирхдоггүй. Бид нэг их хүчилдэггүй ээ.
-Та нийт хэдэн уран бүтээлтэй байна. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярихгүй юу?
-Нийт 200 орчим дуутай болов уу. Дөрвөн цомог бичүүлсэн байдаг. Сүүлийн үед CD-ээр сонсдог хүн байхгүй болсон болохоор 70 дуутай флаш гаргасан. Одоогоор шинэ уран бүтээл гэвэл Соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэнтэйгээ хамтран хэдэн дуун дээр ажиллаж байна. Тун удахгүй сонсогчдодоо хүргэнэ ээ. Монголчууд дуу хууранд сэтгэлийн баясал эдэлдэг сайхан түмэн шүү дээ. Түмэн олондоо дуучин болж хүндлэгдэнэ гэдэг их сайхан хувь тавилан гэж бодож талархаж явдаг. Тэр сайхан хүндлэлийг дааж явах гэдэг нь чухал. Би 1996 оноос хойш 30 орчим жил дуулж явна. Аль болох дүү нартаа үлгэр жишээ болчих юмсан гэж хичээж, сонсогч олныхоо сэтгэлийг чилээхгүйг бодож явдаг. Миний дуунуудын хувьд дандаа сайн сайханд уриалсан, аргадаж ухааруулсан ерөөл байдаг. Жишээ нь, би нууц амрагийн тухай дуулж байгаагүй, дуулах ч үгүй. Мөн би дуунууддаа маш хүндэтгэлтэй ханддаг. “Заллага” гэж сайхан дуугаа, МУГЖ Н.Чулуунхүү гуайдаа хадаг барин очиж гуйж эрхийг нь авч дуулж байлаа. “Миний ардын сэтгэл цагаан” дуугаа СГЗ Ш.Сүрэнжав гуайгаас, УГЗ Эрдэнэбат гуайн охин Оюунцэцэг эгчээс дуулах эрхийг нь өөрийн биеэр очиж гуйж байв. Уран бүтээлч залуус дүү нарыг ч мөн бусдынхаа оюуны бүтээлд хүндлэлтэй ёс суртахуунтай хандаасай гэж хүсдэг.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.Дарийм

















.jpg)



















































Сэтгэгдэл