ДАШТ-2026: К.Мбаппе О.Жиругийн дээд амжилтыг эвдэж, Францын шигшээд хожил авчирлаа
Францын шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе Сенегалын багтай хийсэн тоглолтод дубль хийснээр үндэсний шигшээ багийнхаа түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч боллоо. "ДАШТ-2026" тэмцээний "I" хэсгийн эхний тоглолтод Францын баг 3:1-ээр хожжээ. Нью-Йорк хотноо болсон тоглолт Сенегалын шигшээ багийн аюултай довтолгоонуудаар эхэлжээ. Николас Жексон гоол оруулахад тун ойрхон байсан ч түүний цохисон бөмбөг хаалганы штанг болон хаалгач Майк Меньяныг оноод, хаалганы шугамыг давсангүй. Дараа нь довтлогч бөмбөгийг торонд оруулсан ч шүүгчид отон тоглолт гэж үзэн гоолыг тооцсонгүй. Исмаила Сарр бас нэг гоол хийх боломжийг алджээ. Завсарлагааны дараа дэлхийн дэд аваргууд талбай дээр тоглолтыг удирдаж эхлэв. Дезире Дуэ өрсөлдөгчийнхөө хаалганд аюултай довтолгоо өрнүүлсэн бол удалгүй Майкл Олисе, К.Мбаппе нарын цохилтуудыг Эдуар Мендиг чадварлаг хааснаар багаа аварлаа.
Тоглолтын 66 дахь минутад М.Олисе К.Мбаппег цохилт хийх ашигтай байрлалд гаргаснаар Францын шигшээгийн ахлагч тоглолтын салхийг хагаллаа. Энэхүү гоол нь түүнийг Оливье Жиругийн үндэсний шигшээ багтаа оруулсан 57 гоолын дээд амжилттай эн тэнцүүлэв. Сэлгээнээс талбайд гарсан Брэдли Баркола Францын шигшээ багийн тэргүүллийг ахиулсан бол шүүгчийн сунгасан нэмэлт цагт сенегалчууд Ибрахим Мбайегийн гоолоор хариу барилаа. Гэсэн ч нэмэлт цагийн зургаа дахь минутад К.Мбаппе торгуулийн талбайн гаднаас гайхалтай цохилт хийж, тоглолтыг шийджээ.
Ингэснээр К.Мбаппе шигшээ багийнхаа төлөө оруулсан гоолынхоо тоог 58-д хүргэж, Францын түүхэн дэх шилдэг мэргэн бууч боллоо. Энэхүү хожил нь "Ле Бле"-чүүд 2002 оны ДАШТ-ий эхний тоглолтод Сенегалын багт хожигдож байсан түүх давтагдахаас сэргийлж чадлаа.
Одоо К.Мбаппе өөр нэгэн түүхэн амжилтыг тогтооход тун ойрхон ирээд байна. Тэрбээр ДАШТ-д нийт 14 гоол оруулаад байгаа бөгөөд 16 гоол оруулсан Германы довтлогч Мирослав Клозегийн дээд амжилтыг эвдэхэд ердөө 2 гоол дутуу байна. Ташрамд сануулахад, АНУ, Мексик, Канад улсуудад болж буй "ДАШТ-2026"-д анх удаа 48 шигшээ баг оролцож байгаа бөгөөд 12 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Плей-оффын шатанд 32 баг шалгарах бол аваргын төлөөх өрсөлдөөн ДАШТ-ий түүхэнд анх удаа 1/16 шигшээ тоглолтоос эхэлнэ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
































































Сэтгэгдэл