Х.Баатархүү: Эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн айлчлал боллоо
Хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.
-Хятадын гадаад хэргийн сайд Ван И сая манай улсад айлчлаад буцлаа. Түүний энэ удаагийн айлчлалын гол зорилгыг та юу гэж харж байна вэ. энэ нь хоёр талын харилцааны ээлжит уулзалт уу, эсвэл илүү том стратегийн түвшний бэлтгэл ажил байв уу?
-2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн гадаадын 24 улсын дээд хэмжээний төр засгийн тэргүүнийг БНХАУ хүлээн авч, АНУ, ОХУ тэргүүтэй дэлхийн тэргүүлэх томоохон улс гүрний удирдагчид Бээжин тийш зорьсон. Олон улсын харилцааны “Beijing time” гэж нэрлэгдэж буй Хятадын гадаад бодлогын өндөр идэвхжилтэй энэ үед ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийж буй нь Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлдээ Монгол Улсыг маш чухалчлан үздэг, мөнхийн сайн хөрш, сайн түнш гэж өндөр ач холбогдол өгч буйг харуулж байна. Олон улсын тогтворгүй байдал, дэлхийн хэмжээнд улам бүр сорилтууд тулгарч байгаа одоогийн нөхцөл байдалд хоёр талын харилцан туслалцсан, ашигтай хамтран ажиллаж буй манай хоёр улсын харилцаа бол дэлхий дахинаа хөрш орны харилцааны үлгэр жишээ гэж үзэх хэмжээнд хөгжиж байна. Талууд иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачилгуудын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулж, тус тусын улс орны онцлогт нийцсэн орчин үеийн хөгжлийн төлөө хамтран ажиллах үүднээс уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэр, дэд бүтэц, харилцан холболт, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон үр дүнтэй айлчлал боллоо гэж судлаачийн хувьд үзэж байна.
-Гадаад хэргийн сайд гэдэг бол улс орныхоо гадаад бодлогын гол хүн байдаг. Тэр утгаараа Ван И-гийн энэ удаагийн айлчлалыг Ши Жиньпиний айлчлалын өмнөх дипломат бэлтгэл гэж харж болох уу?
-Монгол хүний зочломтгой сайхан соёл уламжлалаараа бид алс холоос зорин ирэх хүндэт зочид, анд нөхдөө хүлээн авахад үргэлж бэлэн байдаг. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үед тус улсын дарга Ши Жиньпинийг манай улсад төрийн айлчлал хийхийг урьсан билээ. Ван И сайдын энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон талаар албан ёсны хэвлэлийн мэдээлэлд дурдсан байсан. Энд дурдсан дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах гэсэн өгүүлбэрт судлаачид, сэтгүүлчид ач холбогдол өгч дээрх таамаглалыг дэвшүүлсэн байх гэж бодож байна. Гадаадын зарим хэвлэл дээр тиймэрхүү таамаглал гарсныг бас харсан. Одоогоор айлчлалтай холбоотой ямар нэгэн албан ёсны тов мэдээлэл гараагүй байна.
-Монгол-Хятадын харилцаанд хамгийн чухал асуудал болсон худалдаа, боомт, уул уурхайн экспортын чиглэлээр энэ айлчлалаас бодит ямар бодит үр дүн гарах вэ?
-Олон улсын байгууллагын судалгаагаар, БНХАУ-ын эдийн засгийн нэг хувийн өсөлт бүр нь Монгол Улсын экспортыг дөрвөн хувиар, эдийн засгийг 0.6 хувиар өсгөх хэмжээнд нөлөөлдөг гэсэн тоо бас байдаг. Энэ нь хоёр улсын өндөр түвшинд харилцан нөхдөг эдийн засгийн нягт харилцаа нөлөөлөл өндөр буйг харуулж байгаа юм. Манай хоёр улсын хоёр дахь хил дамнасан төмөр замын холболтын гүүрэн байгууламж графикийн дагуу баригдаж байгаа бөгөөд энэ нь хоёр орны хилийн төмөр замын боомтыг дэд бүтцээр холбох, гадаад худалдаа, дамжин өнгөрөх тээвэр нэмэгдүүлэх гээд олон чухал нөлөөтэй бүтээн байгуулалт билээ.
2026 оны эхний таван сарын байдлаар манай улсын нийт экспортын дийлэнх буюу 90 гаруй хувийг БНХАУ руу хийсэн экспортын худалдаа бүрдүүлжээ. Энэ хугацаанд Хятад руу нийт 8.47 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд нүүрс экспорт биет хэмжээгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчимтэй өссөн байна. Энэ оны 1-5 дугаар сард Хятад руу 48.9 сая тонн нүүрс гаргасан нь биет хэмжээгээр 53 хувиар огцом өсөж, Хятадын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсаас давжээ. Оны эхний улиралд зэсийн баяжмалын дараа орох гол экспортын бараа нь чулуун нүүрс байж, экспортын нийт орлогын 35.9 хувийг дангаар бүрдүүлжээ. 2026 оны эхний саруудад Хятадын дотоодын уурхайн аюулгүй үйлдвэрлэлийн хяналт шалгалт чангарч, Австралиас авах импортоо бууруулах бодлого баримталснаар манай нүүрс урд хөршийн зах зээлд боломжийн эрэлттэй байна. Зарим шинжээчдийн тооцоогоор Монгол Улсын нүүрсний экспорт энэ онд 100 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Манай улсын эдийн засгийг солонгоруулж экспортыг төрөлжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, хорио цээрийн протоколуудыг байгуулахаар ярилцсан нь энэхүү салбарт маш чухал үр дүн авчрах байх. Мөн Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрийг урагшлуулах хүрээнд За-мын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн хурдны авто замын төсөл, байгалийн хийн хоолойн төслийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэрэг талаар ярилцжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, газрын тосны олборлолт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар энэ айлчлалын үед талууд дэлгэрэнгүй хэлэлцсэн талаар албан мэдээлэлд дурдсан байсан.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
М.МӨНХ
































































Сэтгэгдэл