УИХ-аар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлагдах хүртэл нийслэлийн иргэнд шинээр газар олгохыг түр зогсоосон
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд нийслэлийн газар зохион байгуулалттай холбоотой санал гомдол иргэдээс байнга ирдэг.
Иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр (2026.06.24) Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 онд хэрэгжүүлж байгаа ажлын явц, төлөвлөгөө, газар чөлөөлөлт, өмчлөх, эзэмших, Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт зэрэг тулгамдсан асуудлаар Нийслэлийн ИТХ-д Баянзүрх, Налайх, Багахангай дүүргээс сонгогдсон төлөөлөгчид Нийслэлийн болон дүүргийн газрын албаныхантай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Нийслэл нь 470.444 га нутаг дэвсгэртээ Хүннү хотын 31.503 га газрыг нэмснээр нийт 501.947 га газартай болсон. Мөн 2026 онд нийслэлийн 4 байршлын газрыг улсын, 3 байршлыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Гэр хорооллыг орон сууцжуулах, автозам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зорилгоор газар чөлөөлөх ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байна.
2024-2026 онд нийт 28 дуудлага худалдааг зохион байгуулж, 24.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Газрын тухай хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, эрх шилжих хөдөлгөөн хийх эрхтэй болсон. Харин зориулалт өөрчлөх, газар олгох асуудал нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар хийгдэнэ” гэж танилцуулав.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт 2028 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болно. Хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 213.579 иргэнд 11.396 га газрыг өмчлүүлсэн байна. Энэ нь нийслэлийн нийт иргэний 12 хувь нь 0.07 га газраа өмчилж авсан гэсэн үг. Одоогоор нийслэлийн иргэнд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул энэ талаар тодруулж, “Иргэн 0.07 га газраа өмчилж авах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Иргэд энэ талаар тодорхой ойлголт авч чадахгүй байна гэдгээ илэрхийлж байна. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тодорхой мэдээлэл өгөөч” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн 9 дүүргийн газрын алба иргэдээс цахимаар өргөдлийг нь авч эхэлсэн. Одоогоор 161.470 хүсэлт ирсэн байна. 825 өргөдлийг тодорхой шалтгаанаар буцаасан. Газар олгох асуудлыг УИХ-аар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлагдах хүртэл түр зогсоосон. Энэ төлөвлөгөө батлагдсаны дараа дүүрэг бүр дээр нөөц газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батална.
Газрын тухай хуульд дээрх төлөвлөгөөг үндэслэж байж газар олгоно гээд заачихсан. Тус хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр газар олгох эрхтэй ганцхан субъект нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байгаа” гэсэн хариулт өгөв.


































































Сэтгэгдэл