Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг татаж авахыг Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд Г.Дамдинням нараас шаардаж байна
Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордны III давхарт болж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах 3 асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.
1. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд ноцтой хүндрэл үүссэн нөхцөлд тухайн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор зарим хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцдэг. Гэвч сүүлийн үед Үндэсний их баяр наадам дөхөхийн хэрээр яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төслийн тоо эрс нэмэгдэж байна.
Яаралтай горимоор хэлэлцэх үед хуулийн төслүүдийг нухацтай, өргөн хүрээнд хэлэлцэх боломж хумигдаж, олон нийтийн анхаарал ч сарнисан байдаг. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд оруулах зарим өөрчлөлт нь зайлшгүй яаралтай горимоор шийдвэрлэх шаардлагатай асуудал биш гэж үзэж байна. Иймээс бэлтгэл ажлыг сайтар хангаж, олон талын санал дүгнэлтийг тусгасны үндсэн дээр намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх нь зөв.
Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санаачлан өргөн барьсан олон хуулийн төсөл удаан хугацаанд хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачилсан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Б.Түвшингийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаад нэг жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй. Үүний үр дүнд Ардчилсан намын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй удаашруулж, улмаар Засгийн газрын хууль болгон хувиргах гээд хав дарчихдаг байдал ажиглагдах боллоо.
2. Би Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх батлах үед Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан бөгөөд тухайн гэрээг дэмжиж саналаа өгч байлаа. Тэр үед танилцуулж байсан тооцоо, судалгаагаар Монгол Улс анхны ногдол ашгаа 2019-2020 оноос эхлэн хүртэнэ гэж мэдээлж байсан.
Гэтэл өнөөдөр 2026 он болсон ч бид ногдол ашгийн асуудлаар маргалдсаар байна. 6 жил өнгөрсөн ч Монголын ард иргэд ногдол ашгаа авч чадсангүй.
Энэ асуудлыг Засгийн газар үгүйсгэж, тайлбар хийхээс илүүтэйгээр хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, хуримтлагдсан зээл, зээлийн хүү болон хүүгийн өр төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Хэрэв эдгээр асуудлыг бодитойгоор шийдэж чадвал Монголын ард иргэд ногдол ашгаа авах бүрэн боломжтой болно.
Оюутолгой компани энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр ойролцоогоор 5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэх мэдээлэл бий. Үүнээс Монгол Улсын эзэмшдэг 34 хувьд ногдох ашгийг тооцвол 1.5-1.6 тэрбум ам.долларын өгөөж хүртэх боломжтой гэсэн үг. Иймээс ногдол ашиг олгох боломж бодитоор байгаа нөхцөлд Засгийн газар иргэдтэй маргалдах бус, асуудлыг шийдвэрлэх бодит алхмуудыг хийж, ногдол ашгийг иргэдэд хүртээх чиглэлд ажил хэрэгч шийдэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг ажил хэрэг болгоосой.
3. Үндэсний их баяр наадам дөхсөн энэ үед Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Гэвч энэ нь Засгийн газрын нэгдсэн байр сууриас илүүтэй салбарын сайд Г.Дамдиннямын санаачилга байсан болов уу. Мэдээж сайд хууль санаачилж, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах эрхтэй. Харин тэрхүү бодлого нь Монгол Улсын үндэсний эрх ашигт бүрэн нийцсэн байх ёстой.
Гэтэл Оюутолгойн бүлэг ордын тодорхой хэсгийг эзэмшиж буй компанитай хэлэлцээ, гэрээний асуудал үргэлжилж байгаа үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 3 дахин бууруулах агуулгатай хуулийн төсөл өргөн барьж буй нь ноцтой асуудал. Үүнээс нэг асуулт урган гарч байна. Энэ хууль яг хэний эрх ашигт үйлчилж байна вэ?
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж, нэг тонн нь 10 мянган ам.долларыг давсан байна. Ийм таатай нөхцөл бүрдсэн үед Монгол Улс байгалийн баялгаасаа хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх талаар ярьж, ажиллах учиртай. Гэтэл эсрэгээрээ улсын төсөвт төвлөрөх орлогыг бууруулах, баялгийн үр өгөөжийг багасгах шийдвэр санал болгож байгаа нь үндэсний эрх ашигт харш алхам гэж үзэхээс өөр аргагүй.
Монголын ард түмэн байгалийн баялгийнхаа жинхэнэ эзэн байх ёстой гэж МАН олон жилийн турш ярьж ирсэн. Гэвч бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд илүү нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын баялгийн эзэн нь гадаадууд болох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс энэхүү хуулийн төслийг татан авахыг Ерөнхий сайд Н.Учрал болон салбарын сайд Г.Дамдинням нараас шаардаж байна. Үгүй бол намар өөр асуудлууд үүснэ гэдгийг анхааруулж хэлье.





.jpg)




























































Сэтгэгдэл