Р.Шинэгэрэл: Монголд дундаж давхарга, үндэсний үйлдвэрлэгчид хүчтэй болох ёстой ч татварын систем өсөхөөс нь өмнө боомилж байна
Татварын дарамтыг тойрсон асуудлаар эдийн засагч Р.Шинэгэрэлтэй ярилцлаа.
-Иргэд, аж ахуйн нэгжүүд "татварын доороос гарч чадахгүй байна", "Татварын дарамт хэт өндөр байна" гэж байнга шүүмжилдэг. Эдийн засагчийн хувьд өнөөдрийн Монголын татварын тогтолцооны хамгийн сул талыг юу гэж харж байна вэ?
-Монголын татварын тогтолцооны хамгийн том асуудал бол баялаг бүтээгчдээ урамшуулах биш, харин тэдэнд хамгийн их татварын ачаалал үүрүүлдэг тогтолцоо болсон явдал. Өөрөөр хэлбэл, ажил хийж, цалин авч, ил тод үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүд дээр татварын ачаалал хэт төвлөрсөн байна. Баялаг бүтээгчид хөл дээрээ тогтох, хөгжих дэвшихээс нь өмнө шууд татвар ногдуулдаг тогтолцоотой болсон гэсэн үг. Ажил олгогч ажилтан авмагцаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Ажилтан өөрөө мөн шимтгэл төлнө. Дээрээс нь хувь хүний орлогын албан татвар төлнө. Бизнес ашиг олбол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлнө, борлуулалт хийвэл НӨАТ төлнө, импорт хийвэл гаалийн татвар, импортын НӨАТ төлнө. Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагааны бараг бүх үе шатанд татвар, шимтгэлийн ачаалал давхардаж байна.Үүний үр дүнд бизнес томрох тусам татвар, тайлагнал, шалгалт, зохицуулалтын зардал нь нэмэгддэг. Энэ нь эдийн засагт "Томорвол дарамт нэмэгдэнэ, ил тод ажиллавал ачаалал өснө" гэсэн буруу дохио өгч байна.
Өнөөдөр нийгэмд “Шударгаар татвараа төлдөг хүмүүс илүү их ачаалал үүрдэг, харин татвараас зайлсхийдэг хэсэг харьцангуй давуу байдал олж авч байна” гэсэн ойлголт түгээмэл болсон. Хэрэв ийм ойлголт гүнзгийрвэл сайн дурын татвар төлөлтийн соёл суларч, энэ нь татварын тогтолцооны тогтвортой байдалд шууд эрсдэл учруулдаг. Мөн татварын шинэчлэлийг зөвхөн татварын хувь хэмжээгээр хэмжиж болохгүй. Төлсөн татвар хэр үр ашигтай зарцуулагдаж байгаа вэ гэдэг нь түүнээс дутахгүй чухал асуудал. Татвар төлөгчдийн мөнгө хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хууль ёс, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулагдах ёстой.
Хэрэв иргэд төлсөн татварынхаа бодит үр өгөөжийг мэдэрдэггүй бол татварын тогтолцоонд итгэх итгэл буурдаг.Тиймээс татварын шинэчлэл гэдэг нь зөвхөн хэдэн хувийн асуудал биш. Нэг талаас татварын дарамтыг оновчтой болгох, нөгөө талаас татварын мөнгөний зарцуулалтыг илүү үр ашигтай, ил тод болгох гэсэн хоёр чиглэл зэрэг явах ёстой гэж боддог.
-Иргэд болон жижиг, дунд бизнесүүдийн хувьд өнөөдөр хамгийн их дарамт болж буй татвар юу байна вэ. Мөн Монгол Улсын өнөөгийн татварын тогтолцоо үйлдвэрлэл, ажлын байр бий болгох орчныг дэмжиж байна уу, эсвэл эсрэгээрээ хязгаарлаж байна уу?
-Иргэдийн хувьд хамгийн их дарамт болж буй нь цалин дээр ногдож байгаа нийт татвар, шимтгэлийн ачаалал. Зөвхөн ХХОАТ биш, НДШ-тэй нийлээд хөдөлмөрийн орлогод өндөр ачаалал үүсгэж байна. Жижиг бизнесүүдийн хамгийн том өрсөлдөгч нь зах зээл биш, татварын тогтолцоо болчихоод байна.Жижиг, дунд бизнесийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь НӨАТ болон нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт юм. НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгыг 2027 оноос 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр хуульчилсан нь зөв чиглэлийн өөрчлөлт гэж үзэж байна. Энэ нь олон жижиг бизнесийг илүү тайван өсөх боломж олгоно.Гэхдээ миний байр суурьд энэ өөрчлөлт хангалтгүй. 2015 онд тогтоосон 50 сая төгрөгийн босго нь инфляци, эдийн засгийн өсөлтийн улмаас бодит утгаараа эрс хуучирсан байсан. 400 сая төгрөг болгосон нь ахиц боловч өнөөдрийн эдийн засгийн бодит хэмжээг бүрэн тусгаж чадахгүй байна. Уг нь НӨАТ-ын босгыг энэ удаа нэгмөсөн нэг тэрбум болгож нэмэгдүүлсэн бол бодит дэмжлэг болж чадах байсан. Өнөөгийн татварын тогтолцоо үйлдвэрлэл, ажлын байр бий болгох орчныг хангалттай дэмжиж чадахгүй байна. Ажилтан авах, хөрөнгө оруулах, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ашиг олох үе шат бүрд татвар, шимтгэлийн ачаалал нэмэгддэг учраас бизнесийн өсөлтийн урамшууллыг сулруулж байна. Жижиг дунд бизнест хамгийн ээлгүй татварын тогтолцоотой явсаар байна.
-Татварын шинэчлэл хийхийн тулд яах ёстой вэ?
-Татварын шинэчлэлийг зөвхөн нэг татварын хувь бууруулах асуудал гэж харж болохгүй. Гэхдээ эхний ээлжинд хөдөлмөр, жижиг бизнес, үйлдвэрлэл дээр ирж байгаа ачааллыг бууруулах ёстой.Нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварыг шатлалгүй, нэг хувь хэмжээтэй энгийн тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй. Миний хувьд хөдөлмөрийн орлогыг бүхэлд нь нэг хувийн татвартай болгох нь зөв гэж үздэг. Хоёрдугаарт, НӨАТ-ын босгыг бодит эдийн засгийн хэмжээтэй уялдуулж огцом нэмэгдүүлэх ёстой. Жижиг, дунд бизнесийн тухай хуулиар дунд бизнесийн жилийн орлогыг 2.5 тэрбум төгрөг гэж хуульчилсан. НӨАТ-ын босгыг энэ хэмжээнд авчрах ёстой. Ийм хэмжээний босготой улс орнууд дэлхий дээр хэд хэд бий. Хамгийн олон хүн ажилладаг энэ салбарыг бид өсч хөгжих, хэвийн ажиллах нөхцөлөөр шууд хангах ёстой. Гуравдугаарт, хөнгөлөлт, чөлөөлөлтийг улс төрийн зорилгоор тараадаг байдлыг багасгаж, татварын орчныг нийтэд нь нам, энгийн, ойлгомжтой болгох хэрэгтэй. Татварын сайн систем гэдэг нь өндөр хувьтай мөртлөө олон цоорхойтой систем биш. Харин бага хувьтай, өргөн баазтай, шударга, энгийн систем гэж ойлгох хэрэгтэй.
-Татварын хувь хэмжээг бууруулбал улсын төсвийн орлого буурна гэсэн байр суурь байдаг. Нөгөө талаас татварын дарамтыг багасгавал ажлын байр нэмэгдэж, урт хугацаандаа татварын орлого өсөх боломжтой гэж үздэг. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Богино хугацаанд зарим төрлийн татварын орлого буурах эрсдэл бий. Үүнийг нууж болохгүй. Гэхдээ татварын бодлогыг зөвхөн нэг жилийн төсвийн орлогоор харж болохгүй. Татвар хэт өндөр байвал хүмүүс орлогоо нууж эхэлдэг. Бизнесүүд албан бус хэлбэрт шилждэг. Ажил олгогч шинэ хүн авахдаа болгоомжилдог. Хөрөнгө оруулагч эрсдэл өндөр гэж үздэг. Энэ бүхэн урт хугацаандаа татварын баазыг агшаадаг.Харин татварын хувь боломжийн, ойлгомжтой, тогтвортой байвал хүмүүс ил гарах сонирхолтой болно. Бизнес томрох урамтай болно. Ажлын байр нэмэгдэнэ. Орлого өснө. Ингээд урт хугацаандаа татварын бааз өргөжиж, төсвийн орлого тогтвортой өсөх боломжтой. Хамгийн гол нь татвар бууруулах бодлогыг төсвийн шинэчлэлтэй хамт хийх ёстой. Төр зардлаа танахгүйгээр татвар бууруулна гэвэл эрсдэлтэй. Харин төрийн үрэлгэн зардал, давхардсан бүтэц, татаас, алдагдалтай төрийн өмчит компаниудыг цэгцэлж чадвал татвар бууруулах бүрэн боломжтой.Эдийн засгийн өсөлтгүйгээр татварын орлого тогтвортой өссөн улс дэлхийд бараг байдаггүй. Харин хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр эдийн засаг тэлж, татварын бааз өргөжсөн жишээ олон бий. Тиймээс урт хугацаанд татварын орлогыг өсгөх хамгийн зөв арга нь татварын хувь хэмжээг өсгөх бус, эдийн засгаа өсгөх явдал юм.
-Төр татварын дарамтаа багасгахгүй бол цаашид ямар эрсдэл үүсэх вэ?
-Хэрэв татварын дарамт энэ хэвээрээ үргэлжилбэл хэд хэдэн том эрсдэл бий. Нэгдүгээрт, далд эдийн засаг улам тэлнэ. Хүмүүс татвараас зугтаах биш, амьд үлдэхийн тулд албан бус хэлбэр рүү орж эхэлдэг.Хоёрдугаарт, жижиг бизнесүүд томрохгүй. Монголд дундаж давхарга, үндэсний үйлдвэрлэгчид хүчтэй болох ёстой байтал татварын систем нь тэднийг өсөхөөс өмнө боомилж байна.Гуравдугаарт, ажлын байр нэмэгдэхгүй. Ажил олгогч нэг хүн авах бүрдээ зөвхөн цалин биш, НДШ, татвар, тайлан, эрсдэл бүгдийг тооцдог.Дөрөвдүгээрт, залуусын итгэл буурна. “Ажиллаад нэмэргүй, бизнес хийгээд нэмэргүй, төр нь авсаар л байдаг” гэсэн сэтгэл зүй бий болбол энэ нь эдийн засгийн хамгийн аюултай дохио.
Эцсийн дүндээ татварын бодлого гэдэг нь зөвхөн төсөв бүрдүүлэх механизм биш. Энэ нь улс орон ямар хүмүүсээ дэмжиж хөгжүүлэх вэ гэсэн бодлогын сонголт юм. Хэрэв ажил хийдэг, хөрөнгө оруулдаг, үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээ татварын дарамтаар биш, боломжийн орчноор дэмжиж чадвал Монголын эдийн засаг илүү хурдан өсөх бүрэн боломжтой.
Г.БАЛГАРМАА
Ц.НЯМЦЭРЭН
Эх сурвалж: Өдрийн сонин































































Сэтгэгдэл