Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт өвдөг шороодсон бөхчүүдэд чимэг олгожээ
Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул цолыг нь хураах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр зургаадугаар сарын 29-нд тушаал гаргаж, Н.Өсөхбаярт унасан бөхчүүдэд чимэг нөхөн олгожээ. Үүний дагуу дархан аварга Н.Батсуурийг найм давж үзүүрлэсэн гэж үзсэнээр “Тод сонин”, улсын заан Б.Пүрэвсайханыг долоо давснаар тооцож “Хуйрнан шуугигч”, улсын заан М.Лхагвагэрэлийг зургаа давсанд нь “Бат нягт” чимэг олгожээ.
Тэгвэл дархан аварга Н.Батсуурь ийнхүү улсын наадамд дөрвөн удаа ес, дөрвөн удаа найм, хоёр удаа долоо, нэг удаа зургаа, нэг удаа тав давсан амжилттай боллоо. Харин Б.Пүрэвсайханы хувьд заан цолоо гурав дахиа баталсан бол М.Лхагвагэрэл заан цол хүртсэнээс хойш хоёр дахь удаагаа шөвгөрснөөр түүний эрэмбэд өөрчлөлт орж байна.































































Сэтгэгдэл