Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

Aдмин / Хууль

Хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэн цагаас тэнгэр газар, байгаль дэлхий, уул усаа шүтэж, амьдчилан харьцаж, тахилгын зан үйлийг хийж ирсэн түүхтэй. Энэ ёс жаяг олон оронд, тэр дотроо дорно дахины улсуудад ямар нэг хэмжээгээр уламжлагдсаны дотор монголчуудын дотор онцгой гүн бишрэлтэйгээр оршиж ирснийг судлаачид хэлдэг. Эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах энэ ёс монгол хүний үнэт өв, түүх соёлын дархлаа, оршихуйн баталгаа болж ирсэн учраас түүхийн янз бүрийн цаг үед тодорхой шалтгааны улмаас тасалдсан ч сэргээж ирсэн түүхтэй. Тэртээ XIII зуунд, Богд хаант төрийн үед, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ч ийм зарлиг, шийдвэр гаргаж ирсэн байдаг. Үүний нотолгоо нь өнөөдөр Монгол Улс зарлигаар дархалсан 10 хайрхантай. Дөрвөн жилээр тахидаг уламжлалтай. Улмаар тахилгын зан үйл нь НҮБ, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэнийг уншигчид юу эс андах вэ. Харин зарлигаар дархалсан, дархан цаазат, тусгай хамгаалалт бүхий тэрхүү хайрхан уулс бүрэн бүтэн байж чадаж байна уу гэдэгт хэн хэрхэн хариулах бол. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин энэ асуудлыг хөндөн мэдээлэл цуглуулж, эрэн сурвалжилж цуврал нийтлэлээр олон нийтэд хүргэлээ.

“Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” сэдвийн хүрээнд Төрийн тахилгат 10 хайрхан, түүний ойр орчмын байгаль орчны асуудлууд, цогцолбор газрын бүхэн бүтэн байдал, ашигт малтмалын ямар зөвшөөрлүүд олгогдсон, цуцагдсан болон одоо хүчинтэй байгаа, шүүхийн шатанд маргаан эцэслэгдээгүй гэх мэт бүх мэдээллийг багтаахыг хичээв.

Харамсалтай нь монголчуудын тахилга шүтээн болсон уулс дотор ухуулж төнхүүлээгүй, сэв суугаагүй нэг ч хайрхан алга. Эндээс тахилгат уул, тусгай хамгаалалтад авсан нэрээр иргэдийн тархийг угаадаг юм биш үү. Ингэж анхаарлыг нь сулруулж байгаад араар нь эрх баригчид ашигт малтмалын лицензийн наймаа хийдэг, олз ашиг хайж ирсэн юм биш биз гэсэн хардлага төрж байна. Энэ бол сэтгүүлчийн хийж болох хамгийн наад захын дүгнэлт юм. Хөндлөнгийн судалгааны байгууллагууд, байгаль орчны үнэлгээ хийдэг судлаач, эрдэмтэд бол бүр ч нарийн тооцоо, судалгааг гаргаж хэлэх биз ээ. Бид мэдээллийг бэлтгэх явцдаа цөөнгүй судалгааны дүнтэй танилцсан. Төрийн бус байгуулагууд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг судалгааны төвүүд, зарим нь уул уурхайн компаниудын санхүүжилттэй судалгаа гэдэг нь ч харагдаж байлаа.

Бид төрийн тахилгат уул бүхий давхардсан тоогоор 15-16 аймгийн, 20 орчим сум, 13 багийн иргэд малчдын төлөөлөлтэй холбогдсон. Аймаг, сумын удирдлагад болон ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан болон одоо байгаа албан тушаалтнуудтай холбогдсон. Тэдний хэлдэг үг хэвэнд цутгасан мэт илжилхэн. “Дээрээс тушаадаг, биднийг мэдээгүй байхад АМГТГ-аас лиценз олгосон байдаг” гэх. “Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа” гэгчээр ийнхүү тэд мэдээлэл өгөхгүй, тун хойрго хийгээд хайхрамжгүй хандаж байв.

Харин малчид, иргэд бол эцэг өвгөдөөс тахиж шүтэж ирсэн уулаа бүтэн байлгах, дэлхийд ховор ургамал, амьтны аймгийг хамгаалах, өөрсдийн өнө удаан жил оршин амьдарч ирсэн нутгийн багаль орчныг доройтуулахгүй байх сан гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж иржээ. Төрийн тахилгат 10 хайрхан бүхий аймаг, сумын иргэд бүгд уул уурхай явуулахыг зөвшөөрөхгүй, тэр бүү хэл тэмцэл хөдөлгөөн өрнүүлж ирсэн баримтууд үүнийг нотолно. Тэдний тэмцлийн дүнд тахилгат уулс уул уурхайнхны мэдэлд бүрэн орсонгүй. Гэхдээ энд тэндээсээ ухуулж, төнхүүлсээр сэвтсэн нүхэн уул, хүн юм гэвэл хөл гараа алтны эрэлчдэд таслуулчихсан, бурхан гэж үзвэл доторх алт мөнгө, элдэв баялаг бүхий шүншиг нь хулгайд алдагдсан хайрханаа Монголын төр тахисан болж, иргэд шүтдэг ажээ.

Монголын хамгийн өндөр цэг, дэлхийн дээвэр, анхны хүний мөрийг хадгалсан Алтай Таван Богд, Эзэн Чингисийн үеэс монгол төрийн голомтыг тулсан Бурхан Халдун, дорнын тахилгат уул Алтан-Овоо, олон ястны их шүтээн Алтан Хөхий, Хан Хөхий, эртний шүншигт Отгонтэнгэр уул, их говийн үзэсгэлэнт “Баянбүрд” болсон Говь гурван сайхан, хангай нурууны гайхамшиг, олон гол мөрний эх ундарга Суварга хайрхан, Сутай хайрхан, Богдын үеэс зарлигаар дархалсан Богд хан уул гээд уг нь 10-хан уулыг бүтэн үлдээж болмоор сон. Тиймээс Монголын ард түмэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д “Ухах юм бол тахиад яах юм бэ, тахилга шүтээнээ сэвтээхгүй байж чадахгүй юм бол Төрийн тахилга гэж тоглох хэрэг байна уу” гэдэг шаардлагыг тавих ёстой. Төр нь төр шиг, зарлиг нь зарлиг шиг болсон цагт л байгаль орчныг хамгаалах шийдвэрүүд хэрэгжих биз ээ. Төрийн тахилга үргэлжлээд явах учраас эрэмдэг болсон уулсаа аргадаж тайх, ядаж ухсан нүхийг нь тэгшилж, сүр шүншгийг нь оршоон бүтэн болгох зан үйлийг эхлүүлээсэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ч.ҮЛ-ОЛДОХ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.39] 2021-03-04 20:36:15

Siimhii ger semersen deelt bhdaa eh ornoo uhuulaaguushuu uvug deedes mini odoonii ene tsadigaa aldsan hulgaich nariig tenger tseerluusei bilee

Шүтээнүүдээ ухаж сөнөөж,гадаадынханд өгч болохгүй. [202.131.225.53] 2021-03-04 00:35:30

Ядуу дорой байгаа ч хэдэн шүтээн уулаа ухаж балалмааргүй байгаа юм даа. Нөгөөтэйгүүр бид чинь гадаадын хөрөнгө оруулалтаас болж Оюу Толгой шиг зөрчил маргаанд орж олон улсын шүүхээр балайрч явах аюултай болж байна. Тэгснээс шүтээн газруудаа ямарч тохиолдолд гадаадуудад өгч болохгүй.

Монгол Улсын иргэн [117.111.15.242] 2021-03-03 22:34:55

Үнэхээр хэлэх үг алгаа. Ард түмнийг тэнэг, дүлий, сохор гэж боддогоо одоо болимоор юмаа төрийн хулгайч, луйварчид аа. Эх дэлхийгээ, эх нутгаа хайрлахгүй бол нэг өдөр өндөр үнэ төлнө гэдгээ сайн санаж яв. Бүүр хамгийн үнэтэй, хайртай юмаараа төлнө шүү.

иргэн [64.119.17.252] 2021-03-03 21:55:18

Хол явахгүй Богдхан уулаа хараач Баячуудын хаусаар дүүрлээ Зарна Худалдана Хамгаалдаг нэртэй байгууллага таг

Зочин [148.60.92.227] 2021-03-03 19:44:04

Odoo dahiad neg ch yyl ysiig byy bysniul?odoo bolsoon!!!yyl ysaan sytej amidarya?eereer beznes hiij bolno s dee!!!Nyydelchin Mongolchyyd bid gazar ysaan bohirdyylaj hyn yy ysgyi bolgoj bolohgyi ee!!

иргэн [192.82.69.222] 2021-03-03 12:11:42

Та нарийн Хийсэн зүйлийг -- Тэнгэр Бурхан хариуг нь өгөөд л байгааг мэдэхгүй.!!!!!!!!!!!юу шүтэх юу босгох ухах гээд бна.бүтээгч нь бүтээлээ мэднэ.!!!!!!!!!!

Зочин [139.5.219.238] 2021-03-03 16:09:01

Бүтээгч нь Бурхан лав биш


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.