Монголын кино урлагийг дэмжих анхны хууль

Aдмин / Хууль

Монголчууд кино урлагтаа хайртай ард түмэн. Манай улсад 1930-аад оны эхэн үеэс дэлгэцийн урлаг орж ирж, хожуу ч гэсэн хурдацтай хөгжсөн байдаг. Тэгвэл хаврын чуулганы бас нэгэн онцлог нь Кино урлагийг дэмжих тухай хуулийг соёрхон баталсанд байв. Энэ нь Монголын анхны Киноны тухай хууль болж боллоо. Кино урлагийг дэмжих тухай хуулийн онцлогуудаас тоймлон хүргэж байна.

Зураг авалтын бааз сууриудад дэмжлэг үзүүлнэ

Кино урлаг, ялангуяа түүхэн кинонд тухайн цаг үеийнх нь орчин нөхцөл, ард иргэд, нийгмийн байдал, хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг харуулах нь чухал. Энэ нь үзэгчдэд илүү үнэмшилтэй, мөн түүхэн талдаа өгөөжтэй бүтээл төрөх чухал үзүүлэлт юм. Тухайлбал, Богд хааны ордон музей нь XX зууны эхэн үеийн Богдхаант Монгол Улсын түүхийг яг чигээр нь үнэт өв болгон хадгалан үлдсэнээрээ онцлогтой. Энэ нь нэг талаараа кино урлагт томоохон бааз суурь болж иржээ. Богдхааны ордон музейд 1945 онд “Цогт тайж” киног хийжээ. Зураг авалт, кино жүжигчдийн эдлэл хэрэглэл гээд бүгдийг нь энэ музейн алтан хөмрөгөөс ашигласан байна. Тиймдээ ч “Цогт тайж” кино нь илүү амьд, хүмүүсийн сэтгэлд дотно түүхэн ач холбогдолтой бүтээл болж чадсан биз. Түүнээс хойш олон түүхэн бүтээл энэ музейгээс төрсөн. Орчин үеийн кино уран бүтээлээс дурдвал “Богд хаан” киног мөн л энэ музейн бааз суурийг ашиглан хийсэн юм байна. Тэгвэл Кино урлагийг дэмжих хуулийн нэг чухал заалт нь кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, техник технологийг сайжруулахад хөрөнгө оруулалт, татвар, санхүү болон бусад хэлбэрээр төрөөс дэмжлэг үзүүлэх тухай заажээ. Энэ нь кино бүтээгч нар болон Богд хааны ордон музей шиг кино урлагийн бааз суурь болж буй түүхэн газруудад ч чухал ач холбогдолтой хуулийн заалт болжээ.

Кино урлагийг дэмжих сантай болно

Кино урлагийг дэмжих тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт Кино урлагийг дэмжих сан байгуулахаар тусгасан. Сангийн хөрөнгийг эргэн төлөгдөх зээлийн хэлбэрээр болон, эргэн төлөгдөхгүй санхүүжилт гэсэн хоёр ангиллаар кино бүтээлд зарцуулах юм байна.

Эргэн төлөгдөх санхүүжилтэд

♦ Монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсхүл хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрүүл амьдрах дадал бий болгоход эерэгээр нөлөөлөх хүүхэд, залуучуудад зориулсан уран сайхны болон баримтат кино, эсхүл арт кино бүтээх;

♦ Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;

♦ Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах;

♦ Кино урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг багтжээ.

Харин хөнгөлөлттэй зээлийг

♦ түүхэн, хүүхэд, залуучуудад зориулсан болон арт киног тусгайлан дэмжихээр зааснаас бусад кино бүтээх;

♦ кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн шинэ техник, технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх бол авч болохоор хуульд тусгажээ.

Үндэсний зөвлөл: Сангийн хөрөнгийг захиран зарцуулна

Хуулийн хүрээнд Соёлын яамны дэргэд Кино урлагийн зөвлөл байгуулна. Зөвлөл нь дарга, 10 гишүүнтэй. Гишүүний 70 хувь салбарын ТББ-ын төлөөлөл, уран бүтээлчид байх бөгөөд зөвхөн дарга нь төрийн албан хаагч байхаар заажээ. Улмаар тус зөвлөл нь кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулахад оролцох, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санал, дүгнэлт гаргах, Кино урлагийн дэмжих сангийн санхүүжилт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох, гадаад, дотоодын кино арга хэмжээнд монгол киног оролцуулах, нэр дэвшүүлэхэд санал өгөх, мэдээллийн санг эрхлэн хөтлөх зэрэг үйл ажиллагааг явуулах юм.

Хуулийн зарчим:

♦ Төрөөс үзүүлэх дэмжлэг нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, шударга байх;

♦ Төрөөс дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа нь хялбаршуулсан зохицуулалт бүхий, ойлгомжтой, энгийн байх;

♦ Хуулиар хориглосноос бусад уран бүтээлчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байх гэжээ.

Экспертийн үг

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн: Зөвлөлийн 70 хувь нь уран бүтээлчид байна

-Энэ хууль 21 заалт, долоон бүлэгтэй. Гол концевци нь кино урлагийг дэмжих, хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг олон улсын стандартад хүргэх юм. Кино урлагийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхий жишигт хүргэхийг зорилгоо болгосон. Бид хуулийн төслийг боловсруулахдаа уран бүтээлчдийнхээ тулгамдсан асуудлуудыг бүгдийг нь судалж, хэлэлцүүлсэн байгаа. Мөн ажлын хэсэгт УИХ-ын гишүүдээс гадна, кино урлагийн үе үеийн төлөөллүүд орж ажилласнаараа нэлээд нямбай, чамбай, мэргэжлийн хууль болж чадсан. Одоо Кино урлагийг дэмжих хууль маань хэрэгжээд эхлэхээр дагалдах хууль, журамд өөрчлөлт оруулах асуудал бий. Хуулийн хэлэлцүүлгийн хугацаанд нэг асуудал нэлээд хүчтэй яригдаж байв. Энэ бол Кино урлагийг дэмжих зөвлөл байгуулах юм. Энэ зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй. Бүрэлдэхүүний 70 хувийг кино уран бүтээлчид маань бүрдүүлэхээр заасан нь чухал ач холбогдолтой боллоо.

Найруулагч А.Миеэгомбо: Уран бүтээлчдэд татварын буцаалт олгохоор болжээ

-Кино урлагийг дэмжих хууль нь их олон жилийн настай хууль. Анх 2011 онд санаачлага нь гарч, 2012 онд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулж, 2015 оноос анхны хувилбар нь гарч байсан. Ингээд өнгөрсөн 10 орчим жил гурван Засгийн газар, дөрвөн ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажилласан түүхтэй. Хуулийн хүрээнд Кино урлагийг дэмжих сан гэж байгуулна гэсэн байна. Эргэн төлөгдөх болон эргэн төлөгдөхгүй гэсэн нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Арилжааны бүтээлүүдэд эргэн төлөгдөхөөр, артхаус чиглэлийн бүтээлүүдэд эргэн төлөгдөхгүй нөхцлөөр зээл олгох юм байна. Үүнийг уран бүтээлч хүний хувьд талархан хүлээж авч байна. Мөн Кино урлагийг дэмжих сангийн захиран зарцуулах хөрөнгийг Кино урлагийн Үндэсний зөвлөл байгуулж ажиллахаар тусгажээ. Түүнчлэн кино урлагийн мэдээллийн сан гэх чухал заалт орж ирсэн байна. Энэ санд Монголд бүтээгдэж байгаа кино бүтээлүүдийг баримтжуулж, эх орондоо болон олон улсад сурталчилах ажил хийгдэх юм байна. Мөн киноны татварын буцаан олголт гэсэн заалт оржээ. Энэ нь гадаадаас ирж кино бүтээж байгаа болон монголын уран бүтээлчид гадны уран бүтээлчидтэй хамтран кино хийхдээ 500 мянган ам.доллараас дээш хөрөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдвол 30 хувийг эргүүлж олгохоор заасан нь олон улсын уран бүтээлчдийг Монгол руу татах чухал заалт болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [93.236.86.1] 2021-07-28 20:13:53

Кино"урлагийн ТМС байгуулчхаад дээд сургууль нэр өгдөг монголд кино урлаг гэж ямар баас нь байхав. Буриад дээл өмсүүлж сарлаг унуулна. Салтааны хөшөө босгож эхнэрийн хормой сөхүүлнэ. Опер хоолойгоор төрийн дуу дуулуулж кипчак түрк танц гишгүүлнэ дээ.

Оскар авах юмсан. [66.181.178.81] 2021-07-27 11:39:53

Оскарын шагналт жүжигчин найруулагч кинотой болох юмсаан . Энэ л хэрэгтэй байнаа .

Монгол шиг ядуу оронд кино урлаг хөгжих үү? [202.131.225.53] 2021-07-27 13:48:26

Горьдох муухай. Ядахдаа Зүүн Азидаа ТООГДОХ киногоо эхлээд хийчих. Ер нь Монголын кино урлаг үзэл суртлын тэмцлийн үед ЗОХИОМЛООР үссэн. Үүнээс болж ядуу дорой улсад хар ЭРТ киноны жүжигчин, найруулагч болон бусад мэргэжилтэнтэй болсон. Гэтэл үзэл суртлын дайн байхгүй болчихсон чинь Монголын кино урлаг доройтож, унаж эхэлсэн. Манайх шиг ядуу улсад цаашид энэ урлаг ба бизнес хөгжих үү, ер нь хөгжих угтвар нөхцөл байна уу?

Зочин [103.80.210.183] 2021-07-27 10:59:04

шинэ уран бүтээлч найруулагч гэх хүмүүс бүүр барууны мунхралд автчихсан байхад олигтой кино гарна гэж үгүй. яадаж орчуулгын киноны үг хэллэгт анхаарч монгол хэлээ цэвэр дуудлагатай байлгамаар байна. элдэв хятадын солонгосын киногоо хазаарла. соёлын яам нэртэй малууд байдаг бол шалгаж бай.

Зочин [64.119.22.177] 2021-07-29 00:07:40

Дэмжиж байна, эхлээд орчуулгаа зөв Монголоор хийж сурчихмаар байна. Энэ хошин шогийн Оркууд дураараа дургиж, бусад Оркуудаа ёстой оройлон оркдож байнаа, бүр кино ч хийж байх шиг ёстой онигоо. "Богд Хаан" киног үзсэн, нэг л их гоё дээл хувцастай хүмүүс бусдаар хов хоосон бүх утгаараа.

Зочин [66.181.182.236] 2021-07-27 09:27:56

хэдэн кинотеатрууд цар тахалаас болоод дампуурлаа кино хийгээд үзэх танхим байхгүй бол хэцүү шдээ

Зочин [64.119.21.38] 2021-07-27 08:59:44

ямар бүтээлийг кино гэх тухай тодорхой заалт байгаа юу энэ хуулинд .тeлeвизийн бичлэгийг кино гээд байдаг болсоныг заларуулах болсон. кино урлагийн дээд сургууль гэгчүүдийг цэгцлэх ёстой Кино хийдэггүй шахам манайд ийм олон сургууль хэрэггүй.татан буулгавал таарна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.