Өнөөдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” Хамтдаа сэргийлье!!!

Aдмин / Эрүүл мэнд

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ өдөр олон улсад ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэдэг юм. Жил бүр энэ өдрийг өөр өөр урион дор тэмдэглэн өнгөрөөдөг.

ХДХВ-ийн халдвар дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэдэг. Нэгэнт ХДХВ-ийн халдвар авсан хүн насан туршдаа халдвар тээгч болж бусдад халдвар тараах боломжтой байдаг. Энэ өвчний анхны тохиолдлыг 1970-аад оны сүүлчээр Швед, Америк, Танзани болон Хаити улсын нутаг дэвсгэрт илрүүлжээ. ДОХ гэдэг нэр томьёог эмч нар 1981 онд нэвтрүүлсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа Францын эмч Люк Монтанье болон түүний хамтрагчид ХДХВ-ийн халдвар байдаг болохыг нотолж байжээ.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Үүнээс хойш ДОХ-ын 316 тохиолдол бүртгэгдэж 52 хүн нас баржээ. Харин 2021 он гарсаар таван тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна.

ДОХ ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үрийн шингэн, үтрээний шүүрэл)
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно.

Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй байх
  • Зүү тариур, мэс заслын хэрэгсэл, хурц иртэй багаж xэрэгслийг дамжуулан xэрэглэхгүй байх
  • Халдвартай эхээс урагт болон хөхний сүүгээр хүүхдэд тусах эрсдэлтэйг анхаарахыг зөвлөдөг.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.80] 2021-12-01 05:18:07

Дох гэж мөнгө зувчуулах арга одоо ковид руу шилжээ биз дээ.хоцрогдсон


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.