Нидерландын ерөнхий сайд НАТО-г удирдахаар боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Томилгооны хугацаа нь дуусаж буй Нидерландын ерөнхий сайд Марк Рютте энэ оны сүүлээр Умард Атлантын цэргийн эвсэл НАТО-г тэргүүлэхээр боллоо. Энэ албан тушаалд өрсөлдөж байсан хоёр дахь хүн Румын улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис нэрээ татсанаар Рютте ганцаар шалгаран үлдэж байна. Ойрын үед НАТО-гийн гишүүн 32 улс 57 настай туршлагатай улс төрчийг ерөнхий нарийн бичгийн даргаараа батлах ба аравдугаар сарын 1-нд одоогийн тэргүүн Йенс Столтенбэргийн хугацаа дуусахад залгамжлах юм. Рютте нь Украинд Оросын эзлэн түрэмгийлэх дайн үргэлжилж, Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж буй эгзэгтэй цаг үед НАТО-г удирдахаар болж байна.

Өнгөрсөн онд Нидерландын засгийн газрыг хамтран байгуулсан эвсэл задарсны дараа Рютте өөрийн нэрийг НАТО-гийн дараагийн тэргүүний албан тушаалд дэвшүүлсэн юм. Украины тэмцлийг тууштай дэмжигч түүнийг АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг гол гишүүн орнууд шууд дэмжиж байв. Гэвч Турк, Унгар улсуудын дэмжлэгийг авахад Рютте өөрийн дипломат ур чадварыг дайчлах шаардлагатай болсон юм. Дөрөвдүгээр сард тэр Истанбулд айлчлахдаа Туркийн дэмжлэгийг авахаар болсон бол Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай энэ долоо хоногт Европын Холбооны чуулганы үеэр тохиролцож чаджээ.

Рюттегийн энэ амжилт түүний цорын ганц өрсөлдөгч Румыний ерөнхийлөгч Иоханнисийг нэрээ татахад хүргэсэн байна.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Румын улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл Иоханнис албан ёсоор нэрээ татаж буйг зарлаж, Рюттег тус улс дэмжихээр болсныг мэдэгджээ. Ирэх сард Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний чуулганаар Рюттегийн томилгоог батлах юм.

2014 онд томилогдож байсан одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өмнө нь хоёр удаа Норвеги улсын ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Рютте нь НАТО-гийн 14 дэх, Нидерландаас төрөн гарсан дөрөв дэх ерөнхий нарийн бичгийн дарга болох юм.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

зочин [66.181.188.208] 2024-06-21 17:00:14

Энэ асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа шүү дээ, яагаад ийм худал мэдээлэл олон нийтэд түгээж байгаа юм бол оо?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.