Өнөөдрөөс татвар, торгуультай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Тодруулбал, МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн
3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [139.5.218.56] 2024-12-01 18:13:23
Монгол Улсад хууль алагчилгүй үйлчилдэг л юм бол татвар, төлбөр, хураамж, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг журамлаж хөдөлгөөнд орхыг хориглох, жолоочийн эрхийг хасах, улсын дугаарыг нь хүчингүй болгох зэрэг албадлагын арга хэмжээ авдаг болгох, авах хэрэгтэй. Ямар нь хуулиа мөрдөж ямар нь хууль зөрчөөд байдаг юм. Төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байна. Ялангуяа тээврийн цагдаа, татвар, тээврийн хяналт хариуцсан байгууллага, тээврийн захиргааны байгууллагууд ажлаа хийх хэрэгтэй. Загас шиг амаа ангайлгаад зүгээр суудаг, орж ирвэл хууль ярьдаг байх хэрэггүй.