“Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” сэдэвт шуудангийн марк гарлаа
![](/files/2frug3maf2cyt15fnjkp/3/476596822_1028143899356786_7932995056333601513_n.jpg)
“Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” сэдэвт маркийн нээлт өчигдөр Төв шуудангийн үйлчилгээний “А” зааланд боллоо. Энэхүү маркны загварыг “Global Dignity Day Mongolia” гаргаж, нийт 24 мянган ширхэг хэвлэжээ.
Уг маркт нэр төрийг илэрхийлэхдээ усан цэнхэр өнгөөр эх дэлхийн хаана төрсөн, хэн байхаас үл хамааран хүн бүрийн үзэл бодол үнэ цэнтэй болохыг дүрслэн харуулж, санаа бодлоо зоримог илэрхийлж, бусдын болоод өөрийн оршихуйг хүндлэх нь нэр төрөө тунхаглаж, хамтдаа хүчирхэг байхын илрэл гэдэг санааг дүрсэлсэн байна.
Маркны таван хүн бүхий дүрслэлийг энэхүү аяныг гурав дахь жилдээ амжилттайгаар хэрэгжүүлж буй “ЦойлогсоZ” залуусын коммьюнитигийн гишүүн Г.Данзанбазар 2024 оны “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх аян”-ы хүрээнд бүтээжээ.
Дижитал харилцаа холбоо давамгайлсан энэ эрин үед шуудангийн марк соёлын илэрхийлэл, түүхийг дурсан санах хүчирхэг хэрэгсэл хэвээр байна. Улмаар дэлхий даяар нэр төр, эв нэгдэл, хүний эрхийн хүчтэй мессэжийг агуулсан соёлын олдвор болон үлдэх боломжтой ажээ.
Ташрамд дурдахад, “Global Dignity Day’’ буюу “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг анх 2006 онд “Дэлхийн эдийн засгийн форум”-д гурван залуу лидер болох Норвегийн ханхүү Хакоон, “The Hope Foundation”-ий үүсгэн байгуулагч Жон Браянт, зохиолч, гүн ухаантан Пекка Химанен нар тунхаглаж байв.
Өдгөө дэлхийн 80 гаруй оронд энэ өдрийг тэмдэглэн, залуучууд, иргэний нийгмийн удирдагчид, сайн дурын ажилтнууд, эцэг эхчүүд болон багш нар “Global Dignity” семинар, чуулганд оролцож байгаа аж.
Монгол Улсын хувьд “Global Dignity” Олон Улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганхуягийн санаачилгаар “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн санаачилгад 2009 онд нэгдэж байжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл