Улаанбаатар хотын түгжрэлийн шугаман урт 97 километр хүрдэг

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилт тавьсан.
Энэ хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор авах зээллэгийн 2025 онд ашиглах 260.3 сая ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийн 85 хувь хүртэлх хэмжээнд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Сүүлийн 10 жилд нийслэл дэх бүртгэлтэй автомашины тоо 80 хувиар өссөн бол хотын замын сүлжээ 19 хувиар тэлсэн нь замын хүчин чадал эрс дутагдахад хүргэжээ.
Нийслэл Улаанбаатар хотод өдөр тутам 580-680 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог нь одоо байгаа замуудын хүчин чадлаас хоёр дахин их ачаалал аж.
Үүний үр дүнд замын түгжрэл нийслэл Улаанбаатар хотод хүнд түвшинд хүрч, оргил цагуудад автомашины дундаж хурд 7-13 км/цаг болсон бөгөөд судалгаагаар хот даяар түгжрэлийн шугаман урт нийт 97 км-т хүрдэг гэж гарсан байна.
Энэхүү нөхцөлд тойрог замын шинэ сүлжээ байгуулж, хотын төвийг тойруулан тээврийн урсгалыг дамжуулах нь түгжрэлийг бууруулах гол шийдэл аж.
ЖАЙКА олон улсын байгууллагаас 2022 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэлийн нэг үндсэн шалтгаан нь зам хоорондын холбоос дутмаг, сүлжээ тасралттай байдал гэж дүгнэжээ.
Тухайлбал, хотод бүрэн гүйцэд тойрсон хурдны зам байхгүй, гол чиглэлүүдийн зам уулзварууд хотын төвд огтлолцож байгаа нь ачааллыг төвлөрүүлэхэд хүргэдэг тул шинэ тойрог хурдны зам барьснаар авто урсгал хотын зах хэсгээр шууд холбогдож, төвийн дүүргүүдийн хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байгаа аж.
Судалгаагаар замын сүлжээг өргөтгөн, шинэ замуудыг нэвтрүүлснээр гол гудамжуудын түгжрэл дунджаар 20 хувиар буурах боломжтой гэж гарсан байна.
Шинэ тойрог авто зам нь зөвхөн хот доторх хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй нийслэл орчмын бүс нутгийн хөгжил, авто замын сүлжээг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой аж.
Тус зам нь Улаанбаатар хот руу чиглэсэн улс, орон нутгийн гол замуудыг захад нь холбох тул хотоос хотоор дайран өнгөрдөг урсгалыг сааруулж, орон нутгийн тээвэр хотын гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдлыг зогсооно гэж тооцжээ.
Тухайлбал, Нэгдүгээр тойрог замын трассыг төлөвлөхдөө баруун хойд зүгт Дархан-Уул аймаг руу гарах зам, зүүн урд зүгт Налайх, Чойр чиглэлийн зам, урд талд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны замтай тус тус холбохоор тусгасан байна.
Төслийн нийт төсөвт өртөг 918.6 сая ам.доллар бөгөөд 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулсны үндсэн дээр зээллэг хийх, 15 хувийг "Эрдэнэс Монгол" ХХК бүрдүүлэхээр тооцжээ. Замын нийт урт 24.8 км бөгөөд 6 эгнээ зорчих хэсэгтэй, гүүр 8.4 км, туннел 4.7 км, зам 13.7 км тус тус байхаар төлөвлөсөн.
Санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан тохиолдолд урьдчилсан тооцоогоор барилга угсралтын ажил 2025 оны 12 сард эхэлж, 2 жил үргэлжлэхээр тооцоолжээ. Төсөл ашиглалтад орж иргэд зорчих боломжтой хугацааг 2028 оны 01 сар гэж тооцоолсон байна.
Тойрог замаар өдөрт дунджаар 183,000 автомашин зорчихоор төлөвлөж автомашины моторын багтаамжаас шалтгаалж дунджаар 5,000.0 төгрөгийн тарифын төлбөр авахаар тооцоход жилийн 334.0 тэрбум төгрөг төвлөрнө.
Техник, эдийн засгийн үндэслэлээр жил бүр авто замын нягтаршил 5 хувиар нэмэгдэхээр, замын сангийн орлогын 30 хувийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулахаар тооцож 46.4 тэрбум төгрөг нэмэгдэж 380.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр 2028 оноос төвлөрөхөөр байгаа аж.
Төслийн санхүүжилтийн хувьд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас 2025-2027 оны хооронд нийт төсөвт өртгийн 85 хувь буюу 780.8 сая ам.долларын зээл авахаар төлөвлөжээ. Үүнийг Монголбанкны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 3,580 төгрөгөөр тооцоход нийт 3,802.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Энэхүү зээллэгийн хөрөнгөөс 2025 онд 260.3 сая ам.долларыг авч ашиглах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тус эх үүсвэрийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг ирүүлжээ. Ийнхүү Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах нь зээллэгийн нөхцөлийг сайжруулах, цаашлаад хөрөнгө оруулагчдын итгэлийг өсгөж, зээл авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Нэгдүгээр тойрог замыг 2028 оноос ашиглаж эхлэхээр тооцсон ба эхний 2 жилд үндсэн төлбөр төлөхгүй 2028 оноос нийт үндсэн болон хүүгийн төлбөр /ханшийн өөрчлөлтийг жил бүр 8 хувь өсгөж тооцсон/ 75.4 сая ам.доллар төлөх нь. Ийнхүү төслийн ашигт ажиллагааны үзүүлэлт болох дотоод үр өгөөжийн түвшин 8.27 хувь, цэвэр өнөөгийн үнэ цэн 236.8 сая ам.доллар, зээллэгийн эргэн төлөгдөх дундаж хугацаа 12.2 жилтэй тэнцэж буй юм байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл