Путин, Ким нар Ши Жиньпиний зочдын жагсаалтын тэргүүнд бичигджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Хятадын ирэх долоо хоногт болох өргөн цар хүрээтэй цэргийн парадад оролцох гадаадын 20 гаруй удирдагчийн нэрсийн жагсаалтад багтсан талаар Хятадын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдэгдэв.
Энэхүү парад Дэлхийн II дайн төгсгөл болсныг (Японы албан ёсны буулт) тэмдэглэн өнгөрүүлэх Хятадын баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 3-нд Бээжин хотын Тяньаньмэний талбайд болох юм.
Путин, Ким нарыг Ши Жиньпиний зочдын жагсаалтын тэргүүнд бичигдсэн тухай мэдэгдэл нь автократ гурван удирдагч Бээжингийн “Тэнгэрийн амар амгалангийн хаалга”-ны дээд талд зэрэгцэн зогсож буй онцгой гэрэл зургаар дамжуулан тэдний эв нэгдлийг тод томруун илэрхийлэх үйл явдлын үндэс суурийг тавьж буй илэрхийлж байгаа аж.
БНАСАУ-ын төрийн мэдлийн KCNA агентлаг Ким Жон Ун парадад оролцохыг баталжээ. Энэ нь түүний хувьд 2019 оноос хойших Хятадад хийх анхны айлчлал болох юм. 2011 онд эрх мэдэлд гарснаасаа хойш Ким Жон Ун гадаад улс руу ердөө 10 удаа л аялсан бөгөөд хамгийн сүүлд 2023 онд Оросын зүүн хязгаар дахь алслагдсан сансрын буудалд Ерөнхийлөгч Путинтэй уулзахаар эх орноосоо мордож байв.
Энэхүү парад нь дэлхийн хамгийн олон хоригт орсон улс орны хаалттай удирдагч Кимд дэлхийн бусад удирдагчидтай хамт Ши Жиньпин, Владимир Путин нарын дэмжиж буй альтернатив дэлхийн шинэ дэг журамд татагдаж буй орнуудын хүрээнд хамт зогсох ховор боломж олгож буй юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчтай энэ жил уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлснээс ердөө хэдхэн хоногийн дараа Ким парадад оролцохоо баталгаажуулжээ.
Цэргийн хүч, сүр жавхлан
Бээжин энэхүү парадаар дамжуулан геополитикийн тодорхойгүй байдал өндөр байгаа энэ үед цэргийн хүч чадлаа харуулах зорилготой аж. Үүнд, Дональд Трамп АНУ-ын уламжлалт эвсэл, түншлэлийг эвдэж байгаа нөхцөл байдал, мөн Хятадын Тайвань болон хөрш орнуудтайгаа хийж буй нутаг дэвсгэрийн маргааны асуудал улам хурцдаж буйтай холбоотой нөхцөл байдал багтжээ.
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Хун Лэй Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Нийт 26 орны төр, засгийн тэргүүн Хятадын парадад оролцоно" гэж мэдэгдсэн байна. Оролцогчдын дунд Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф бий аж.
Харин Пакистаны өрсөлдөгч Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ амралтын өдрүүдэд Хятадын Тяньжин хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирээд байгаа ч парадад оролцох зочдын жагсаалтад багтаагүй байна.
Мьянмарын цэргийн эрх баригч Мин Аун Хлайнг, 2021 онд сонгогдсон засгийн газрыг төрийн эргэлтээр түлхэн унагаасны дараа тус улсын түр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд иргэний дайн дэгдээсэн тэр удирдагч ч бас оролцох аж.
Хэдийгээр Хятад улс Дэлхийн II дайны үед Номхон далайн бүсэд Холбоотнуудын чухал түнш байсан ч парадад барууны гол нийслэлүүдийн удирдагчид оролцохгүй нь анхаарал татаж байгаа юм. Японы зүгээс эхлүүлсэн бүрэн хэмжээний довтолгооны эсрэг тэмцсэн Хятад Азийн дайны гол фронт болж, 1945 онд Япон бууж өгснөөр дууссан юм.
Дайны дараа ч Хятадад коммунист болон үндсэрхэг хүчнүүдийн хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр, эцэст нь 1949 онд коммунист хүчин ялж, өнөөдрийн Ши Жиньпин тэргүүлж буй БНХАУ байгуулагдсан билээ.
Ирэх Лхагва гарагт болох 70 минутын цэргийн парад нь Ши Жиньпиний удирдлага дор орчин үеийн болгоход анхаарч буй Хятадын Ардын Чөлөөлөх Арми (АЧА)-ийн цэргийн чадавхыг харуулах томоохон үзүүлбэр болох аж. Парадад 10000 гаруй цэрэг, 100 гаруй нисэх онгоц, хэдэн зуун нэгж хуурай замын техник хэрэгсэл оролцох юм байна.
Энэхүү нарийн найруулсан сүр жавхлант шоу нь Хятадын хурдтай хөгжиж буй цэргийн технологийн ховорхон үзүүлбэр болох нь.
Албаныхны мэдээлснээр, парадад танилцуулах бүх зэвсэг, техник хэрэгсэл нь дотоодод үйлдвэрлэсэн, одоогоор хэрэглээнд байгаа бөгөөд дийлэнхийг нь анх удаа олны өмнө дэлгэх гэж байна. Үүнд:
-Хамгийн сүүлийн үеийн дронууд,
-Цахим довтолгоо болон радио давтамжийн үймүүлэлтийн системүүд,
-Дуунаас хурдан зэвсэглэл,
-Агаарын болон пуужингийн эсрэг хамгаалалтын технологиуд,
-Стратегийн пуужингууд зэрэг багтаж байгаа аж.
Бээжин сүүлийн хэдэн арван жилийн турш Хойд Солонгосын гол улс төр, эдийн засгийн ивээн тэтгэгч байсаар ирсэн бөгөөд олон улсын хатуу хоригт өртсөн тус улсын эдийн засгийг тэтгэж буй чухал амин судас юм. Хятад нь Хойд Солонгосын цорын ганц албан ёсны холбоотон бөгөөд тэд 1961 онд харилцан батлан хамгаалах гэрээ байгуулжээ.
Сүүлийн жилүүдэд Хойд Солонгос Оросын Украин дахь түрэмгий дайны үеэр Москвагийн талд ойртох хандлагатай болж, энэ нь Зүүн Азийн геополитикийн тэнцвэрийг төвөгтэй болгож, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахыг зорьж буй Хятадын хүчин чармайлтад сорилт учруулж буй аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй ойр харилцаатай Ши Жиньпин бол түүний хамгийн хүчирхэг ар талын дэмжигч. Гэвч Ши Путин болон Ким Жон Ун нарын шинээр бүрэлдүүлж буй холбоонд болгоомжтой хандаж буй аж. Учир нь энэхүү холбоо нь Хойд Солонгосыг Украины дайнд Оросын тал руу цэрэг илгээхэд хүртэл хүргэсэн.
2024 онд Путин болон Ким нар Пёньянд түүхэн шинж чанартай батлан хамгаалах гэрээ байгуулж, хэрэв нэг нь гаднын довтолгоонд өртвөл нөгөө нь шууд цэргийн тусламж үзүүлэх амлалт өгсөн нь АНУ болон түүний Азийн холбоотнуудыг ихэд түгшээжээ.
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Хун Лэй пүрэв гаргийн хэвлэлийн бага хурлын үеэр Хятад, Хойд Солонгосын "уламжлалт нөхөрлөлийг" сайшааж, хоёр улс 80 жилийн өмнө Японы түрэмгийллийн эсрэг тэмцэлд харилцан бие биенээ дэмжиж байсныг онцолсон байна.
Хун Лэй "Хятад улс Хойд Солонгостой хамтран ажиллахаа үргэлжлүүлэн илэрхийлж байна. Бид хоёр талын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, социалист бүтээн байгуулалтыг урагшлуулахын зэрэгцээ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, олон улсын шударга ёсыг хамгаалахад нягт хамтран ажиллахад бэлэн байна" гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.61] 2025-08-28 22:39:53
ЭНЭ ХААЛГА БОЛ БЭЭЖИН ДЭХЬ ТЯНЬАНЬМЭНИЙ ТАЛБАЙН АРД БАЙДАГ НҮСЭР ТОМ ТАЛБАЙ ЭЗЭЛСЭН ХААНЫ ОРДНЫ ХААЛГА ЮМ. ЭНЭ ХААНЫ ОРДОНГ 1406-1420 онд МИН УЛСЫН ЮНЛЭ ЭЗЭН ХААНЫ ЗАРЛИГААР БАРИУЛСАН. ГОЛ АРХИТЕКТОР, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, УДИРДАЖ БАРИУЛСАН ХҮН НЬ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ХАРЪЯАТ ШАРАХУ НЭРТЭЙ МОНГОЛ ХҮН БАЙСАН гэж ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЖЭЭ.
Зочин [86.85.55.114] 2025-08-28 19:15:30
Тэнгэрийн Амар Амгалангийн хаалга нь Монголчуудын барьсан хаалга арай биш биз дээ. Манжийнх уу? Яаж ч байсан Хятадуудын өөрсдийнх нь хаалга биш хахаха. Өөр газар зургаа авахуулаач