Австрали улс Ираны элчин сайдыг эх орноосоо хөөжээ

Aдмин / Гадаад мэдээ

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе Ираныг “онцгой аюултай, түрэмгийллийн шинжтэй
үйлдлүүдийн ард байна” гэж мэдэгдэв. (Эх сурвалж: Lukas Coch / AAP / Reuters)

Австрали улс Канберрад суугаа Ираны элчин сайдыг улс орноосоо хөөхөөр болжээ. Учир нь тус улсын тагнуулын байгууллага Иран Австралид болсон жүүдийн эсрэг дор хаяж хоёр халдлагын ард байсныг илрүүлсэн байна.

Ерөнхий сайд Энтони Албанезе хэвлэлийн бага хурал дээр "Австралийн Үндэсний Аюулгүй Байдлын Тагнуулын Байгууллага (ASIO) Ираны Исламын Хувьсгалт Хамгаалагчдын Корпус (IRGC)-ыг өнгөрсөн онд гарсан хоёр халдлага буюу нэг нь Сидней дэх жүүдүүдийн эзэмшлийн ресторанд, нөгөө нь Мельбурн дахь Adass Israel синагог руу чиглэсэн халдлагуудтай холбоотойг тогтоосон" гэж мэдэгджээ.

Албанезе хэлэхдээ "Эдгээр нь гадаад улсаас Австралийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулсан онц ноцтой, аюултай түрэмгийллийн үйлдлүүд юм" гэж онцолсон байна.

Ираны элчин сайд Ахмад Садеги болон түүний хамт гурван дипломат ажилтанд Австралийг долоон хоногийн дотор орхин явах мэдэгдэл өгчээ. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Австрали анх удаа гадаад улсын элчин сайдыг албан ёсоор улс орноосоо хөөсөн тохиолдол болж байгаа аж.

Австрали улс элчингийнхээ ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс Иран дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн Иранд байгаа Австралийн иргэдийг нутаг буцахыг уриалсан байна.

Албанезе хэлэхдээ, Ираны Исламын Хувьсгалт Хамгаалагчдын Корпус (IRGC) - дотоодын эсэргүүцлийг дарахад чухал үүрэгтэй, мөн Ойрхи Дорнод даяар зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлж, Ираны нөлөөг гадагш тэлдэг тусгай цэргийн нэгж - террорист байгууллага гэж Австрали улс албан ёсоор зарлахаар болсон талаар мэдэгджээ. АНУ 2019 онд IRGC-г террорист байгууллага хэмээн ангилсан байдаг.

Албанезе нэмж хэлэхдээ: “Би өмнө нь олон удаа хэлж байсан. Австралийн ард түмэн хоёр зүйлийг хүсэж байна: Нэгдүгээрт, Ойрхи Дорнодод аллага зогсох ёстой. Хоёрдугаарт, тэр бүс нутгийн мөргөлдөөн манай оронд нэвтрэхийг хүсэхгүй байна. Гэвч Иран яг үүнийг хийхийг оролдсон юм” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр "Тэд (Иран) Австрали дахь еврей (жүүд) иргэдэд хор хөнөөл учруулж, айдаст автуулахыг оролдсон. Мөн манай нийгэмд үзэн ядалт, хагарал талцал тараахыг зорьсон" гэж мэдэгдсэн байна.

ASIO-ын Ерөнхий захирал Майк Бёржесс мэдэгдэхдээ, Австралид болсон жүүдийн эсрэг халдлагуудыг Ираны Хувьсгалт Хамгаалагчдын Корпус (IRGC) шууд удирдсан гэжээ. Халдлагууд нь хэд хэдэн шат дамжлагатайгаар хэрэгжсэн байна.

Тэрбээр хэлэхдээ "Энэ үйл ажиллагааг IRGC гадаадад байрлаж буй зуучлагчдын сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан. Эдгээр зуучлагчид дараагийн шатны зохицуулагчидтай холбогдож, эцэстээ Австрали иргэдийг үүрэг гүйцэтгэхэд хүргэсэн" гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.