Монголчуудын ажлын бүтээмж сүүлийн нэг жилд 4.8 хувиар өсчээ

Энэ оны II улирлын байдлаар нэг ажилтанд ногдох ДНБ 6.2 сая төгрөг болж, жилийн өмнөхөөсөө 4.8 хувиар өсчээ. Салбараар нь харвал барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарынхны хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн байна.
Эдгээр салбарт бүтээмж нэмэгдсэн нь улирлын шинж чанартай өсөлт, дотоодын хэрэглээ сэргэх, төрийн болон хувийн хөрөнгө оруулалтын зарим төсөл эрчимжсэнтэй холбоотой аж.
ХАА-г дэмжих олон хөтөлбөр хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгосон. Харин нөгөө талд нүүрсний үнийн уналт, уул уурхайн салбарын орлогын бууралтаас үүдэн тус салбарынхны хөдөлмөрийн бүтээмж 1.4 сая төгрөгөөр багасжээ.
Сонирхуулахад, Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг иргэдээ ажлын байраар хангах нь Засгийн газрын тэргүүн зорилт болохыг зарлав. Тэрбээр "Дэлхийн худалдааны саад тотгор, хиймэл оюунаас үүдэх эрсдэлүүд нүүрлээд буй энэ үед иргэдээ ажлын байраар хангах нь Засгийн газрын тэргүүний зорилт байна" гэж мэдэгджээ.
Тус улс байгуулагдсаны 60 жилийн ойн баярын чуулганд Лоуренс Вонг үг хэлэхдээ АНУ, БНХАУ-ын зөрчил болон Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн тарифын дайны нөлөөлөл, шинэ технологиуд хүмүүсийн ажлын байрыг орлох эрсдэл нь Сингапурт тулгарах гол сорилтууд болохыг онцолсон байна.
Мөн тэрбээр "Дэлхийн түүхийн илүү түгшүүртэй, донсолгоотой шинэ бүлэг эхэлж байна" хэмээгээд, Сингапур улсын худалдаанд суурилсан эдийн засгийг улам хүчирхэгжүүлж, нийгэм хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх төлөвлөгөөтэй ажиллахаа дурджээ.
Лоуренс Вонг "Эцсийн эцэст манай эдийн засгийн стратеги бол ажил, ажил, бас дахин ажил. Энэ бол бидний тэргүүн зэргийн зорилт байх болно. Сингапурчуудад шинэ ажлын боломж атгахад дэм болохын тулд бид илүү ихийг хийнэ" гэж онцолсон байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл