Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Ерөнхий сайд энэ үеэр алба хаагчдад хандан “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагаатай тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгааг харлаа. Тиймээс юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ.

Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албажуулан, ирэх оны төсөвт тусгана. Oнцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, цаашлаад нисдэг тэрэг, дрон, техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад анхаарна" гэв.

Эдийн засаг хүнд байгаа ч тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ОБЕГ-аас тавьсан саналыг гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтааж хэрэгжүүлэхээр тогтов.

Үүргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй та бүхний гавьяат үйлсээр Монголын төр засаг бахархаж байна. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлье хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.

Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ.

Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, 2015 оны есдүгээр сард ОХУ-ын Улаан-Үд хотод гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны хоёрдугаар сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [202.126.91.163] 2025-08-19 22:22:25

Ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүсье . Ашгүй дэ болж бна . Үнэн сэтгэлээс хайралмаар хүмүүс шүү. Зөв шийдвэр бна .

Зочин [202.55.191.194] 2025-08-19 21:33:06

40 хувь ч багадна даа. Одоохондоо улс орны маань нөхцөл байдал хэцүүхэн багаа болохоор яахав гэхээс Онцгойгийнхонд 100 хувийн нэмэгдэл өгсөн ч багадна. Хамгийн хэцүү хатуу, хүнд бүх ажилд бидний төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэдэг хамгийн хайр хүрмээр хүмүүс. Болдог бол байр орон, цалин хөлс, хувцас хэрэглэл, техник бүх зүйлсээр хамгийн түрүүнд хангалттай хангах ёстой хүмүүс шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.