АНУ Путин, Трамп нарын уулзалтын өмнө Оросын криптовалютын компаниудад хориг арга хэмжээ авчээ

Aдмин / Гадаад мэдээ

Вашингтон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтаас ердөө нэг өдрийн өмнө Оросын гурван иргэн, гурван компанид хориг арга хэмжээ авснаа зарлажээ.

АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFAC)-наас “Тусгайлан тодорхойлсон иргэд, төлөөлөгчдийн блоклогдсон жагсаалт (SDN)” буюу Америкийн санхүүгийн системээс бүрэн тусгаарлагдсан хүмүүсийн жагсаалтад ОХУ-ын иргэн Павел Каравацкий, Александр Мир Серд, Сергей Менделеев нарыг оруулсан байна.

АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр, тэднийг “Оросын Garantex криптовалютын биржтэй холбоотой” хэмээн буруутгажээ.

Хоригт мөн Оросын криптовалютын компаниуд болох Indefi, Grinex, Exve болон Бишкект бүртгэлтэй “Old Vector” фирм орсон аж. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, эдгээр байгууллагууд бүгд бизнесмен Сергей Менделеев болон A7 брендийн дор үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбоотой юм байна.

Путин, Трамп нарын хэлэлцээ өнөөдөр буюу наймдугаар сарын 15-нд Аляск мужийн Анкориж хот дахь “Элмендорф-Ричардсон” цэргийн баазад болно. Уулзалтын өмнөхөн Трамп Украинд гал зогсоохыг Москва зөвшөөрөөгүй тохиолдолд “маш ноцтой үр дагавар” гарахыг анхааруулсан бөгөөд хэрэв хэлэлцээ амжилттай болвол Ерөнхийлөгч Владимир Зеленскийг оролцуулсан гурван талт дээд хэмжээний уулзалт болох боломжтойг дурдсан.

"The Guardian"-д мэдээлснээр, Москвад байгаа эх сурвалжуудын хэлснээр, уулзалтын үеэр Путин Донецк, Луганск мужийг Оросын хяналтад шилжүүлэхийг шаардах бөгөөд АНУ-аас эдгээр нутгийг нэгтгэн авахыг хүлээн зөвшөөрөхийг хүсэх төлөвтэй байгаа аж. Херсон, Запорожск мужийн талаарх шаардлагаас татгалзах бодолгүй байгаа ч одоо Оросын цэргүүд эзлээд буй Сум, Харьков мужийн жижиг газрыг бэлгэдлийн шинжтэйгээр Киевт шилжүүлэх боломжийг авч үзэж буй юм байна.

Эх сурвалжуудын үнэлгээгээр, хэлэлцээнээс бодит амжилт гарахгүй ч Путин Трампыг Москвад ээлтэй байр суурьтай болгохыг оролдох төлөвтэй байгаа аж.

Мөн “The Washington Post”-д мэдээлснээр, Кремлийн дээд түвшний эрх баригчдын хувьд Украины дайны улмаас ядарч, хэвийн амьдралдаа буцаж орох хүсэл нэмэгдэж байгаа гэнэ. Кремлийн албан тушаалтан асан нэгэн “бүгд Путинээс айдаг” бөгөөд үнэндээ олон хүн Анкориж дахь уулзалтыг цэргийн тусгай ажиллагааг дуусгах, хурцадмал байдлыг намжаах боломж гэж үзэж буй талаар мэдэгджээ.

Эх сурвалж: MOSCOW TIMES
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.