М.Нарангэрэл: Монгол Улс 2030 он гэхэд аялал жуулчлалын салбараас дөрвөн тэрбум ам.доллар олох боломжтой

Aдмин / Энтертайнмент

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал
М.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Өнгөрсөн онтой харьцуулахад манай улсыг зорин ирэх жуулчдын тоо өссөн үү?

-Манай улс энэ онд нийтдээ 500 гаруй мянган гадаадын жуулчин хүлээн аваад байна. Зөвхөн наймдугаар сар гэхэд 478.500 гаруй жуулчин ирсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад есөн хувиар өссөн үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар 24 мянга гаруй жуулчин ирсэн.

Мөн наймдугаар сарын 10-ны өдөр гэхэд манай улсыг 4000 хүн зорин ирсэн гэх мэдээлэл байна. Ихэвчлэн зуны гурван сар жуулчид манай улсыг зорьдог байсан бол сүүлийн жилүүдэд дөрөв, тав, ес, аравдугаар саруудад ч ихээр зорин ирэх болсон. Үүнийгээ дагаад аяллын бүс, байршил томрох хандлага бий болсон юм. Одоогийн байдлаар манай орныг зорин ирэх жуулчдын тоо багасаагүй учраас дараагийн саруудад ч өссөн хэвээр байна. Энэ сард Өмнөд Солонгос, Орос, Хятад, Япон зэрэг улсын иргэд олноор ирсэн . Сүүлийн үед бид Америкийн зах зээлийг анхааралдаа авч ажиллаж байгаа

Одоогийн байдлаар “United Airline” компани шууд нислэг хийж байгаатай холбоотойгоор Монгол руу аялах аяллын танилцуулга, мэдээллүүдийг идэвхтэй цацаж байгаа. Мөн Хятадын томоохон хотуудаас Монгол руу хийх шууд нислэгүүдийг дэмжиж өгснөөр жуулчдын урсгал сайжирсан.

-Энэ жил аялал жуулчлалын салбар ямар ажлыг голчлон хийсэн бэ?

-Саяхан бид “Boston Consulting Group”-ээр томоохон хэмжээний судалгаа хийлгүүлсэн юм. Үүний үр дүнд аялал жуулчлалын салбарынхаа ирээдүйн арван жилийн төлөвлөгөөг боловсруулж, гол долоон чиглэлээ тодорхойлсон. Мөн бид Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар Яармагт “Аялал жуулчлалын сургалтын төв” байгуулсан. Ирэх сараас эхлэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодыг сургалтын төв болгон ашиглахаар тохирсон байгаа.

Манай оронд сүүлийн жилүүдэд шинэлэг зүйл гарч ирсэн нь аймгууд өөрсдөө аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг болсон. Жишээ нь,“Ara”, “Тайга”, “Go Dadal” гэх мэтчилэн сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Удахгүй Өмнөговь аймагт “Алтан элс” гэх фестиваль болох гэж байгаа. Энэ мэт дотоод, гадаадын аялагч нарт зориулсан үйл ажиллагааг ихээр хийж байгаа нь үнэхээр сайшаалтай. Аялал жуулчлал бол орон нутагт маш олон ажлын байр бий болгож чадах чухал салбар. Үүнийг дагаад ахуй үйлчилгээний байгууллагууд ч сайжирсан гэдийг анзаарсан. Энэ жил бид намар, өвлийн улиралд дотоодын аялагчдадаа анхаарч чадвал ирэх жилээс аймгууд жуулчид татахын тулд хоорондоо өрсөлддөг болно гэж харж байгаа.

-Жуулчдын зүгээс хамгийн их давтагддаг гомдол, санал юу байна?

-Нэгдүгээрт, манай Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал дээр маш их гомдол гаргадаг. Наадмын үеэр л харьцангуй бага байдаг. Харин бусад үед үнэхээр төвөгтэй. Хоёрдугаарт, ариун цэврийн байгууламжийн асуудал байна. Ариун цэврийн өрөө үнэхээр хүрэлцээ муу. Гуравдугаарт, манайхан өөрсдөө аялахдаа хогоо замбараагүй хаяж байна гэх асуудал хамгийн их давтагддаг. Үүнээс гадна гадаадын жуулчдаас хулгай хийх асуудал бий. Хотын бүс, төвлөрсөн хэсгүүд буюу жуулчид ихээр явдаг урсгалд бүлэг хулгайн асуудал маш их гарч байна. Эдгээр асуудлууд аяллын хэдэн компанийг нүүр хийх газаргүй болгодог.

-Та Монголын аялал жуулчлалын салбарыг 2030 он гэхэд ямар түвшинд хүрнэ гэж бодож байна вэ?

-Тухайн үед бүс нутгийн аялал жуулчлал хүчтэй яригддаг болно. Солонгос улсын Чоньжү мужаас шууд нислэгээр Хөвсгөл аймаг руу онгоц нисдэг болсон шүү дээ. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотод бүх нислэгүүд төвлөрөхөө больж буй бөгөөд бүс нутгуудад аялал жуулчлалын салбар хөгжиж байгаа нэг хэлбэр юм. Цаашлаад бүс нутгууд энэ тал дээр өрсөлдөж эхэлнэ. Урт хугацаандаа бид дөрвөн чиглэлд шууд нислэг хүлээн авдаг болно.

Олон улсын хурал, зөвлөгөөний бүхий л сувгуудыг ашиглан Зүүн Азийн орнуудын гол тоглогч орон болох боломж бий. Үүний үр дүнд Монгол орны талаарх гадныхны эерэг сэтгэгдэл дахиад хэдэн байраар урагшлах нөхцөл бүрдэнэ. Монгол Улс аялал жуулчлалын салбараасаа одоогоор 1.3 тэрбум ам.долларыг олж байгаа. Харин бид бүтцээ сайжруулан, шинэчилж ажиллаж чадвал 2030 он гэхэд дөрвөн тэрбум ам.доллар олох боломж байна.

Аялал жуулчлалаараа дамжуулан дотоодын бүтээгдэхүүнээ сурталчлах ёстой гэдийг монголчууд одооноос л ойлгож эхэлж байгаа. Миний хувьд Монголын эдийн засагт тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалын салбар байсаар байх болно гэж боддог.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
А.ДАВААДУЛАМ


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.26] 2025-08-14 16:22:48

цэвэр жуулчид яг хэд вэ. ? ...%?

Зочин [66.181.190.180] 2025-08-14 14:14:31

худлаа хоосон мөрөөдөөд хэрэггүй эхлээд үйлчилгээ ахуй нөхцөлөө сайжруул!

Малчин [66.181.161.85] 2025-08-14 11:54:51

Аялал жуулчлалыг зохиомол жуулчны бааз биш, малчны хоттой холбон хөгжүүлэх нь илүү утга учиртай болох нь гарцаагүй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.