Путин, Трамп нарын уулзалт цэргийн баазад болно
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт Аляск муж улсын Анкориж хотын хойд хэсэгт орших "Эльмендорф-Ричардсон" цэргийн баазад болох талаар CNN агентлаг Цагаан ордон дахь хоёр эх сурвалжийн ярьснаас эш татан мэдээлжээ.
Цагаан ордон Оросын удирдагчийг Америкийн цэргийн баазад хүлээн авахаас өөр хувилбар бий гэж үзэж байсан ч зөвхөн “Эльмендорф-Ричардсон” цэргийн нэгдсэн бааз л түүхэн уулзалтыг зохион байгуулах шаардлагуудыг хангаж байна гэж телевизийн мэдээнд дурджээ.
Уулзалт хийх өөр газар сонгох боломж хязгаарлагдмал байгаа нь одоо Аляскт жуулчны улирал ид дундаа үргэлжилж байгаатай холбоотой аж.
Орос, Америкийн удирдагчдын уулзалт энэ сарын 15-ны өдөр Аляскт болох талаар Кремль ба Цагаан ордны төлөөлөгчид бямба гарагт шилжих шөнө мэдэгджээ.
В.Путиний туслах Ю.Ушаковын ярьснаар, Путин, Трамп нар Украины хямралыг энхийн замаар урт хугацаанд зохицуулах хувилбаруудыг хэлэлцэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх ажээ.
"Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болно" гэж зарласны дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийхгүйгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Bold o [211.235.80.175] 2025-08-13 12:39:53
За наад Путиныг цэргийн баазад авчраад баривчлах нь ...Путиныг баривчлаагүй шүүхийн шийдвэр биелүүлээгүй гээд манай Монгол улсыг буруутгаад байсан...одоо Америк улс Путиныг яахыг харая даа..
Зочин [59.153.115.216] 2025-08-13 17:34:21
АНУ олон улсын тэр шүүхийн гишүүн орон биш юм
Зочин [122.201.31.186] 2025-08-13 08:50:43
орос тролл кк
Зочин [103.229.120.163] 2025-08-13 08:27:45
Тэнэг алиалагчийн ялагдал . БАРУУНЫ ӨГӨӨШ үмхээд улсаа сүйрүүлэв .