Зеленский: Москва эхлүүлсэн дайнаа дуусгах бодит алхам хийх ёстой

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2025 оны наймдугаар сарын 10-ны ням гарагт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар наймдугаар сарын 15-нд Аляскад болох дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаас өмнө Европын орнуудын удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдлийг дэмжиж, "Украинд дайн шударгаар төгсөх ёстой" хэмээн мэдэгджээ.
Тэрбээр "Украины төлөө, энхийн төлөө, манай ард түмний төлөө хамт байгаа бүх хүмүүст талархаж байна. Украин бол Европын ард түмнүүдийн аюулгүй байдлын амин чухал ашиг сонирхлыг хамгаалж байна" гэж онцолсон байна. Мөн Киев уг баримт бичгийг өндрөөр үнэлж, бүрэн дэмжиж байгааг илэрхийлжээ.
Швед, Украины хамтын ажиллагаа
Зеленский Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссонтой утсаар ярьсан талаараа мөн мэдээлэв. Тэр "Батлан хамгаалахын маш бодитой тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ. Швед улс энэ жил манай батлан хамгаалахад зориулж 4 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн" гэж хэлжээ.
Зеленский "Швед, мөн Хойд Европын бүх орон дайн аль болох хурдан, шударга төгсөх шаардлагатай бөгөөд Орост дарамт шахалт үзүүлэх ёстой гэсэн саналыг дэмжиж байна" гэж тэмдэглэсэн байна. Тэр "Энэхүү дайныг эхлүүлсэн Москва л дайн дуусгах бодит алхам хийх ёстой" гэж үзэж байгаа аж.
Киев, Стокгольм хоёр мөн Украины цэргийн нисэх хүчний хөгжлийн асуудлаар хамтран ажиллахаар ярилцжээ. Украины Ерөнхийлөгч "Украин, Шведийн багууд энэ асуудлыг бодитоор авч үзэж, хамтран боловсруулахаар тохиролцсон" хэмээн тэмдэглэв.
Европын удирдагчид: Киевд аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой
Наймдугаар сарын 10-нд Европын хэд хэдэн улсын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргав. Уг баримт бичигт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Финландын Ерөнхийлөгч Александер Стубб, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нарын удирдагчид гарын үсэг зурсан байна:
Европын удирдагчид “Бид дипломат шийдэл нь Украин болон Европын аюулгүй байдлын амин чухал ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ. Тэд мөн “Эдгээр амин чухал ашиг сонирхолд найдвартай, бат бөх аюулгүй байдлын баталгааг хангах шаардлага багтана. Энэ нь Украинд өөрийн бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа үр дүнтэй хамгаалах боломж олгоно" гэсэн байр суурь илэрхийлсэн байна:
“Украины оролцоогүйгээр Украинд энх тайван тогтоох боломжгүй”
Европын түншүүд "Украин улс өөрийн ирээдүйг чөлөөтэй сонгох эрхтэй байх ёстой. Зөвхөн гал зогсоох, эсвэл тулааны идэвхжил буурсны дараа л бодитой, үр дүнтэй хэлэлцээ явагдаж болно" гэж үзэж байгаа аж.
Европын улс төрчид “өнөөгийн фронтын шугам” нь хэлэлцээ эхлүүлэх ганцхан гарааны цэг байж болохоос бус байнгын хил хязгаар болох ёсгүй гэж үзэж буй юм байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.123] 2025-08-11 08:05:52
Маш зөв том орнууд хүчээр жижиг улсыг эзлэн авах ёсгүй
Алдар [124.158.107.92] 2025-08-11 08:44:37
Маш зөв. Хогын путин дайнаа зогсоо. Слава Украине.