"СП Фалконс" багийн түүхэн амжилт - Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge League 2025/2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны халуухан тулаан өчигдөр 16:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
Монголын Дээд Лигийн аварга, Монгол Улсаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцсон “СП Фалконс” баг Тайванийн хөлбөмбөгийн хүчирхэг “Тайчунг Футуро” багийг 3:1-ийн харьцаагаар итгэл төгс буулган авч, ирэх аравдугаар сард болох “Challenge League 2025/2026” тэмцээний хэсгийн шатанд оролцох эрхээ өвөртөллөө.
Энэхүү ялалт Артур Феррейра дасгалжуулагчтай “СП Фалконс” багийн ялалт төдийгүй Монголын хөлбөмбөгийн нэр төр, түүхийн шинэ хуудас болон тодоор бичигдэн үлдэж байна.
Энэ түүхэн тоглолтын баатар бол Узбекстаны иргэн, "СП Фалконс" багийн довтлогч Риза Айвазов байлаа. Тэрбээр хоёр гоол оруулж, тоглолтыг илүү сонирхолтой болгож, шийдвэрлэх үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ. Ийнхүү "СП Фалконс" багийн эв нэгдэл, зөв стратегийн үр дүнд энэ гайхамшиг биеллээ оллоо.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж эзэн багаа дэмжсэн хөлбөмбөгийн хорхойтнууд, дасгалжуулагчид, шүүгчид, тамирчид, хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийн халуун дулаан дэмжлэгт талархал илэрхийлье. Та бүхний зүрх сэтгэлийн хүч энэхүү түүхэн ялалтын нэгэн чухал хөдөлгүүр байлаа.
Эх орондоо Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge League 2025/2026” тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг амжилттай зохион байгуулж, арын албанд сэтгэл зүрхээ зориулан ажилласан зохион байгуулалтын баг, стратеги боловсруулагчид, багийн бүх гишүүдэд талархал илэрхийлье.
Талын Монголын хөлбөмбөгчдийн ялалтын уухай дэлхийд цуурайтаг!
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл