Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190 захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан ахалж буй.
Ажлын хэсэг өнөөдөр /2025.08.13/ хуралдаж хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл, гурван дугуйт болон мотоциклийн төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдэлд хяналт шалгалт хийхээр тогжээ.
Ингэхдээ зөвхөн Тээврийн цагдаагийн алба гэхгүй төвийн зургаан дүүргийг татан оролцуулж хяналт шалгалтын ажлыг өргөн хүрээнд хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдлийг таслан зогсоох ёстой гэж үзсэн байна.
Мөн ажлын хэсгийн ахлагч Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар нар дрифт хийх хүсэл сонирхолтой иргэдийн эрх, хүсэл сонирхлыг хааж боож болохгүй. Иймээс цаашид тодорхой байршилд дрифт хийх нөхцөлийг бүрдүүлэх, цагийн хязгаар тогтоох, олон талын байгууллагуудыг татан оролцуулах, олон нийтэд нөлөөллийн аян өрнүүлэх талаар санал хэлжээ.
Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас Налайх, Төв аймаг, Хүй долоо орчимд дрифт хийх боломжит газрыг танилцуулав. Ажлын хэсгийн дараагийн хурлаар уг асуудлыг мэргэжлийн холбоодтой ярилцан эцэслэж, хяналт шалгалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг ажлын хэсгийн ахлагч үүрэг болгосон байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Иргэн [192.82.92.42] 2025-08-14 17:46:46
Оройтсон ч гэсэн анхаарсан бна. Унэхээр гамшиг боллоо шуу!!!
Зочин [66.181.190.180] 2025-08-14 14:12:47
монголд ер нь хяналт гэж байхаа болиод удаж бна шүү!
зочин [103.57.95.32] 2025-08-14 09:45:22
"Дрифт хийх эрх" гэж ямар юм байна вэ? Тийм эрх нь зөрчигдсөн тухай хэдэн гомдол, хэнээс гараад байна вэ? Хүний эрхийн комисст гаргасан гомдол байна уу? Харин дрифт, их дуутай мотоцикл, машин хотын оршин суугчдын амар амгалан амьдрах эрхийг шөнө өдөргүй зөрчиж байгааг судла, тийн зөрчигчдөд торгууль, шийтгэл оноох шийдвэр гарга. ИТХ - ын төлөөлөгч өө. Их дуутай унаа өдөр, шөнөгүй хэрэглэж "би ийм мотоциклтай, машинтай" гэдгээ хот дотор бусдад харуулах, гайхуулах гэж л хэрэглэдэг. Тэдэнд хотоос гадна хүн үзэхгүй, гайхуулах боломжгүй газар хэрэггүй. Юуны тухай ярьж хэлэлцэж байгаагаа жаахан ч болов үндэслэлтэй, баримжаатай болгооч. Аль нь олонх байгаа, байж болохыг судла, шийдвэр гарга. Олонхийн амгалан, эрүүл орчинд амьдрах эрхийг ханга.