Трамп "Путин, Зеленский нартай уулзах боломжтой" гэж мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Аляскад болох АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтаас хойш Украинд энхийн замаар шийдэл олох дараагийн уулзалт Кремлийн тэргүүн Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын хооронд, эсвэл гурван талт уулзалт хэлбэрээр буюу Путин, Зеленский, Трамп гурвын хооронд болох боломжтой аж. Энэ талаар Дональд Трамп наймдугаар сарын 13-ны лхагва гарагт мэдэгдсэн байна.

Тэрбээр энэхүү мэдэгдлийг Европын зарим орнуудын төр, засгийн тэргүүнүүд болон Владимир Зеленскийтэй хаалттай видео уулзалт хийсний дараа хийжээ. Зеленский энэ уулзалтад оролцохоор Берлинд ирсэн байсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хэлснээр, уг уулзалт ойрын хугацаанд болох боломжтой ч зөвхөн наймдугаар сарын 15-нд Аляскад Путинтэй хийх уулзалт амжилттай болсны дараа л үргэлжлүүлэх нөхцөлтэй юм байна.

"Reuters" агентлагийн мэдээлснээр, энхийн хэлэлцээрийн дараагийн уулзалтыг зохион байгуулах боломжтой газруудаар Европ болон Ойрхи Дорнодын хотуудыг нэрлэжээ.

Үүний зэрэгцээ Дональд Трамп анхааруулга өгч, хэрэв Путин наймдугуур сарын 15-ны уулзалтын дараа Украины эсрэг дайнаа дуусгахгүй бол ОХУ-д “маш хатуу үр дагавар” учирна хэмээн мэдэгдсэн байна.

AP агентлагийн мэдээлснээр, Трамп Вашингтонд болсон Кеннедигийн төвийн шагнал гардуулах ёслолын дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ ийн мэдэгдсэн ч “хатуу үр дагавар”-ын нарийн агуулгын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Путин, Трамп нарын Аляскад хийх уулзалтын тэргүүлэх зорилго - Украины дайны галыг зогсоох асуудал

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын Аляскад хийх уулзалтын өмнө Германы Канцлер Фридрих Мерц Трамп, Европын удирдагчид болон Зеленский нарын хооронд хаалттай видео хурал зохион байгуулсан бөгөөд энэ нь талуудын байр суурийг уялдуулах зорилготой байжээ.

Канцлер Мерц "Трамп энэхүү уулзалтаар Украинд гал зогсоох тохиролцоонд хүрэхийг гол зорилго болгохоо илэрхийлсэн" гэж хэлжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн үүнтэй ижил мэдэгдэл хийж, Трамп "энэ уулзалтаар Путинтэй гал зогсоох асуудлыг заавал хэлэлцэнэ" гэдгээ маш тодорхой илэрхийлсэн хэмээн онцолжээ.

Украины Ерөнхийлөгч Зеленский Берлинд Канцлер Мерцтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, Аляскад болох дээд хэмжээний уулзалтын гол сэдэв гал зогсоох асуудал байх ёстой гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Гэсэн хэдий ч тэрбээр Путин “энх тайвныг хүсэхгүй байгаа нь илт” гэж мэдэгдэж, хэрэв уулзалтаас бодит үр дүн гарахгүй бол Барууны холбоотнууддаа ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг улам чангатгахыг уриалжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.71.101.103] 2025-08-14 09:27:28

Зэрлэг путин одоо дайтахаа болих хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.