БИДНИЙ ТУХАЙ: Улаанбаатарт 116 нэр төрлийн муур тэжээдэг өвөрмөц кофе шопын эзэдтэй уулзсан

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа Олон улсын муурны өдрийг тэмдэглэсэн талаар TASS агентлаг мэдээлснийг “БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцолж байна. Түүнд,
Монгол Улсын нийслэлд Олон улсын муурны өдрийг анх удаа тэмдэглэв. Энэ амьтан Монголд тун ховор. Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд цугласан муурны эзэдтэй уулзсан ТАСС агентлагийн сурвалжлагч энэ талаар мэдээлэв. Тэд Оросын их сургуулийн төгсөгч малын эмчээс зөвлөгөө авч байлаа.
Москвагийн Хөдөө аж ахуйн академийн (К.И.Скрябины нэрэмжит) мал эмнэлгийн их сургуулийн төгсөгч Баатархүүгийн Нямсүрэн “Намайг Москва руу сурахаар явах үед монголчуудын ихэнх нь гэртээ нохой тэжээдэг байсан. Нохой бол нүүдэлчдийн гол туслагч.
Оросоос ялгаатай нь Монголд муур маш ховор тааралддаг. Муур бол газар тариалан эрхэлдэг ард түмний хайртай амьтан. Гэхдээ сүүлийн үед муур тэжээдэг монголчууд олширч байгаа тул би муурны туршлагагүй эздэд зөвлөгөө өгдөг” хэмээн ярив.
Тэрбээр муурны эздийн тавьсан асуултуудад хариулсан бөгөөд тэдний дунд 116 төрлийн муур тэжээдэг нийслэлийн өвөрмөц нэгэн кофе шопын эзэд ч байсан. Тэд “Русский Дом”-оос Улаанбаатарт зохион байгуулсан баярт зориулж оролцогчдод муурнуудаа, тэр дундаа "Оросын хөх" үүлдрийн муурыг авчирч үзүүлсэн юм.
Сиам үүлдрийн муурны эзэн Батжаргалын Энхчимэг “Зөвлөлтийн зохиолч Иван Ефремов ‘Салхины зам’ номдоо Монголд муур тэжээдэггүй шалтгааны талаар өгүүлсэн байдаг. “Нохой өглөө эзнээ амьд байгаа эсэхийг харахаар ирдэг бол муур эзнээ нас барсан эсэхийг л шалгадаг” гэх итгэл үнэмшил хүмүүсийн дунд байсан.
Харин одоо энэ ойлголт өөрчлөгдөж байна. Үүнд Улаанбаатар дахь “Русский Дом”-д зохион байгуулсан Олон Улсын муурны анхны баяр ч хувь нэмрээ орууллаа” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав” гэжээ.
Улаанбаатар дахь Оросын ордны цахим сайтад мэдээлснээр, 2025 оны наймдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар дахь Оросын ордноос анх удаа Олон улсын муурын өдрийн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд ангор, британ, сиам зэрэг угсаатай, "Оросын цэнхэр" гэх мэт төрлийн ойролцоогоор 20 муур оролцсон байна. Муурын эзэд нас, мэргэжил, үндэс угсаа өөр өөр ч амьтанд хайртай сэтгэлээр нэгджээ.
Улаанбаатар дахь Оросын ордны Соёлын хэлтсийн дарга Анна Кулакова "Дэлхий дээр одоо 500 сая гаруй гэрийн муур байдаг ба энэ тоо өдөр ирэх тусам өссөөр байна. Манай арга хэмжээ Монголд амьтанд хайртай хүмүүс хэр олон байгааг харууллаа. "Дүү нараа" халамжлах нь хүний үүрэг бөгөөд үүний үр дүнд дэлхий илүү энэрэнгүй, зохицолтой болдог.
Өнөөдөр бидний олж харснаар, муур нь гэр бүл, улс орнуудыг нэгтгэнэ, гэрт эерэг дулаан уур амьсгал бүрдүүлдэг, хүүхэд, насанд хүрэгчдэд хайр халамж, хүмүүнлэг чанарыг төлөвшүүлдэг. Арга хэмжээнд оролцогчдын түүхүүд үүнийг илтгэн харууллаа" гэж хэлжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл