“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Aдмин / Эдийн засаг

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгийн нэг нь “Менторшип” хөтөлбөр юм. 2022 оноос эхлэн 4 дэх жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөрт Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд хөгжиж буй бизнесүүдийн ментороор ажиллан, туршлага мэдлэгээ хуваалцаж, зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн сургалтуудыг явуулахаас гадна банкны зүгээс хүний нөөцийн менежментээ хэрхэн зөв удирдах, санхүү, хөрөнгө оруулалтаа хэрхэн оновчтой хийх талаар сургалт, зөвлөгөөг үзүүлдэг билээ.

Энэ жилийн хөтөлбөрт нийт 300 гаруй байгууллага хүсэлтээ ирүүлснээс шаардлага хангасан 100 ААН-ийг сонгон хөтөлбөрт хамруулахаар боллоо.

Өмнөх жил тус хөтөлбөрт 60 гаруй байгууллагыг хамруулж байсан бол энэ удаагийн хөтөлбөрийг илүү хүртээмжтэй болгож, илүү олон бизнесүүдийг дэмжих зорилгоор оролцогчдын тоог ийнхүү нэмэгдүүллээ.

Эдгээр байгууллагаас 10 байгууллага нь тусгай зөвлөх үйлчилгээнд хамрагдах бөгөөд энэ үйлчилгээний онцлог нь тухайн компанид тохирсон туршлагатай ментортой ажиллахаас гадна хөтөлбөрт менежментийн багаараа оролцдог давуу талтай. Ингэснээр багийн гишүүн нэг бүр ижил зорилго, алсын хараанд төвлөрч ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Харин үлдсэн 90 байгууллага нь танхимын ангиар зөвлөх үйлчилгээнд хамрагдах бөгөөд энэ ангид санхүүгийн шийдвэрээ хэрхэн зөв гаргах, бизнесийн жижиг, дунд түвшинд ямар, ямар давуу талууд байх, бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх боломжтой талаар анхан шатнаас нь эхлэн илүү цэгцтэй, зөв дараалалтай сургалтуудыг зохион байгуулах болно.

Менторшип хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудын хувьд борлуулалтын орлогоо нэмэгдүүлсэн, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн, хүний нөөцийн чадавхаа сайжруулсан зэрэг олон эерэг үр дүнгүүдийг энэ 4 жилийн хугацаанд гаргасан юм. Энэ удаагийн Менторшип хөтөлбөрт шалгарсан байгууллагууд маань ч эерэг өөрчлөлтийг үзүүлж, амжилттай оролцоно гэдэг илтгэлтэй байна.

“Менторшип-2025” хөтөлбөрт шалгарсан 100 байгууллагатаа амжилт хүсье!