Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа

Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд "онцлох" шинэчлэл хийж, "Монголын төмөр зам" ТӨХК “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ албан ёсоор хүлээн авав. Энэ нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа 2014 онд дуусан, хадгалж байсан 2ТЭ116-2001 загварын зүтгүүр юм.
БНХАУ-ын болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн инженер, техникийн ажилчид нэг жилийн хугацаанд хамтран иж бүрэн шинэчилж, орчин үеийн хосолсон хөдөлгүүрийн системээр тоноглосон байна.
Тус зүтгүүр 440 Kв чадалтай 2 ширхэг батарей хөдөлгүүр, 400 Kв чадалтай 2 ширхэг дизель хөдөлгүүрээс бүрдэж, нийт 1680 Kв чадлыг гаргадаг. Дизель хөдөлгүүрийг нь ашиглахгүйгээр батарей хөдөлгүүрээр бүрэн ажиллах боломжтойгоороо онцлогтой аж.
“Монголын төмөр зам” компаниас "Шинэчилсэн “ECO” зүтгүүр түлш зарцуулалтыг 60-70 хувиар багасгахын зэрэгцээ хорт утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй ногоон технологи бөгөөд эдийн засгийн үр ашигтай" гэж мэдээлэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл