Зеленский: Путинтэй хийх дээд хэмжээний уулзалтыг Австри, Швейцарь, эсвэл Туркт зохион байгуулах боломжтой

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай энхийн хэлэлцээ хийх уулзалтыг Унгар, Орос улсад бус, Австри, Швейцарь, эсвэл Туркийн нутаг дэвсгэрт зохион байгуулвал оролцоход бэлэн байна" гэж хэлснийг 2025 оны наймдугаар сарын 20-нд Киев хотод сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр “DW” агентлаг дамжуулжээ.
Тэрбээр "Бид энэ нь шударга гэж үзэж байна. Европчууд ч үүнийг хэлж байсан. Учир нь, уг уулзалт нейтрал Европт явах ёстой. Учир нь, энэ дайн Украинд өрнөж байгаа бөгөөд Европ тив дэх асуудал. Би Швейцарь, Австрид зохион байгуулвал оролцохыг зөвшөөрч байна гэж хэлсэн. Турк НАТО-ийн гишүүн, Европын нэг хэсэг. Бид эсэргүүцэхгүй" гэжээ. Мөн тэрбээр Москвад байж болохгүй" гэж хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч "Будaпештэд уулзалт болно гэвэл амаргүй байна гэж би үзэж байна. Учир нь, Европын бүх улс Украинд энэ дайны үед дэмжлэг үзүүлэх талаар нэгдмэл байр суурьтай байна. Шулуухан хэлэхэд, Будaпешт биднийг дэмжээгүй. Би Ерөнхий сайд Виктор Орбаны улс төр Украины эсрэг байсан гэж хэлэхгүй ч Украинд дэмжлэг үзүүлэхэд хойрго хандсан" гэж нэмж хэлжээ. Мөн тэрбээр Унгар улс Украиныг Европын Холбоонд элсэхийг эсэргүүцэж буйг сануулсан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 22-ныг Путин, Зеленский хоёрын уулзалт болох магадлалтай өдөр гэж нэрлэж байв. Вашингтонд наймдугаар сарын 18-нд хийсэн хэлэлцээний дараа, Европын удирдагчид болон Уайт Хаусын эзэн хоёр орон нийлж Орос Украины Ерөнхийлөгчийн уулзалтад бэлтгэж байгаагаа зарласан ч тов тодорхойгүй үлдээсэн. Германы Канцлер Фридрих Мерц энэ уулзалт ойрын хоёр долоо хоногт явагдах ёстойг онцолсон. Өнөөдрийн байдлаар Москва шууд бэлтгэл хийж эхэлсэн гэх мэдээллийг баталгаажуулаагүй бөгөөд ямар ч хугацаа хэлээгүй байгаа аж.
Зеленский наймдугаар сарын 20-нд Киевт "Одоо Оросын талаас алхам хийх ёстой" гэж хэлжээ. Тэрбээр "Бид 7-10 хоногийн дотор аюулгүй байдлын баталгаа бий эсэхийг тодорхой мэдэхийг хүсч байна. Мөн энэ ойлголтынхоо хүрээнд гурвалсан форматаар уулзалт хийхийг хүсч байна. Энэ бол миний логик. Гэсэн ч Ерөнхийлөгч Трамп эхлээд хоёр талын уулзалт, дараа нь гурван талын уулзалтыг санал болгосон" гэж цохон тэмдэглэжээ.
Зеленский "Би хоёр талын уулзалтад шууд хариу мэдэгдлээ. Бид бэлэн байна. Харин европчууд хэрвээ оросууд бэлэн биш байвал яах вэ гэсэн асуудал дэвшүүлсэн. Хэрвээ оросууд бэлэн биш бол бид АНУ-аас хүчтэй хариу үзүүлэхийг хүсч байна" гэж онцолсон байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл