ЦЕГ: Герман жуулчныг зодож, дээрэмдсэн хэргийг шалгаж байна

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт наймдугаар сарын 20-ны өдөр “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Герман улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож, дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж, алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан байна.
Шуурхай ажиллагааны явцад гадаад улсын иргэний биед хүч хэрэглэж, заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Иймд цагдаагийн байгууллагаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн Танд гадаад улсын иргэдийг Монгол Улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл