Эмгэнэл: Дарьбайн Жанибек

Дарьбайн Жанибек
(1981-2025)
Бидний эрхэм дотны анд, шилдэг залуу захирал, хамтран зүтгэгч ХААН Банкны Мэдээллийн технологийн тасралтгүй ажиллагааны захирал Д.Жанибек 2025 оны 8-р сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, хамт олон, анд нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Дарьбай овогтой Жанибек нь 1981 онд Улаанбаатар хотод төрж, нийслэлийн 10 жилийн 2-р сургууль, Хан-Уул дээд сургуулийг Хэрэглээний математик, програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр нийт 23 жил ажиллаж хөдөлмөрлөснөөс 20-иод жилийн амьдралаа ХААН Банктай холбож, орон даяар тархсан банкны сүлжээ, системийг тасралтгүй, найдвартай ажиллуулах, цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах ажлыг хариуцан ажилласан, банк санхүүгийн хөгжлийн түүхийн хуудсанд тод мөрөө үлдээсэн эрхэм хүн билээ.
Д.Жанибек захирал нь 2006 оноос ХААН Банкны Мэдээлэл технологийн системийн газарт мэдээллийн сангийн админинстратор, системийн ахлах админинстратор, 2018 оноос Мэдээллийн технологи, програм хангамжийн чанарын газрын захирал, 2019 онд Мэдээллийн технологи, хэрэглэгчийн үйлчилгээний газрын захирал, 2021 оноос Мэдээллийн технологи үндсэн систем, үйлчилгээ удирдлагын газрын захирал, 2024 оноос Мэдээллийн технологийн тасралтгүй ажиллагааны захирлаар дэвшин ажилласан, шилдэг залуу удирдлагын нэг байлаа.
ХААН Банкийг цахим банкаар тэргүүлэгч, өнөөдрийн хүчирхэг, найдвартай, хүн бүрд хүрч үйлчилсэн, үндэсний хэмжээний банк болоход Жанибек захирлын ажлын туршлага ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр банкандаа ажилд орсон цагаас хойш өндөр үр бүтээмжтэй ажиллаж ирснийг бид мэднэ. Тухайлбал, банкны өгөгдлийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг олон улсын туршлага, арга барилаар сайжруулж, банкны үндсэн системийн найдвартай ажиллагааг дараагийн түвшинд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн банкны санхүүгийн дэд програмуудыг хөгжүүлж, төлбөр тооцооны процессийг автоматжуулах чиглэлээр шинэчлэл, сайжруулалтыг багаараа маш амжилттай хийсэн билээ.
2023 онд тэрбээр цахим банкны системийн өндөр найдвартай ажиллагааг сайжруулсан амжилтаараа олон улсын нэр хүндтэй “The Digital Banker Global Retail Banking Innovation Awards” шагнал хүртэж байв. Мөн ХААН Банкны “Алтан од” медаль, “Оны шилдэг ажилтан” хоёр удаа, Мэдээлэл технологийн тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байлаа.
Хамт олондоо Жак хэмээн хүндлэгддэг Жанибек захирал маань эгэл даруу, тусч, нөхөрсөг, хэнийг ч ялгалгүй ижил тэгш, элэгсэг харилцаатай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, мэргэжлийн чиглэлийн нарийн түвэгтэй асуудлыг ойлгомжтойгоор уйгагүй тайлбарлаж өгдөг, залуу үеийнхэнд үлгэр дуурайл болсон, бидний хайртай ажилтан, дүү, ах, найз, шилдэг ментор, удирдагч байв.
Жанибек захиралтай мөр зэрэгцэн ажиллаж байсан үе үеийн ажилтнууд, мэдээллийн технологийн багийн олон зуун залуус түүний эхлүүлсэн үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж, түүгээр бахархан үргэлж хүндэтгэн дурсан санах болно. Түүний хөдөлмөрч, хичээнгүй, үнэнч шударга, тууштай зарчимч, оюунлаг эрхэм нандин зан чанар, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр та бидний зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд ХААН Банкны хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
ХААН Банкны Гүйцэтгэх удирдлагын хороо, нийт хамт олон
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.53] 2025-08-25 20:52:53
Haramsaltai, Um ma ni bad mi hum