ABU ROBOCON 2025 ULAANBAATAR: Дэлхийн 13 улсын 14 баг өрсөлдөж байна

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт “Аса Арена” цогцолборт болов. Тус тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцож байна.

“Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулж буй тэмцээнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, зохион бүтээгч залуус, шүүгч, багш, дасгалжуулагч нарт амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр энэ тэмцээн эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэмцээнд оюутан залуусын бүтээсэн роботууд сагсан бөмбөгөөр өрсөлдөх хэдий ч энэ нь техникийн өрсөлдөөн төдий бус, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, эв нэгдэл, андлал нөхөрлөлийг дэмжин хөгжүүлдэг олон улсын нэр хүндтэй талбар гэдгийг тэмдэглэв.

Энэ жил Монгол Улс зохион байгуулагчийн хувьд давуу эрхтэйгээр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” гэсэн хоёр багаа оролцуулж байгаа юм.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд манай улсаас хоёр, Япон, Вьетнам, Хонконгоос тус бүр нэг, талбайн шүүгчээр Монголоос 10, Япон, Хонконгоос тус бүр нэг хүн ажиллаж байна.

Багуудын зохиосон роботууд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаярын боловсруулсан сагсан бөмбөгийн дүрмийн дагуу өрсөлдөж, шалгарсан хоёр баг Олон улсын тэмцээнд орох эрхээ авсан юм.

“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийг МҮОНРТ, Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком” корпорац, “Аса Арена”, Z.Com, MindTech, KSJ зэрэг байгууллага, аж ахуйн нэгж ивээн тэтгэжээ.

Тэмцээн ирэх мягмар гарагт өндөрлөх бөгөөд нийтэд үнэ төлбөргүй.

2019 онд манай улс энэ тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахад багууд байгаль, үүх түүх, өв соёл, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр болох шуудан холбооны үндэс суурь “Өртөө”, дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ”-г сурталчлан таниулж, анх удаа дөрвөн хөлтэй робот зохион оролцож байв.

Японд үүссэн энэхүү тэмцээн анх тус улсын нэрэмжит байсан ч Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-гоор дамжин Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ. Ирэх жилийн тэмцээн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод болох юм.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.